Шууд Chart

Эр шумуул цэцгийн тоосоор хооллодог

2021-06-25 12:57:12

Шумуулын тухай ерөнхий мэдээлэл:

1. Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг. Манай оронд Aedes, Anopheles, Culex, Culiseta төрлийн 22 зүйлийн шумуул тархсан болохыг судлаачид тогтоожээ. 

2. Anopheles төрлийн шумуул нь хумхаа; Aedes aegypt төрлийн шумуул нь шар чичрэг, Денге; Culex төрлийн шумуул нь баруун Нилийн чичрэг, Япон энцефалит, филарис; Culiseta төрлийн шумуул нь адууны энцефалит өвчнийг дамжуулдаг.

3. Африкийн халуун бүсийн бүх орон, Номхон далайн баруун өмнөд хэсэг, Өмнөд Америкийн Бразил зэрэг ой мод ихтэй орнууд, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойгийн зарим улс оронд шумуулаар дамждаг халдварт өвчнүүд ихээхэн тархжээ.

4. Хөгжлийн 4 үе шат (өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн) нь гадаад орчны агаарын хэмээс хамаарч 15-20 хоногийн дотор явагдаж дуусдаг боловч хүйтний улиралд шумуулын хөгжил 2 сар хүртэл хугацаагаар удаашрах тохиолдол байдаг.


5. Бие гүйцсэн шумуулын бие нь толгой, цээж, хэвлий гэсэн 3 хэсгээс тогтоно. Хос далавчтай, 3 хос хөлтэй, хэвлий нь 7 үетэй.

6. Эр, эм шумуул нь амьдралын явцад нэг л удаа эвцэлдэлгээнд орсны дараа эм нь цус сорж хооллон өндгөө гаргадаг, эр шумуул нь ургамлын цэцгийн тоосоор хооллодог. Үдэш шөнийн цагаар дулаан, органик үлдэгдэл болон усны ургамал ихтэй тогтмол цэнгэг усны мандалд өндгөө гаргадаг. Өндөг нь усны гадаргууд 5-7 хоноод авгалдай болно. Авгалдайн хөгжил нь усанд явагдаж, усны мандлаас үсэнцэр, хялгасанцар (сипон)-аар амьсгална. Тохиромжтой нөхцөлд (+20+25 градуст) хөгжил нь хурдацтай явагддаг.

7. Шумуул нь нар үзэхгүй харанхуй газар, бут сөөгөнд нуугдах бөгөөд зохиомол гэрэлтүүлгээс үргэдэггүй, хар өнгөнд мэдрэмтгий, хооллохдоо эзэн амьтнаа түүний ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хий, хөлсний үнэр зэргээр олдог. Агаарын хэмийн хэлбэлзлэлээс хамаарч чийглэг биш хуурай орчинд шумуулын амьдралын идэвх нь эрс буурдаг. Авгалдай болон хүүхэлдэй нь ичдэггүй, зөвхөн өндөг нь ичдэг байна. 


Эр шумуул цэцгийн тоосоор хооллодог  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй