
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анурагаас зарим асуултад хариулт авлаа.
-Экологийн Цагдаагийн албанаас дотоодын аялагчдад чиглэсэн ямар нөлөөллийн ажлыг хийж байгаа вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран долоодугаар сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 28-ний өдрийн хооронд дотоодын аялагчдад чиглэсэн “Ирлээ Явлаа Цэвэр” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Иргэдийг байгаль орчинд ээлтэй хог хаягдалгүй аялахад уриалсан контентуудыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнүүдээр түгээх, Улаанбаатар хотоос гарах болон аймаг руу орох постуудад “Аяллын дүрэм” түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлэх, Иргэд олон нийтийн байгаль хамгаалах үйлсэд оруулах оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг системтэйгээр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна.
-Өнөөдрийн тухайд баяр наадмын өдрүүдэд наадамчин олонд чиглэсэн ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
-Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн зам дагуу “Unitel” групптэй хамтран аяллын дүрмийг олон нийтэд түгээж мөн байгальд ээлтэй цэвэрхэн аялахыг уриалан хогийн уут, халаасны уутыг мөн тарааж ажиллаж байна. Олон улсын хэмжээнд аяллын бүс нутгуудад тусгайлсан аяллын дүрмийг боловсруулан чанд мөрдөхийг шаарддаг. Энэ жишгээр манай улсын дотоодын аялагчдын хувьд байгальд ээлтэй аяллын дүрмийг биелүүлэх мөрдөх нэн тэргүүний шаардлага бий. Ихэвчлэн ил задгай хогоо байгальд хаясан, гол ус бохирдуулсан, ил галын улмаас ой хээрийн түймэр дэгдээсэн зэрэг зөрчлүүд олонтаа гардаг. Иймээс Экологийн цагдаагийн албанаас Аяллын 10 алтан дүрмийг зөвлөмж болгон гаргаад байна.
-Дотоодын аялагчдын судалгаа мэдээлэл бий юу. Гол төлөв хог хаягдал их гаргаж хөрсийг бохирдуулдаг нийтлэг бүдүүлэг хандлага бий?
Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэ зуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд л гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ. Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлдвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг хорлоно гэсэн үг.
Тиймээс хэрэглэсэн хогоо байгальд үлдээгээд явдаггүй соёлд суралцахаас гадна нэг удаагийн аяга, таваг хэрэглэхээс татгалзах зэргээр аль болох хог бага “үйлдвэрлэх” ухаанд суралцах шаардлагатай байна. Өдөр тутамдаа ахуйн хог хаягдлаа багасгаж, эх үүсвэр дээр нь бууруулж байж бид хог хаягдлыг багасгаж, байгальд хөнөөл учруулалгүйгээр аялж, зугаалж чадна.






Б.Анура: Баяр наадмын өдрүүдэд байгальд ээлтэй аялаарай | ||
Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.