
Дуут дохио байрлуулснаар харааны бэрхшээлтэй иргэд гарцаар аюулгүй гарч байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран 2016 оны зургаадугаар сараас 2020 оны тавдугаар сарыг дуустал Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд тусгай хэрэгцээт иргэдэд барилга байгууламж, зам хүртээмжтэй байгаа эсэхийг үнэлэх мэргэжилтэн бэлтгэж, зам барилгын холбогдох мэргэжилтнүүдэд сургалт явуулжээ.
Тухайлбал, өнгөрсөн жил Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Сүхбаатарын талбай, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг таван бүсэд харааны бэрхшээлтэй иргэдийг автозамын гарцаар саадгүй гарах боломж олгож, дуут дохио байршуулжээ. Өмнө нь харааны бэрхшээлтэй иргэд гарцаар гарахдаа хэн нэгнээр туслуулах шаардлагатай байсан бол дуут дохионы тусламжтай аюул, осолгүй гарцаар гарах боломжтой болсон. Мөн автобуснууд зогсоолуудыг зарладаг болсноор харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчихдоо буруу газар буух, зогсоол андуурах асуудал арилж байгаа юм.
Саадгүй байдал хүртээмжийн тухай хууль боловсруулагдаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний холбоо Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад өнгөрсөн хоёрдугаар сард хүлээлгэн өгсөн.
Тус хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцоход учирч буй саадыг арилгах болон тэдэнд дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй орчныг бий болгох зорилгоор боловсруулсан юм. Энэ утгаараа хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бүрэн тусаагүй хэмээн үзэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний саадгүй хүртээмжтэй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууц, нийтийн зориулалтын барилга байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, технологи, үйлчилгээний хүртээмж, саадгүй байдлыг бүрдүүлэх тухай асуудлыг нарийвчлан оруулсан аж.
Дээрх хуулийн төслийн эхний хувилбарыг хүлээж авснаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төсөлд тавигдах шаардлагад нийцүүлэх, боловсронгуй болгох, холбогдох газруудаас санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх зэрэг ажил хийгджээ. Одоогоор Барилга, хот байгуулалтын яамтай хамтран нэмэлт боловсруулалт хийгдэж байна.
.Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль батлагдсанаар шинэ барилга байгууламжууд ХБИ-д ээлтэй болно | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.