Шууд Chart

С.Эрхэмбаяр: Хар хурдаараа гүйсээр өмнөөс нь сэлж амдаж авсан

2020-07-20 15:39:49

Дөрвөн настай бяцхан хүүгийн алтан амийг аюул, ослоос аварсан баатарлаг үйлсийн эзэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн биеийн тамирын офицер, дэслэгч С.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө танд баярлалаа. Танаар мөрдэст нэгт нөхөд тань төдийгүй монголчууд бүгдээрээ бахархаж байна...

-Баярлалаа.

-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-2020 оны долоодугаар сарын 15-ны өдөр би эхнэр, охины хамт Туул голын эрэгт очсон юм. Манай охин Э.Ялгуун төрөөд дөнгөж 10 гаруйхан хонож байсан ба эмч нар агаар, салхинд аль болох гаргаж байгаарай гэсний дагуу эхнэр бид хоёр охиноо тэврээд гол дээр очсон хэрэг л дээ. Тэр үед хүүхдүүд гол дээр тоглож байсан. Эргэн тойронд нь ч том хүмүүс байсан. Тухайн үедээ “Хүүхдүүд яагаад голын гүнзгий хэсэг рүү орчихов, аав, ээж нь харж байгаа байлгүй дээ” гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл “Яанаа, авраарай” гээд эмэгтэй хүн орилохоор нь хартал гол дотор нэг хүү хэд хэд сарвайснаа хөвөөд явчихсан. Тэгэхээр нь хар хурдаараа гүйсээр өмнөөс нь сэлж байгаад амдаж авсан. Одоо бодоход 500 метр гаруй газар гүйчихсэн байна лээ. Хүүг хараад л гүйгээд байсан. Аль болох богино хугацаанд амдаж авахын тулд их л хурдан гүйснээ санаж байна. Үер буучихсан голын урсгал ширүүн байсан болохоор ч тэр үү хүү хурдан хөвж байсан. Эргүүлээр явж байсан байх аа, их хурдан ирсэн. Тэгээд л хөхөрч, цочролд орсон хүүд анхан шатны тусламж үзүүлж, сэргээсэн.

-Ар гэрийнхэн нь баярласнаа илэрхийлсэн байх...

-Тэгэлгүй яах вэ. Хүүгийн ээж нь гээд эмэгтэй уйлаад л баярлалаа гэж байсан. “Танд бид үнэхээр их баярлаж байна” гээд л. Уйлаад л. Хүүг сэргэж, шокноосоо бага зэрэг гарсны дараа гэрт нь хүргэж өгсөн.

-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 2017 оноос хойш биеийн тамирын офицероор алба хааж байна. Хэнтий аймгийн харьяат. Багаасаа л үндэсний бөхөөр хичээллэж яваа. Хэнтий аймгийн сумын наадамд дөрвөн удаа түрүүлсэн, сумын заан цолтой. Зэвсэгт хүчинд алба хааж эхэлснээс хойш ангийнхаа бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний уралдаан тэмцээнд бэлтгэж оролцуулахад түлхүү анхаарч ажиллаж байна. Манай ангийнхны спортын уралдаан, тэмцээнд үзүүлсэн амжилт ч бишгүй бий. Миний ханийг Б.Үнэнсайхан гэдэг, дэд ахлагч цолтой. Мөн л Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаадаг. Харин миний ижий Б.Сэргэлэн Хэнтий аймгийн тавдугаар цэцэрлэгт ажилладаг хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй эмэгтэй бий. Энэ завшаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэр дундаа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлага, хамт олон болон Хэнтий нутгийн ахан дүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Эрхэмбаяр: Хар хурдаараа гүйсээр өмнөөс нь сэлж амдаж авсан  
Үзсэн: 15813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй