Япон улсад үргэлжилж буй түүхэн халууны давалгааны улмаас Токио хотын Тама амьтны хүрээлэнд гурван эм арслан үхсэн талаар тус хүрээлэнгийн удирдлага мэдээллээ. Урьдчилсан дүгнэлтээр арслангууд хэт халуунаас үүдэлтэй шингэний дутагдал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдалд орсон байж болзошгүй байна.
Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр долоодугаар сарын дунд үеэс Токио хотод агаарын температур огцом нэмэгдсэний дараа нийт 16 арслангийн ихэнх нь хоолны дуршил буурч, сульдах шинж тэмдэг үзүүлжээ. Зарим амьтны биеийн байдал сайжирсан ч 3, 11, 15 настай гурван эм арсланг аварч чадсангүй. Тэд бүгд тус хүрээлэнд төрж өссөн амьтад байжээ.
Арслангийн үзвэр болон “Lion Bus” аяллыг долоодугаар сарын 23-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, үлдсэн арслангуудад ус шүрших, судсаар шингэн сэлбэх зэрэг эрчимт эмчилгээ хийж байгаа аж. Амьтны хүрээлэнгийн удирдлага халуун, чийг ихтэй Японы уур амьсгал нь хуурай бүсэд амьдардаг арслангуудад илүү хүндээр нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Япон болон Солонгосын хойгт энэ зун бүртгэгдсэн түүхэн халууны давалгааны улмаас Японд нэг долоо хоногийн дотор 18 мянга гаруй хүн халууны цочролын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн байгалийн хэт халалт хүнээс гадна зэрлэг болон аж ахуйн амьтдад ноцтой нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
| Хэт халууны улмаас Токиогийн амьтны хүрээлэнд гурван арслан үхжээ | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.