
Өвлийн тэргүүн сарын 25 буюу хоёрдугаар ялгуусан Богд ламын зулын 25-ны дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр цаст төвдийн мэргэдийн оройн чимэг болсон Богд Зонхава ламын их дүйчэн өдөр хэмээн их хөлгөний шашинт орнууд жил бүр тэмдэглэн буянд шамдан, хилэнцийг тэвчин өнгөрөөх бөгөөд эл өдөр үйлдсэн аливаа буяны үйл нь хэдэн бумаар арвижих ач тустай хэмээн үздэг.
Тиймээс хэн бүхэн буяныг хотлоор хураан хилэнц нүгэл нэгийг ч үйлдэлгүй буянд шамдан өнгөрүүлээрэй.
Аливаа буян үйлдэхийн урд та буянаа зөв зүйлд зоригдон үйлдэхийн тухайд амьтан бүгдийг зовлонгоос нь ангижруулж бурханы хутагт хүргэхийн тулд би өөрөө бурханы хутагт хүрье. Түүний тулд би буянд шамдан, бие хэл сэтгэлийн нүгэл хилэнцийг тэвчье хэмээн зөв зоригдлийг үүсгэн буянаа хурааж, хилэнцийг тэвчээрэй.
Бие, хэл, сэтгэлийн 10 хар нүгэл гэдэг нь:
1.Амь таслах
2.Өгөөгүйг авах
3.Буруу хурьцал зэрэг биеээр үйлдэх 3.
4.Дэмий чалчих
5.Хов зөөх
6.Ширүүн үг хэлэх
7.Худал хэлэх зэрэг хэлээр үйлдэх 4.
8.Хорлох сэтгэл
9.Хомхой сэтгэл
10.Буруу үзэл. (Чухаг дээд гурван эрдэнэ, үйлийн үр, хойт нас зэрэг байхгүй гэх мэт)
Эдгээр 10 хар нүглийг тэвчих 10 цагаан буян болно хэмээн үздэг. Эцэст нь тухайн хураасан буянаа ертөнцийн түр зуурын эд баялаг, хоол унд, хувцас хунар зэрэг хэсэгхэн хугацаанд хэрэглээд барагдах зүйлд зориулагдан шамшаагдуулахгүйн тулд уг хураасан буянаа амьтан бүгдийн тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутаг бүтэхийн угт зориулаарай хэмээжээ.
Хоёрдугаар ялгуусан Богд ламын зулын 25-ны дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.