Шууд Chart

Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт PCR лаборатори байгуулна

2020-10-02 09:07:02

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “КОВИД-19”-д урьдчилан бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио тинто” компанийн Монгол дахь салбар болон “Оюу толгой” компаниас 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгожээ. НҮБ-ын Хүн амын сан энэхүү хандивыг Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр хоёр үндсэн чиглэлд зарцуулах юм байна. Нэгдүгээрт, Монгол Улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт PCR буюу Полимеразийн гинжин урвалын дөрвөн лаборатори байгуулна. Хоёрдугаарт, тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Уг “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд дээрх буцалтгүй тусламжийг үзүүлж буй болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох “Рио тинто” компанийн Монгол дахь салбарын захирал Даниел Воралл, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар оролцов.

Төслийн хүрээнд PCR лабораториудыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд байгуулах бөгөөд эдгээр эмнэлэг байна.

Үүнээс гадна төслийн хүрээнд сум, баг, хороодын анхан шатны эрүүл мэндийн төвийн эмч нарыг зайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж, хэрэгслүүд, програм хангамжаар хангана. Мөн анхан шатны эмч нар мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож зааварчилгаа, чиглэл авахад шаардлагатай чадвар олгох сургалтад хамрагдах юм.

Төслийн нээлтийн үеэр “Рио тинто” компанийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажилладаг” гэлээ. Мөн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава “Бүх цаг үед, нэн ялангуяа яг одоо дэлхий дахинаа нүүр тулаад буй цар тахлын үед эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нь нэн чухал. Төслийн хүрээнд нэвтрүүлэх телемедицин үйлчилгээний ачаар жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэд хол зам туулахын оронд гэрээсээ, аль эсвэл анхан шатны эрүүл мэндийн төв дээрээсээ өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг авах боломж нээгдэнэ” гэсэн юм.

Ташрамд дуулгахад, дээрх төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх юм байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар хот болон Өмнөговь, Дорноговь аймагт PCR лаборатори байгуулна  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй