Шууд Chart

“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

2020-10-07 05:39:56

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, С.Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан. Гэсэн хэдий ч “КОВИД-19” цар тахлын хөл хорионоос шалтгаалан дээрх шагналыг цаг тухайд нь С.Цэгмидэд гардуулах боломж гараагүй юм. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дээрх нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төвд боллоо.

Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ахлах ажилтан, дэд хурандаа Одбаяр, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим тэргүүтэй албаны эрхэм, ОХУ-ын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев, тус ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, Т.Ч Будаева нар байлцаж, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-т С.Цэгмидэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг С.Цэгмид тухайн үед 19 настайдаа Свердловскийн галын шугамд хуваарилагдан, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тэнд найман өдөр газар доорх нуувчинд байрлан цэргүүдэд тараасан юм. Тухайн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан ахлан 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос хөдөлж, 12 дугаар сарын 5-нд Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан,  цуваа дөрвөн хэсэгт хуваарилагдаж байжээ. Мөн  “Фронт” С.Цэгмид Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд байлцаж, үг хэлж байсан юм.

Ташрамд дуулгахад, ОХУ-ын Төрийн дээд шагнал.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй