Шууд Chart

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын нэрсийг албан ёсоор зарлалаа

2020-10-05 13:34:17

Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байранд Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Энэ үеэр  үндэсний бөхийн тамирчин Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн.

Мөн Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин гэх бодис илэрсэн гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэхдээ “Энэ жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-руу илгээсэн байсан. Уг лабораторийн хариуг өнгөрсөн есдүгээр сарын 8-нд ирүүлсэн. Уг албан бичигт дурдсанаар үндэсний их баяр наадамд зургаа давсан, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой гурван төрлийн бодис, хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас нэг төрлийн, хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус, тус илэрсэн. Эдгээр бөхөөс допингийн бодис илэрсэн учраас Үндэсний бөхийн салбар хорооны журамд заасны дагуу 10 хоногийн дотор шинжилгээний хариуг гурван бөхөд танилцуулсан. Мөн холбогдох журамд заасны дагуу бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ мэдэгдэх ёстой байдаг. Гурван бөх “А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иймд Монголын үндэсний бөхийн салбар хорооны гишүүд тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох, шинээр олгосон цолыг хурааж авах, мөн зохих цол, чимгийг олгуулах эсэхийг асуудлаар хуралдаж, санал гаргах аж. Уг хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлэх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын нэрсийг албан ёсоор зарлалаа   
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй