Шууд Chart

Н.Минжинсайхан: Уран бүтээлч хүн өмнөө зорилготой байж, түүнийгээ хүртэж явах сайхан юм даа

2021-10-27 16:37:10

"Poetry night” нэртэй яруу найргийн үдэшлэг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд “Corporate convention center-т болох гэж байна. Шаналантай байгаа нийгэмд тодорхой хэмжээний гэрэл болох энэхүү сайхан арга хэмжээг утга зохиолд элэгтэй хүн бүр таатай хүлээн авч буй. Гэхдээ зарим хүн “Хэн нэгний бие даасан тоглолт болох гэж байна” хэмээн ташаа ойлгоод байх шиг. Иймд тус үдэшлэгт оролцох гэж буй МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Нямжаргалын Минжинсайхантай ярилцлаа.

-“Poetry night” нэртэй яруу найргийн үдэшлэгт та оролцох юм билээ. Тэр үдэш үзэгчид та бүхнээс юуг илүү мэдрэх бол ...

-Залуу үеийн яруу найргийн төлөөлөл болсон бид тав нэгдэж, дээрх үдэшлэгийг зохион байгуулах гэж байгаа юм. Тодруулбал, “Болор цом”-ын отгон эзэн, яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, Дамдинсүрэнгийн Дамдинжав, Чулуунбаатарын Ууганбаяр, Сайнжаргалын Начин гэсэн дөрвөн нөхөртэйгээ оролцоно. Мөн бидний шүлгээр бүтсэн дуу дуулагдана. Жишээ нь О.Цэнд-Аюушийн шүлэг “Үүлэн үст” дууг “Никитон” хамтлаг, МҮОНРТ-ийн бүтээл “Давхар цагаан шугам” уран сайхны киноны миний шүлгээр бүтсэн дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга дуулах төлөвлөгөөтэйгээр яригдаж байна. Түүнчлэн хорвоогоос буцсан найрагч ах, найзуудынхаа шүлгийг үзэгчдэд эргэн сануулах үүднээс уншина. Тэгэхээр үзэгчид биднээр төлөөлүүлж манай үеийн яруу найрагчид чухам юу хийж байгааг, ямархан чанасаатайг илүү мэдрэх байх. Залуучууд бид нэгдэж, хэн хэндээ урам өгч чаддаг гэдгээ ч илтгэхийг хүсч байна.

-Энэ арга хэмжээ цаашид уламжлал болон зохиогдвол сайхан юм байна даа ...

-Ер нь тэгнэ. Бид дараагийн арга хэмжээндээ ахмад яруу найрагчдаа оролцуулах бол тэдний дараа мөн л өөрсдийнхөө үеийн төлөөлөл болсон таван найрагчаа оролцуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ улирал бүрт нэг удаа юу эсвэл жилд хоёр удаа хийх үү гэдэгт хараахан тогтоогүй байгаа. Ямар ч байсан бид тав эхний шангаа татаадхья. Сүүлийн үед яруу найргийн наадам хот, орон нутагт олон болсон. Хоорондоо тэмцэлдэж, уралдаад л ... Тэгвэл энэ удаа бид огт тийм зүйлгүйгээр уншигч, үзэгчдийн амьд харилцаа үүсгэнэ.

-Тийм үдэшлэгт зөвхөн яруу найраг сонсьё гэсэн хүмүүс л цуглах байх. Ёстой л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар гэдэг шиг ...

-Яг үнэн. “Ковид-19” цар тахлын улмаас Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хэмжээний үзэгч ирүүлнэ. Уг нь “Corporate convention center” 1000 гаруй хүний суудалтай гэсэн. Гэвч бид зөвхөн яруу найрагт хайртай 300 хүнд л энэ үдэшлэгээ зориулна.  

-1990 оны төлөөлөл гэвэл Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсан, УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нарыг хэлдэг. Тэгвэл 2000 оны төлөөлөлөөс дурдвал та бүхнээс эхлээд нэрлэхээр байна. Гэхдээ танай үеийнхэн дөнгөж хийж эхэлж байгаа залуучууд биш шүү дээ. Хоёр ч нөхөр “Болор цом”-ын эзэн боллоо. Утга зохиолын бусад төрөлд ч өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Тэгэхээр та бүхнийг сэтгүүлч миний хувьд харьцангуй чамбай “хөдөлж” байна уу гэж хараад байгаа ...

-Бид өөрсдийгөө хаврын ногоотой л зүйрлэнэ. Шим шүүс нь ид дэлгэрч байгаа. Гэхдээ гүйцэд боловсроогүй шүү (инээв.сурв). Манай үеэс Батдоржийн Жамбалдорж, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш хоёр маань “Болор цом”-ын эзэн болсон. Цаашид ч олон найрагч нөхөд маань энэ том наадмын эзэн болох нь дамжиггүй. Тайлан тоглолтоо хийсэн нөхөд ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Миний дээр хэлсэн 1990 оны үеийн найрагчдыг уншигч, үзэгчид андахгүй. Харин танай үеийнхэн тэдний дайнд дөхөхөд хэр их хугацаа шаардагдах бол ...

-Хамгийн гол нь бид өмнөх зүйлээ харж, сайн бичих л хэрэгтэй. Тэгж байж үзэгч, уншигчид хүлээн зөвшөөрнө. Мөн цаг хугацаа харуулна. Дээхнэ найрагч ах, эгч нар маань номоо гаргаад хаа хол байгаа малчин залууд хүртэл шүлгээ хүргэж чаддаг байж. Уншигч ч олон байж дээ. Гэтэл өнөө цагт цахим орчноосоо илүү гарч чадахгүйгээс болж, уншигч ховордсон байна. Бид дээд тал нь 500 ширхэг ном хэвлүүлдэг. Утга зохиолын хүрээнийхэндээ тэднээсээ 50 хувийг нь бэлэглэчихнэ. Тэгэхээр номоо зараад ашиг олно гэдэг ч худлаа болсон. Гэхдээ ашиг харахаас илүү “Өөрсдийгөө ийм зүйл хийсэн шүү” гээд цогц бүтээл болгон гаргах минь сайхан л даа. Номоороо аж төрдөг, олон уншигчтай болох сайхан цаг удахгүй ирнэ ээ.

-Өөрийн тань гаргасан “Араг үүрсэн хавар” номыг уншсан. Монгол ахуйг мэдэрсэн шүү ...

-Тийм шүү. Өнөө цагт Монголчуудын маань хүн чанар яасан их нимгэн болоо вэ, Монгол ахуй маань яасан их өөрчлөгдөө вэ гэсэн хөндүүр бодлоороо л дээрх номонд орсон шүлгүүддээ багтаасан. “Араг үүрсэн хавар” миний тав дахь ном. “Сэтгэл чамайг таньсан билүү” хос цомогтойгоо тоолвол зургаа дахь “үр” минь “мэндэллээ”. Ер нь би дараагийн хоёр номоо өвөл, зуны улирлаар нэрэлнэ. Тэгэхээр 2017 онд гаргасан “Усанд хөвсөн намар” номтойгоо нийлүүлэхээр дөрвөн улиралын хоршил болж байгаа юм. Мөн дөрвөн номны нэр нь нийлэхээрээ дөрвөн мөрт буюу нэг бадаг шүлэг болох учиртай. Үүнээс гадна зөвхөн хайрын тухай шүлгээр бүтсэн ном гаргах, үргэлжилсэн үгийн зохиол руу өөрийгөө сойх гэх мэт төлөвлөгөөтэй урагшилж байна. Уран бүтээлч хүн өмнөө зорилготой байж, түүнийгээ хүртэж явах сайхан юм даа.

-МҮОНР-д үе үеийн олон яруу найрагч ажилласаар байна. Зохиолчдын бага хороо гэж хүртэл нэрлэгддэг. Энэ их авшигтай сайхан газар ажиллаж байгаа таны хувьд бахархал их төрдөг биз дээ ...

-Ажил, эзэн хоёр нэгнээ олчихвол дийлддэггүй гэж боддог. Энэ байгууллагадаа анх ажилд орохдоо “Хурд” агентлагт харьяалагдаж, мэдээнд гүйсэн. Их ч зүйл сурсан. Гэхдээ бүтээл төрүүлдэг хүн нийгмийн сөрөг мэдээлэлийг бичээд байхаар их мэдрэмтгий болдог юм байна. Тэгэхээр уран бүтээлээр илэрч байгаа шүлгүүд маань дандаа л бухимдлын аястай төрсөн. Мөн олон нийтийн харилцаанд илүү орж мэдээ бэлгэж явахдаа би нийгмийн аж байдлаас яасан их хол байгаа вэ гэж бодсон. Монголын радио, хийж байгаа ажилдаа би хайртай. Олон сайхан уран бүтээлч ах, эгч нарынхаа давсан босгоор алхаж, барьж байсан хаалганых нь бариулаас атгаад ажилдаа ирэх бүрдээ хачин их бахархдаг. Гэхдээ би өөрөө дүү шиг дүү, залгамж болсон залуу үе шиг залуу үе байх ёстой.  

-Олон дууны шүлэг бичсэн хүний хувьд асуухад яруу найргийн энэ төрлийг хэрхэн үнэлж, хүлээж авдаг вэ?

-Дууны яруу найраг гэдэг нь уран зохиол дотор тусдаа бие даасан төрөл. Энэ том төрлийг мэдэрч бичиж байгаагийн хувьд сонсогчдын сэтгэлд хүрсэн 2-3 дуутай л болох юмсан гэж бодож, шаналж сууна. Тэгж гэмээнэ толгой өөдөө, цэх хараад явж чадах юм шиг санагддаг. Сүүлийн үеийн дууны уран бүтээлээс гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, дуучин Д.Эрдэнэтунгалаг нартай хамтарч дуу хийсэн. Нийтдээ 100 орчим дуу бүтээжээ. Манай үеэс дууны яруу найргийн төрөлд сэтгэл зүрхээ зориулж, бүтээж яваа яруу найрагч гэвэл МҮОНРТ-ийн сэтгүүлч Ундраагийн Баярсайхан, яруу найрагч Чойжилсүрэнгийн Нандинцэцэг нарын зэрэг нөхдөө нэрлэх байна.       

-Өөрөө МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Удахгүй нэгдсэн хурал болох гэж байна. Энэ хурлаар юу яригддаг вэ?

-Дөрвөн жилд нэг удаа болдог хурал ирэх арваннэгдүгээр сарын дундуур болно. Энэ үеэр дарга нарыгаа гишүүд нь улираан томилох, шинэчлэх зэрэг санал дэвшүүлж сонгодог. Удирдах зөвлөлд 14 гишүүн байдаг. Даргатайгаа нийлээд 15 гэсэн үг. Үндэсний төв болгоноос хоёр, шог болон баримтат уран зохиолын үндэсний төвөөс нэг, яруу найргийн үндэсний төвөөс гурван гишүүн сонгогдож, удирдаж зөвлөлд багтдаг. 90 орчим жил болж байгаа МЗЭ-ийн хороо үнэндээ гал алдчихгүйхэн л явж байна. 1990 оноос хойш улс зохиолчдоо “Хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөлөө хийнэ үү өөрсдөө мэд” гэдэг шиг хаясан байдаг. Казакстан, ОХУ зэрэг орон утга зохиолын зарим наадмаа Улсынхаа Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон зохион байгуулдаг гэсэн. тэгэхээр үнэлэмж, хүртээмж нь ч өргөн хүрээнд болж байгаа юм. Үүн шиг манай улсын төрийн тэргүүн тэргүүн зохиолчдоо анхаарч, дэмжээсэй гэж хүсч байна. Урлаг урлагийн дотроос хамгийн оргил нь уран зохиол. Үүнээс жүжиг, дуу, кино үүсч байдаг.

-Ярилцсанд баярлалаа.     

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Минжинсайхан: Уран бүтээлч хүн өмнөө зорилготой байж, түүнийгээ хүртэж явах сайхан юм даа  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй