Шууд Chart

Санал авах байр “COVID-19” вирусээс сэргийлэх зөвлөмжийг ягштал баримталж байна

2020-06-24 16:44:24

Монгол Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр 07:00 цагаас улс орон даяар эхэлсэн. . Тус хэсгийн хорооны санал авах байр зохион байгуулалт сайнаас гадна “COVID-19” вирусээс сэргийлэх зөвлөмжийг ягштал баримталж байна. Мөн сонгогч нар сонгуульдаа идэвхтэй оролцож байгаагаас гадна олон сонгогч үндэсний хувцсаар гоёж саналаа өгч байв.

САНАЛ АВАХ БАЙРТ 15 МИНУТ ТУТАМД АГААР СЭЛГЭЖ, ХОЁР ЦАГ ТУТАМД ХАТУУ ГАДАРГУУГ АРИУТГАЛЫН БОДИСООР ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

26 дугаар тойргийн 41 дүгээр хэсгийн хорооны дарга О.Мөнхзаяа

Санал хураах үйл ажиллагааны талаар  Баянгол дүүргийн 26 дугаар тойргийн 41 дүгээр хэсгийн хорооны дарга О.Мөнхзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийтдээ манай хэсгийн хороонд 1350 сонгогч санал өгөх байгаа. 15:05 цагийн байдлаар нийт 464 хүн саналаа өгөөд байна. 60.88 хувь нь хараахан ирээгүй байна гэсэн үг. Санал өгсөн хүмүүсийг хүйсээр нь ангилан үзвэл эрэгтэй 191, эмэгтэй 273. Насны хувьд нь авч үзвэл 18-25 насны 41, 26-40 насны 176, 41-55 насны 154 хүн, 56 дээш насны 94 хүн сонгуульдаа оролцож саналаа өгчээ. Тэгэхээр манай хэсгийн хороон дээр 18-25 насны сонгогчдын идэвх муу, бага хувьтай байна гэж харагдаж байна. Харин 26-40 насныхан маш идэвхтэй сонгуульдаа оролцож саналаа өгч байгаа дүр зураг гарч байна.

Өглөө санал хураах үйл ажиллагаа нээгдсэнээс хойш сонгогч нар тасралтгүй саналаа өгч байгаа. Зохион байгуулалтын хувьд “COVID-19” вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу тойргийн хорооноос сонгуулийн санал авах бүх байрт мэргэжлийн ариутгалын байгууллагаар ариутгал хийлгэсэн. Үүнээс гадна хоёр үйлчилгээний ажилтан томилогдож 15 минут тутамд агаар сэлгэж, хоёр цаг тутамд хатуу гадаргууг ариутгалын бодистой усаар цэвэрлэж, арчиж байгаа. Мөн Дүүргийн эрүүл мэндийн газрын эмч, хэсгийн хороод дотроос томилогдсон хүмүүс, сонгогч нарын халууныг хэмжиж, гарыг нь ариутгасны ард амны хаалт, нэг удаагийн бээлий зүүлгэж санал авах байрт оруулж байгаа”.

Тус хэсгийн хороонд саналаа өгсөн сонгогчдын сэтгэгдлийг сонслоо.

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАСТАЙГАА СОНГУУЛЬДАА ОРОЛЦОХООР ШИЙДСЭН

Иргэн С.Номуунаа

Иргэн С.Номуунаа “Би 23 настай анх удаа УИХ-ын сонгуульд оролцож саналаа өглөө. Сэтгэгдэл маш өндөр байна, хариуцлагатай мэдрэмж төрч байна. Сонгуулийн өмнө сошиалаар “Youthquake2020”, “Дээлтэй саналаа өглөө” нэртэй залуусын давлагаа өрнөсөн. Би мөн энэ давлагаанд нэгдэж, төрийн түшээдээ сонгохдоо хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцастайгаа сонгуульдаа оролцохоор шийдсэн. Мөн залуучууд сонгуульа идэвхтэй өгвөл сонгуулийн ирцмаш ихээр нэмэгдэх юм билээ”.

НЭР ДЭВШИГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭН НЬ ХАРИУЦЛАГАТАЙ, ЧАНАРТАЙ СОНГОЛТ ХИЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Иргэн С.Эрдэнэмандах “Энэ жилийн Улсын Их хурлын сонгууль маш онцлог болж байна гэж харж байгаа. Залуус ч бие биенээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг сошиалаар уриалсан. Тэр хэрээр идэвх сайн байгаа байх. Би 2012 онд сонгуулийн насанд хүрснээсээ хойш сонгууль бүрт идэвхтэй оролцож, эрхээ эдэлж саналаа өгсөн. Улсын Их хурлын сонгуульд гурав дахь удаагаа саналаа өглөө.

Үүнээс гадна энэ жил том тойргоор зохион байгуулагдаж байгаа, нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн нь хариуцлагатай, чанартай сонголт хийх нөхцөлийг бүрдүүлж байна гэж бодож байна”.

1996 ОНООС ХОЙШ УЛСТӨРИЙН ЭРХЭЭ ЭДЭЛЖ, ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Иргэн Л.Нарандэлгэр

Иргэн Л.Нарандэлгэр “Миний хувьд 1996 оноос хойш улстөрийн эрхээ эдэлж, иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа. Энэ удаагийн сонгуулийн байр байдлыг харахад залуучууд бие биенээ уриалж, давлагаа үүсгэж оролцож байгаа нь маш таатай санагдлаа.

Мөн манай сонгуулийн хэсгийн хороо “COVID-19”-тэй холбоотой Улсын онцгой комиссоос анхааруулж, гаргасан дүрэм журмын дагуу хүн хоорондын барих зай, ариутгалыг маш сайн биелүүлж байна. Сонгогч нарыг гар ариутгагч, нэг удаагийн амны хаалт, бээлий зэргээр маш сайн хангаж ажиллаж байгаа нь харагдлаа.

Нийт сонгогч нарыг сонгуулийн санал хураах үйл ажиллагаа дуусахаас өмнө үлдсэн цаг хугацаанд сонгуульдаа идэвхтэй оролцож, улстөрийн сонгох эрхээ эдлээрэй гэж уриалж байна”.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Санал авах байр “COVID-19” вирусээс сэргийлэх зөвлөмжийг ягштал баримталж байна  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй