
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны том бүтээн байгуулалт
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” хүүхдийн баярын босгон дээр буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байдаг. Үүнээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл тус төв 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой бөгөөд тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой. Нарийн багажийн шинжилгээ, оношилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах юм. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт болсон.
Тус төвийн нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлж, хөгжлийг бүтээгч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллана хэмээгээд энэ жил зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, мөн нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг онцолсон.
Зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний хөгжлийн төв барина
Тэгвэл ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Ерөнхий сайдын дурдсан
Харин барилгын ажлыг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг төвүүд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй төстэй үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ төрлийн үйлчилгээг орон нутагт илүү ойртуулж байгаа аж. Тиймээс зөвхөн тусгай хэрэгцээт хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид ч заавал нийслэлийг зорихгүйгээр орон нутагтаа үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Тус төвүүдийг ирэх оны сүүлийн хагас жилд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.Тусгай хэрэгцээт иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэх боловсон хүчин бэлтгэнэ
Үүнээс гадна тусгай хэрэгцээт иргэнд сэргээн засах бүхий л үйлчилгээг үзүүлэх хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч, хараа зүйч зэрэг боловсон хүчин манай улсад хангалттай тооны биш байгаа аж. Хэдий АШУҮИС-д хөдөлгөөн, хөдөлмөр засалч бэлтгэж байгаа ч гэсэн элсэлтийн тоо цөөхөн байгаа юм. Ялангуяа орон нутагт хангалттай тооны биш байгаа учир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Энэ сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж, орон нутагт суурьшуулах арга хэмжээг давхар авах аж. Мөн тухайн орон нутагт ажиллаж байсан, ажиллах хүсэл сонирхолтой сувилагч, багш зэрэг мэргэжилтнийг дараагийн шатны мэргэжлийн сургалтуудад хамруулснаар орон нутагт ажиллуулах чиглэл баримталж байна.
Ташрамд дуулгахад, АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр барих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Тус төв ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй тусгай хэрэгцээт иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, ажлын байранд дадлагажуулах, мэргэшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудад хамруулах, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дадлага хийх, ажил олгогчдод тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар зөв ойлголт олгох зэрэг цогц үйлчилгээ үзүүлнэ.
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан бүтээн байгуулалтууд орон нутгуудад баригдана | ||
Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.