Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгавал дараах бөхчүүд цол, чимэг нэмнэ

2020-10-06 09:23:57

Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр мэдэгдэл хийн Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ.

Ийнхүү энэ жилийн улсын их баяр наадмаар зургаан даван Монгол Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Оршихын 4407678 дугаартай шинжилгээний дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн бол зургаан даван чимэг нэмсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай шинжилгээний дээжээс S1.1 бүлгийн норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен, найм даван үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай шинжилгээий дээжээс S4 бүлгийн триметазидин гэх зэрэг хориотой эмийн жагсаалтанд бүртгэгдсэн бодисууд илэрснийг мэдэгдсэн.

Тэд ч өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгавал тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасч, энэ жилийн улсын их баяр наадмаар хүртсэн цол, чимгийг хураах юм.

Тэгвэл улсын аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон дараах бөхчүүд цол нэмнэ.

Тодруулбал,

  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун улсын начин цол,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, улсын харцага цол,
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, улсын заан цол,
  • Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарч цол ахиж, улсын гарьд цол

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон бөхчүүд.

Тодруулбал,

  • Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Эрдэнэхүү чимэг нэмнэ.
  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Ш.Пүрэвгарьд улсын харцага цол.

Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон бөхчүүд.

Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин цол.
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр цол ахиж, улсын харцага цол тус тус хүртэх боломжтой болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгавал дараах бөхчүүд цол, чимэг нэмнэ   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй