Шууд Chart

Улаанбаатар хотод 926 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг

2021-05-12 15:43:31

Улсын хэмжээнд 1500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Улаанбаатар хотод 926 сууц өмчлөгчдийн холбоо байдаг байна. Харин  СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд  900 сууц өмчлөгчдийн холбоо нэгджээ.

Сууц өмчлөгчдийн холбоо буюу Сууц өмчлөгчдийн холбооны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт  дунджаар 3000-15000 төг орчим, Улаанбаатар хотод 15000-30000 төг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төг-өөс дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим  ажилтан, албан хаагчид ажилладаг.

Харин иргэдийн дунд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэгүй бөгөөд  Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд  Сууц өмчлөгчдийн холбооны асуудлаар  дараах гомдлыг ирүүлдэг.

Үүнд:

-    Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт

-    Сууц өмчлөгчдийн холбоо ус, цахилгаан тасалж байгаа тухай

-    Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ

-    Хууль бусаар Сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан, Сууц өмчлөгчдийн холбоог солих шаардлагатай тухай

-    Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж  байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.

Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн Сууц өмчлөгчдийн холбоонд ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн. Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн АПП-тай болж байгаа тухай олон нийтэд зарлалаа. Эхний ээлжид Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гишүүн болох 900 сууц өмчлөгчдийн холбоо хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийллээ.

Тус АПП-ний хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч Сууц өмчлөгчдийн холбоонд үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан Сууц өмчлөгчдийн холбооны асуудлууд шилэн болох нь чухал юм.

ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76 асуудлын нэг болох Сууц өмчлөгчдийн холбооны асуудал ийнхүү шийдвэрлэгдлээ. Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, “ЮБи колл” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нар оролцов.


Улаанбаатар хотод 926 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй