
Камбож улс Пном Пенг-ээс Сем Рип хүртэл
--------------------------
Арай л нар жаргахаас өмнө Камбожийн нутаг руу орлоо. Хил орчимдоо эдийн засгийн чөлөөт бүстэй юм уу? Дөнгөж хилийн хажууд хэд хэдэн томоохон казино харагдаж байна.
Саяхан бие биетэйгээ алалцаж, улаан Кхмерүүдийн дарамтан дор Пол Потын дарангуйлал дор байсан энэ улс бидний аялалын хамгийн сэтгэл зовоосон нэг үгээр бол айдастай зам байлаа. Тэгэхдээ хил гараад харсан анхны сэтгэгдлүүд энэхүү түгшүүрийг минь жаахан ч гэсэн багасгасан юм.
Хилийн цаана байрлах нэг хоолны газарт орж хоол идлээ. Вьетнам мөнгөөр тооцоо хийж болдог юм билээ. Орчин нь энэ бүсд харьцангуй цэвэрхэн байсан боловч бид хоёрын сонгосон тахианы махтай хуурганы бараг 70 хувь нь яс байсан нь жаахан харамсалтай хэ хэ. Тэгэхдээ дажгүй ээ хөөрхөн өл дараад л авч байгаа юм.
Хоолоо гялс идчихээд ойр орчимд нь хэдхэн зураг авч амжлаа.
Тэгээд унтсан шигээ явж байтал гэнэт л автобусны эргэн тойронд хүмүүс чанга чанга хашгиралдаад ирэхээр нь сэрээд хартал бид автобустайгаа нэг том усан онгоцруу гарах гэж байгаа харагдана.
Алдарт Миконг мөрнийг гатлагч онгоцоор туулдаг ажээ. Мотоциклтой, машинтай, том тэрэгтэй, автобустай, явган бүх хүмүүс нэг том завин дээр.
Жолоочоос наана цаана гэж дохисоор бууж хэдэн зураг буулгав. Өмнө нь Монголдоо Сэлэнгэ мөрнийг бирваазаар туулж байсанг бодвол эдний гатлагч онгоц харьцангуй том юм даа.
Пном Пенг хотд шөнө очсон тул нэгэн тур орпператорын оффис дээр буугаад Камбожийн скаутын холбооны гадаад харилцааны дарга найзруугаа ярьлаа. Өмнө нь мэйл бичиж танилцсан байсан тул хашир “наанаа байж бай, би очлоо” гэлээ. Тэгээд энд тэндгүй эргэлдэн нисч, хөх Монголын хүчирхэг цусыг сорох гэсэн шумуулнуудтай дайтаж байтал Tuon Siphann найз ч хүрээд ирлээ. Хүүгээрээ жолоо бариулаад ирсэн байна.
Тэгэд ярилцсаны эцэст шөнөдөө Сейм Рип /Siem Reap/ явах нь зүйтэй юм байна гэж шийдлээ. Учир нь Камбожийн бүх хүн тээврийг нэг л компани хийдэг бөгөөд байнга бус өдөрт тодорхой цагт цөөхөн унаа явдаг юм байна. Тиймээс өдөр алдарт Анкар Ватыг үзэхийн тулд шөнө унтлагын автобусаар газар дөхөх нь үүргэвчтэй аялагч бидэнд хамгийн сайн сонголт тул тасалбар авлаа /нэг хүний тасалбар ойролцоогоор 8 доллар/. Ингээд автобус хөдлөхөөс өмнө Камбожийн нийслэл Пном Пенг хоттой танилцах аялал хийхээр найзын машинаар хөдөллөө. Эзэн хааны ордон, Эзэн хааны цогцолбор, тусгаар тогтнолын талбай гэх мэт хэд хэдэн сонирхолтой барилга байгууламж, хөшөө дурсгалыг бараг л явуут дундаа үзэв.
Мөн хашир туршлагатай аялагч гэхэд ичмээр нэг явдал болсон нь аппаратны цэнэг дуусан зарим нэг сайхан зүйлсийн зургийг авч чадаагүй юм. Уучлаарай. /90 градус тонгойн ёслов ккк/
Камбожийн нийслэл харьцангуй УБ-ыг минь санагдуулж байлаа. Учир нь бүх хаяг нь Камбож болон Англи хэлээр нэг бол дан Англиар бичигдсэн байгаа нь яг л манайх даа хэ хэ. Машин тэрэг тийм их биш байх. Тэгээд ч орой болсон тул хөл хөдөлгөөн нилээн татарсан бололтой их л эл хуль мэт санагдаж байв.
Билгийн тооллын битүүний өдөр юм чинь бас өлсөж цангаж яваад юүкэв хэмээн найзаараа даалган сайн шиг идэж авлаа хэ хэ. Уг нь бид хоёр Камбож үндэсний хоол идэе гэсэн боловч нилээн зайтай тул хэдүүлээ цаг хэмнээд ойрхон хооллоё гээд нэг Хятад хоолны газар орж сайхан битүүлэв ккк.
Камбож үндэсний шөл гээд бараг л Сумочдын иддэг шөлөрхүү тийм ногоо ихтэй сайхан өтгөвтөр шөл уусан. Таалагдсан.
Тэгж байтал автобусны компаниас ярьж унаа хөдлөх гэж байгааг сануулсан тул хурдхан очиж автобусандаа суугаад /суухаас өмнө Орос улсд их сургуулиа төгссөн Камбож найздаа энэ холоос хэрэг болгон авч очсон Архиа өгсөн/ зорьж гарсан Анкар Ватын зүг хөлгийн жолоог заллаа. Замдаа сайхан унтаад л явсан кк
Өглөө Сейм Рип хотд буугаад хотын төв хүртэл нилээд алхаад ер нь ингэж байхаар шууд Анкар Ват ороё хэмээн Түк Түк хөлсөллөө. Бид нараас 5 доллар авсан. Уг нь бол 3 доллараар л хүргэдэг юм билээ. Энэ хотд бараг бүх зүйл доллараар яригдана. Бас Вьетнам мөнгийг ч тооцоонд оруулж болно. Сайхан хотоо ккк
Хоногийн, 3 хоногийн, 7 хоногийн гэх мэт олон сонголттой тасалбар байдаг юм билээ. Бид хоёр нэг удаагийн тасалбар авлаа. ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй мундаг газар тул энэ тасалбар нь хүний 20 доллар байлаа. Дээр нь зургийг чинь хэвлээд өгчих тул дараа нь хүн амьтанд би очсон, очоогүй гэх маргаан байхгүй амар ккк.
За тэгээд бүтэн өдрийн гайхалтай үзвэр, аялал хүлээж байгаа тул дөнгөж нээж байгаа зоогийн газруудын нэгэнд орж өглөөний цагаа уулаа. Өглөөний цай уухаас өмнө Морь жилийн анхны нараа харсан. Их сайхан өдөр байсан шүү. Камбожуудын хувьд цагаан сар хамаагүй юм байлгүй тийм баярын наасчир байхгүй байлаа.
Шинийн нэгний өглөөний цайгаа Анкар Ватыг харсан шиг ууна гэдэг нь энэ жил биднийг илүү олон сонирхолтой аялалууд хүлээж байгааг илчлэх мэт санагдаж байсан юм шүү.
Жаахан хүч орж аваад л хоёулаа нэг нэг том үүргэвчээ үүрээд Анкар ватын хүнд чулуун шатан дээр хөл тавьцгаалаа.
Илүү сонирхолтойг зурагнаас үзээрэй.
Дараагийн тэмдэглэлд Алдарт Анкар Ватаар хэрхэн аялаж, юу үзэж болох тухай өгүүлнэ.
Хүннү Эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т























Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №13 | ||
Үзсэн: 4628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.