Шууд Chart

Д.Идэрмаа: Хүүхдийн мөнгө нэмэгдсэнээр их нэмэр тус болж байна

2020-07-21 17:08:04

Коронавирусийн дэгдэлтийн үед Эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон.Үүний хүрээнд Цар тахлын тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бол Засгийн газар 2020 оны тавдугаар сарын 6-ны ээлжит хуралдаанаараа хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр баталсан. Ингэснээр зорилтот бүлэгт чиглэсэн дөрвөн төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсны нэгдүгээрт, 0-18 насны бүх хүүхдэд 2020 дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг 80 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр  дөрвөн хүүхэдтэй айл энэ хугацаанд сард 400 мянган төгрөгийн дэмжлэг хүртэж байна.

Хоёрдугаарт, Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд төрөөс сар бүр  16 мянган төгрөгийн хүнсний талон олгодог байсан бол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 32 мянган төгрөг болгосон. Уг шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжиж байна.

Түүнчлэн .

Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Айраг сумын иргэн, 1-11 насны дөрвөн хүүхэдтэй ээж, Д.Идэрмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та гэр бүл болон өрхийн орлогынхоо талаар мэдээлэл өгөөч?

-Манайх нэг, дөрөв, арав, арваннэгэн насны дөрвөн хүүхэдтэй. Орон нутагт олон хүүхэдтэй ээж ажиллахад тохиромжтой ажлын байр хомс талдаа байдаг. Заримдаа ажлын байр гардаг ч хөдөө, хээр ажиллах хэрэгтэй болдог. Тиймээс би таарч, тохирох ажил олдохгүй байгаа болохоор гэртээ хүүхдүүдээ хардаг. Нөхрийн цалин, улсаас олгодог хүүхдийн мөнгө, хүнсний талоноос манай өрхийн санхүү бүрддэг.

-“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор танай гэр бүлд сөрөг нөлөөлөл, цочрол гарсан уу?

-Би гэртээ хүүхдүүдээ хардаг болохоор сургууль, цэцэрлэгийн танхимыг хичээлийг зогсоосон нь хүнд тусаагүй. Харин хүүхдүүд заримдаа уурлаж уцаарлаж байгаа нь ажиглагддаг. Мөн халууцаад байна, тээртэй зэргээр амны хаалт зүүхээс татгалзаад байдаг. Ийм нөхцөлд ЭМЯ, багшийнх нь өгсөн зөвлөмж, зөвлөгөөний дагуу аль болох тайван байлгадаг. Заримдаа сургуулийнх нь нийгмийн ажилтантай нь уулзуулж, зөвлөгөө авч байгаа.

-Энэ үед хүүхдийн мөнгөө хэрхэн зарцуулж байна?

-Өмнө нь нэг хүүхдийн 20 мянган төгрөг олгодог байхад хүүхдүүдийнхээ хоол хүнс, хичээлийн хэрэгсэлд зарцуулдаг байсан. Хүүхдийн мөнгө нэмэгдсэнээр хүүхдүүдээ хувцаслах, хичээлийн хоцрогдлыг нь арилгах сургалтын авлага авч өгөх, сургалтад хамруулахад их нэмэр болж байна. Мөн 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн учир нөхөр гар дээрээ хэвийн үеийнхээсээ өндөр цалин авч байгаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Идэрмаа: Хүүхдийн мөнгө нэмэгдсэнээр их нэмэр тус болж байна  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй