
ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнгөрсөн оны есдүгээр сард улсын хэмжээнд 121 оюутан, сурагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэмт хэргийн улмаас 196 оюутан, сурагч хохирч, сургууль, цэцэрлэгийн орчимд 8 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдыг архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “COVID-19”-ийн халдвар тархах эрсдэлтэй цаг үетэй давхцаж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд цагдаагийн байгууллага бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран болзошгүй үед хүүхэд, залуучуудын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гарган, эрсдэлийн үнэлгээ хийж, аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллахаар болсон. Энэ нэгдсэн арга хэмжээ энэ сарын 25-аас есдүгээр сарын 15-ыг хүртэл улсын хэмжээнд үргэлжилнэ. Уг нэгдсэн арга хэмжээнд Цагдаагийн байгууллагатай аймаг, дүүргийн боловсролын хэлтэс, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, ЗТХЯ хамтран ажиллаж байна.
“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, мэдээлэл өгөх “School police”-н үйл ажиллагааг дэмжих, арга зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургуулиудын эцэг эхийн зөвлөлтэй хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цар тахлаас урьдчилан сэргийлж халдвар, маск зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллыг сахиж буй хэсэгт мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих зэрэг ажил хийгдээд явна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын камерын хяналтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, анхааруулах мэдээ мэдээллийг хүргэж ажиллах юм.
Бүх сургууль цэцэрлэг их, бага хэмжээгээр камерын хяналттай болсон. Гэхдээ тэрхүү камерыг тооноос чанарт шилжүүлэх нь чухал асуудал болоод байгаа, чанартай стандартын камерыг тавьж суурилуулахыг цагдаагийн байгууллаас их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөж ажиллана" гэсэн байна.
“Өнгөрсөн оны есдүгээр сард 121 оюутан, сурагч гэмт хэрэгт холбогдон шалгагдсан” | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.