Шууд Chart

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв

2021-10-27 16:10:46

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Монгол Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулиудыг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль болгон баталсан юм.

Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг Засгийн газар болон хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлд бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай 6.4, 6.5 дахь хэсэг нэмэх, үүнтэй уялдуулан мөн зүйлийн гарчигт холбогдох хэсэг нэмэхээр тус тус төсөлд тусгажээ.

Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа тул ““эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “боомтын” гэснийг “зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “боомтод” гэснийг “зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “боомт” гэснийг “зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Олон нийтийн аюулгүй байдыг хангах, нийтийн хэв журам хамгаалах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Чөлөөт бүсэд нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалах үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгав.

Судалгаанаас үзэхэд Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал нь 2003-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын, 2012-2014 онд Монгол Улсын Шадар сайдын болон Эдийн засгийн хөгжлийн сайдын, 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдын, 2016 оны дунд үеэс Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.11-д заасан бүрэн эрх, түүний дотор 7.1.9-ийн “чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах”, 7.1.10-ын “...Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох”, 8 дугаар зүйлийн 8.7.11-ийн “чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах, эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох журам батлах”, 12 дугаар зүйлийн 12.3-ын “мэдээлэл хүргүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.3-ын “гэрээ байгуулах” зэрэг эрхийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан.

Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дээр дурдсан дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсээд байна.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 хэсэгт “Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх асуудлаар орон нутгийн ирдэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай хамтран ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудалтай зөрчилдөж байгаа тул “байгуулж” гэснийг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 22 дугаар зүйлийн 22.2-22.7 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1-23.3 дахь хэсгийн “эзэмших”, “эзэмшүүлэх”,”эзэмшиж” гэснийг Монгол Улсын хилийн тухай хуульд нийцүүлэн тус тус хасах шаардлагатай болжээ.

Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн зарим хэсэг, заалтын агуулга, найруулгын дээр дурдсан зөрчил болон хийдлийг арилгах, Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг тодорхой болгох, Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг баталгаажуулах боломж бүрдүүлэхээр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр хуулийн төсөл боловсруулахгүй, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, нэмэлт зардал гарахгүй аж.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Д.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Н.Ганибал, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул нараас хариулт, мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Чөлөөт бүсэд газрын арилжаа явж байгаа асуудлыг шийдвэрлэх, газрыг анх олгохдоо тодорхой хугацаа товлож, тэр хугацаандаа ажлаа эхлэхгүй бол буцаах зэрэг зохицуулалтыг төрөөс хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Мөн чөлөөт бүс бүрийг тус тусын онцлогтойгоор хөгжүүлэхэд анхаарах, дэд бүтцийг төр шийдвэрлэх ч менежментийг нь хувийн хэвшлүүд хийдэг байх нь оновчтой гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн бусад улс орны энэ төрлийн жишиг, туршлагыг судлах санал хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч цаашид чөлөөт бүсийг идэвхтэй үйл ажиллагаатай болгох чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлага байгааг хэлж байсан. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөл дэх нүүрсний экспортыг дэмжих чиглэлд бүх бүтэц анхаарах, төсвийн тэлэлтийн нийлүүлэлтийг хангахад онцгой анхаарах, цар тахлын нөхцөлд хөрш орнуудтайгаа аль болох хэвийн горимоор хамтран ажиллах зэрэг асуудлуудад анхаарах шаардлага байгааг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг үр ашигтай, өгөөжтэй болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийг улсын төсвөөс шийдвэрлэн, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарах саналыг хэлж байв. Ингэхдээ дэд бүтцээ талуудын зөвшилцөл, хяналт дор хийж, цаашид хэрхэн ашиглаж, хамгаалах чиглэлээр тодорхой бодлогыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн. Замын-Үүд, Алтанбулаг зэрэг сум хөгжиж байж чөлөөт бүсүүд хөгжих боломжтой гэдгийг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, аймаг, сум бүр хөгжлийн бодлогын чиг баримжаатай байж, шаардлагатай чиглэлийн бизнес, аж ахуйн нэгжүүдээ урьж ирүүлэх, улмаар тэдгээрийнхээ үйл ажиллагаанд тодорхой төрлийн дэмжлэгүүд санал болгох зэргээр ажлаа зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй