Шууд Chart

О.Мөнх-Эрдэнэ: Уг нь би өнгөрсөн жилийн наадамд долоо давах зорилготой байсан

2021-04-06 09:37:27

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо "Бөхбилэгт" дэвжээ, "Молор трейд" "Вайт лэйк" ХХК-ийн бөх аймгийн арслан Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ Монгол Улсын аварга С.Мөнхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн билээ. 25 насандаа тус цолыг хүртэж буй тэрбээр 2020 оны хамгийн залуу начин болж байв. Үүнээс гадна хоёр талаасаа бөхийн удамтай түүнтэй ийнхүү ярилцлаа.

-Улсын цолтны эгнээнд зүй ёсоор багтсанд баяр хүргэе. Улсын баяр наадамд хэддэх жилдээ хүч үзэж байна вэ?

-Баярлалаа. Улсын цол хүртсэндээ баяртай байна аа. Би улсын баяр наадамд хоёр дахь удаагаа барилдаж, энэхүү цолоо хүртлээ. 2016 онд анх барилдахдаа нэгийн даваанд улсын начин С.Батсуурийг, хоёр болон гурвын даваанд улсын харцага Л.Пүрэвжав, Улсын заан Ц.Баярсайхан нарыг өвдөг шороодуулж, дархан аварга Г.Өсөхбаярт унасан.

-Өнгөрсөн жилийн наадмын бэлтгэлээ 'Бөх билэгт' дэвжээнийхэнтэйгээ хийсэн байх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хэрхэн хангав ...

-Тэгсэн. Ер нь 2014 оноос эхэлж “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэйгээ бэлтгэлээ базааж байна. Монгол Улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ган-Зориг багш нар маань олон жил сайхан зөвлөж, бэлтгэлийг маань чамбайруулж байна. Энэ жилийн хувьд ачааллаа илүү нэмэгдүүлсэн.

-Та чөлөөт бөхөөр мөн барилддаг юм билээ. Хэдэн оноос эхэлж барилдсан бэ. Яагаад чөлөөт бөхийн төрлийг сонгох болов?

-2011 оноос хойш барилдаж байна. Үндэсний бөхөөр сайн барилдахын тулд их спортоор хичээллэсэн нь дээр байх гэж бодоод чөлөөт бөхийг сонгосон.

-Чөлөөт бөхөөр хамгийн анх ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Өсвөрийн УАШТ-ээс мөнгө, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

-Та хоёр талаасаа бөхийн удам юм билээ. Манай уншигчдад тодорхой танилцуулна уу?

-Аавын аав буюу өвөөгийн төрсөн ах Санж-Очир улсын наадам хоёр удаа дөрөв давж, урт гарт хэмээх улсын арслан Маамын Лхагвад өвдөг шороодсон гэдэг. Мөн аавын өвөө даншгийн начин цолтой Бадрах гэж хүн байсан юм билээ. Харин ээжийн ээж буюу эмээгийн төрсөн төрсөн ах улсын начин цолтой Д.Жадамбаа гэж хүн байсан.  

-Та бөхөөс гадна ямар нэгэн спортоор хичээллэж байсан уу?

-Сагсан бөмбөг тоглох дуртай. Тэгээд ч өндөр нуруу барилдаанд ч үргэлж давуу тал болдог.

-Та аавынхаа талыг дагавал Архангай, ээжийнхээ талыг дагавал Булган аймгийнх болно. Тэгэхээр энэ хоёр нутгийнхан таныг булаацалдах тал ажиглагдаж байна уу?

-Тиймэрхүү зүйл болно оо (инээв).

-Өнгөрсөн жилийн наадмаар та ямар цол хүрнэ гэсэн зорилго өөртөө тавьсан байсан бэ. Улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулах боломж байгаагүй юу?

-Зургаа эсвэл долоо давна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Ер нь амлуулна гэж бодож байгаагүй. Хэрвээ хэн нэгэнд амлууллаа гэхэд улсын аварга П.Бүрэнтөгст биш арай бага цолтой бөхтэй таарах байх гэж бодож байлаа. Гэхдээ түүнийг давах боломж байсан. Миний гол алдаа яарсантай холбоотой. Хэтэрхий их яарч барилдсан. Намайг зургаагийн даваанд гарах үед галынхан маань “Нервитэлгүй чөлөөтэй барилдаарай” гэж захисан.

-Тавын даваанд таныг Монгол Улсын аварга С.Мөнхбат амласан. Түүнтэй барилдах төлөвлөгөөгөө урьдчилж бодсон байсан уу?

-Үгүй ээ. Тухайн нөхцөл байдалд нь тохируулж л барилдсан. Тэгээд л шийдсэн давхар ачих мэхээр давсан.

-Мөнх-Эрдэнэ гэдэг нэр ямар нэгэн учир агуулгатай нь мэдээж. Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ шиг бөх болгох гэж танай аав ээж өгсөн болов уу?

-1995 онд намайг мэндлэхэд дархан аварга Б.Бат-эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар урьдын адил улсын наадмын тэргүүн байрын төлөө хүч үзэж байж. Тэгээд ч Д.Мөнх-Эрдэнэ арслан манай нутгийнх болохоор аав, ээж маань түүний нэрийг өгсөн гэдэг. Намайг бага байхад гэрийнхэн маань өхөөрдөхдөө “Арслаан” гэж дууддаг байлаа. Тэр үг намайг бөх болгох ухаан суулгасан.

-Та цаашид үндэсний бөхөөр дагнан барилдах уу эсвэл чөлөөт бөхийн төрлөөр үү?

-Чөлөөт бөхийн спортын дээд жин 125 кг байдаг. Харин одоо миний жин 130 кг гарсан. Тэгэхээр бэлтгэл хийх журмаар л барилдаж, үндэсний бөхөөр дагнана аа. Жин их хасах эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй тул чөлөөт бөхийн төрлийг яваандаа орхих байх аа.

-Та үндэсний бөхийн ямар цол хүртэхийг хүсч байна вэ?

-Оргил цолонд хүрнэ гэсэн зорилготой байгаа. Түүндээ хүрэхийн төлөө ч мэрийх болно.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Миний ханийг Ц.Өсөхжаргал гэдэг. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Хүүг маань Хангарьд, охиныг Аялгуу гэдэг.

-Сүүлийн үед та бүсгүйчүүдийн анхааралд их өртөж байх шиг байна. Энэ байдлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би нэг их тоохгүй байгаа шүү дээ.

-Дунд болон их сургуулиа хаана дүүргэсэн бэ?

-2003-2013 онд Орхон аймгийн “Орхон” цогцолбор, 2014-2017 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Гэхдээ үндэсний бөхийн багшаар улсын харцага Г.Батбаяр, чөлөөт бөхийн анхны багшаар улсын харцага Н.Саранцогтийн төрсөн дүү Н.Энхцогт.

-Та эхээс хэдүүлээ вэ. Танайхан спортоор хичээллэдэг үү?

-Эхээс дөрвүүлээ. Ах, эгч, дүүтэй. Тэд тэс өөр мэргэжилтэй. Спортоор хичээллэдэггүй.

-Бөхчүүд их сүсэгтэй улс. Улсын цол хүртсэн болохоор төрөлх нутагтаа очиж буян заяагаа даатгах уу?

-Архангай аймгийн Хайрхан сумандаа очсон. Дараа нь ээжийнхээ нутагт ч саатсан даа.

-Ярилцсанд баярлалаа.

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Мөнх-Эрдэнэ: Уг нь би өнгөрсөн жилийн наадамд долоо давах зорилготой байсан  
Үзсэн: 4913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй