Шууд Chart

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хаврын дугаар уншигчдын гар дээр дэлгэгдлээ

2021-03-12 10:25:01

Уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 29 дахь буюу найм дахь жилийн хаврын дугаар уншигч захиалагчдын гар дээр очлоо.

Романаас бусад уран зохиолын бүхий л төрөл зүйлээр хуудсаа чимдэг тус сэтгүүл 29 дахь улиралдаа уншигч түмэнтэйгээ золгож байна. Энэ дугаар өмнөхөөсөө нэгэн адил онц сонирхолтой материалаас бүрджээ.

Тухайлбал, энэ онд мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож байгаа нэрт зохиолч С.Удвалын тухай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжигээний ажилтан, Өвөр Монголын багшийн их сургуулийн зочин профессор, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн тэргүүн бичлэгийн шагналт утга зохиол судлаач Б.Мөнхбаярын “Орчин үеийн утга зохиолын оргилд нь ургасан Удвал цэцэг” эрдэм шинжилгээний өгүүлэл, яруу найрагч Д.Цоодолын бүлэг уянгын шүлэг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын Шимассогийн шагналт зохиолч Ч.Галсангийн шинэ өгүүлэг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн хөтөлдөг “Сонгодог уран зураг” булангаас Оросын их зураач Иван Крамскойн “Танихгүй эмэгтэй” хөргийн тухай танин мэдэхүйн эсээ, одоо Орост шүлэг зохиол нь ид шуугиулж байгаа Юрий Орлицкийн шүлгүүд гээд ухааны оюуны чагтага уртасгасан шилдэг бүтээлүүдтай танилцаж болох аж.

Мөн Д.Урианхайн “Хүлцэнгүйн нам гүм...Өөрөөр байгаагүй санаандгүй амьдрал” абсурд жүжгийн эхний хэсгийг уншиж, Францад суугаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн тусгай сурвалжлагч, нэрт орчуулагч Р.Мөнхзулын бэлтгэж ирүүлсэн 2000 оны нобелийн шагналт хятад гаралтай Францын зохиолч Гао Шинжиэний сонирхолтой ярилцлагад татагдаж, яруу найрагч Гүр.Нямдоржоос түүхч, зохиолч Т.Мандирт бичсэн захидлын гар бичвэрийг тольдож, яруу найрагч Ц.Галбадрах, Х.Эрдэмбилэг, Б.Бүжинлхам нарын шинэ шүлгүүдийн уншаарай.

Хэл бичгийн ухааны доктор Ч.Чимэгбаатарын Японд бичсэн богино мөртүүдэд сатаарч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Чулуухүүгийн Авсрийн Холбооны улсаас эх нутаг, элгэн саднаа санагалзаж бичсэн сэтгэлийн уянгад автах аж.

“Зохиол төрсөн түүх” буланд нь нэрт зохиолч Р.Ганбатын “Сүүлчийн галт тэрэг” тууж хэрхэн төрснийг сонирхох нь зүй.

Авьяаслаг залуу шүлэгч А.Бөхнямыг тус сэтгүүл “Сүүтэй дөрөө”-нд мордуулав. Энэчлэн “Тууж” “Сондор”, “Онол судлал”, “Шүүмж”, “Фото тэмдэглэл”, “Зохиолч-Цаг үе”, “Тэмдэглэлийн дэвтэр”, “Монгол тууртгатны уран зохиол”, “Захидал ирлээ” зэрэг булан хуудсуудад ч уран зохиолын сэтгэл хөдөлгөм төрөл зүйлүүд тавигдсаныг дуулгая.

Улиралын онцлох зохиолчоор Улаанбаатарын ИХ сургуулийн захирал, ШУА-ийн ХЗХ-ийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Д.Нацагдоржийн шагналт утга зохиол судлаач, доктор, профессор С.Байгалсайханыг нэрлэж, улиралын онцлох номоор яруу найрагч Л.Өлзийтөгсийн анхны роман болох “Хараацай зогсолт” эксперииентал романыг тодруулжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хаврын дугаар уншигчдын гар дээр дэлгэгдлээ  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй