Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг /2026.08.05/ Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлаар хуралджээ.
Ардчилсан намын бүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа, хамгийн олон өргөдөл гомдол ирдэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрийн удирдлагад нь хууль эрхзүйн хүрээнд ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулав.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хаяглаж ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол бүгд системд бүртгэгддэг. Тэгэхээр аль нэгэн байгууллагын дарга, албан хаагч иргэдийн өргөдөл, гомдлыг дарах, мартах гэх асуудал байхгүй. Нийт өргөдөл, гомдлын 61 хувь нь иргэдийн хүсэлтийн дагуу, 31.7 хувийг хуулийн дагуу татгалзаж шийдвэрлэсэн. Харин 0.1 хувийг тодорхойгүй байдлаар хаасан байгаа юм. Байгууллагаар нь ангилбал, 2026 оны эхний хагас жилийн байдлаар Тээврийн цагдаагийн алба, Хяналт шалгалтын газар, ОСНААУГ, Цахилгаан дамжуулах, Боловсролын газар, Захирагчийн Ажлын алба, Тавантолгой түлш зэрэг газарт хамгийн олон өргөдөл, гомдол ирсэн байна.
Өнгөрсөн хоёр жилд нийт 18 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 157 албан хаагчид байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцсон” гэсэн мэдээлэл өглөө.
Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулж, өнөөдрийн байдлаар задгай нүүрстэйгээ нийлээд 40.4 мянган тонн нөөцтэй байна. Ирэх өвлийн халаалтын улиралд 80 мянган тонн нүүрс нөөцөлнө гэж төлөвлөсөн. Борлуулалтын 435 цэгээр 427 мянган тонн түлш худалдаанд нийлүүлнэ гэв.
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, төлөөлөгч Т.Батцогт, дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хангахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолсон юм.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-аас Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай хоёр тогтоолын төслийг танилцуулж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар мэдээлэл авлаа.
Ардчилсан намын бүлгийн хурлаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай, нийслэлийн өмчтэй холбоотой зарим асуудлууд, тогтоол хүчингүй болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.
| Өвлийн халаалтын улиралд 80 мянган тонн нүүрс нөөцөлнө гэж төлөвлөжээ | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.