Шууд Chart

Төрийн албан хаагчид 2014 оныхтой харьцуулахад 48.9 хувиар өндөр цалин авч байна

2020-07-17 17:39:28

Засгийн газар 2019 оны 12 дугаар 25-ны хуралдаанаараа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж төрийн алба хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх шийдвэр гаргаснаар энэ оноос эхлэн төрийн албан хаагчийн цалин 8 хувиар нэмэгдсэн билээ. Мөн дээрх хуралдаанаар төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн буюу төрд алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан олгохоор болсон.

Эргэн сануулахад, төрийн албан хаагчдын 2014 оноос хойш нэмэгдээгүй цалинг нэмэх бодлогыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сүүлийн гурван жил дараалан хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Харин 2018, 2019 онд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан тус бүр 8 орчим хувиар нэмэгдүүлж, мөн ажлын байрны нөхцөлөөс хамааруулан төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчилсэн. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг дахин 8 хувиар нэмсэн юм.

Ингэснээр 2014 оны түвшинээс багш нарын цалин хөлс 58 хүртэл хувиар, эмч, сувилагч нарын цалин хөлс 76 орчим хувиар, бусад төрийн албан хаагчийн цалин 26 орчим хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019, 2020 онд нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах, удаан жилийн нэмэгдэл олгох,  урамшуулал олгох зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлснээр Мөн Боловсрол, эрүүл мэндийн салбарт 2018 онд хийгдсэн ажлын байрны үнэлгээг үндэслэн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчилж  төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг 1-2 шатаар ахиулсан. Энэ арга хэмжээний үр дүнд  сувилагч, бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 20-30 хувь, соёл, урлагийн салбарт ажиллагсдын цалин 14-32 хувиар нэмэгдсэн юм.

Үүнээс гадна Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний ээлжит хуралдаанаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн зэрэг нэмэгдэл энэ жилээс олгогддог болох боломж бүрдсэн.

Тодруулбал, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болсон. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгогдохоор болсон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн албан хаагчид 2014 оныхтой харьцуулахад 48.9 хувиар өндөр цалин авч байна  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй