Шууд Chart

Мьянмараас НҮБ-д суугаа төлөөлөгч цэргийнхний эсрэг шаардлагатай арга хэмжээ авахыг уриалав

2021-02-28 12:08:25

Мьянмар улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч энэ сарын эхээр төрийн эргэлт хийж, улс орны эрх мэдлийг булаан авсан цэргийнхний эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Мьянмарын иргэний Засгийн газрыг төлөөлж байгаа Элчин сайд Кьяу Мое Тун өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд улс орноо төлөөлж үг хэлжээ. Тэрбээр гурван хуруугаа гозойлгож эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ нь Мьянмарын ард түмний цэргийнхнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх нэг хэлбэр юм байна.

Мөн Ерөнхий ассамблейн чуулганы индрээс АНУ-ын суурин төлөөлөгч Мьянмарын ард түмний эсрэг хүч хэрэглэхийг хүлцэн тэвчихгүй гэдгийг цэргийнхэнд ойлгуулахад бүх талын арга хэрэгслийг ашиглахыг улс орнуудад хандаж уриалжээ.

Түүнчлэн Мьянмарын цэргийнхэнтэй ойр харилцаатай байдаг Энэтхэг, Хятадын Элчин сайд нар төрийн эргэлт хийсэн явдлыг шүүмжилсэн өнгө аястай мэдэгдэл хийжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч ардчилсан сонгуулиар сонгогдсон эрх баригчид болон цэргийн эрх мэдэлтнүүдийн хооронд зуучлахаар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр гэрийн хорионд байгаа Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Читай уулзах зөвшөөрөл олгохыг тус улсын цэргийнхнээс хүссэн тухайгаа мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмараас НҮБ-д суугаа төлөөлөгч цэргийнхний эсрэг шаардлагатай арга хэмжээ авахыг уриалав   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй