Шууд Chart

ТББХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2021-10-27 20:20:55

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27)  хуралдаанаар Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан УИХ-ын 2020 оны 45 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, тус хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор УИХ-ын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалтыг гаргажээ.

Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байгаа юм байна. Эдгээр баримт бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй агуулгын давхардал, зөрчил үүсгээд байгаа аж.

Иймд дээр дурдсан УИХ-ын тогтоолоор баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд 2 заалт, 17 дэд заалттай. Тогтоолын төсөлд хуулийн дагуу санал авах арга хэмжээг хэрэгжүүлсэн гэв. Тус тогтоол батлагдсанаар төрийн байгууллагад орон тоо, бүтцийн өөрчлөлт шаардахгүй бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй аж. Харин бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотой тайлагнах, мэдээлэх болон төлөвлөлтийг давхардуулан гүйцэтгэдэг байсан ачаалал арилж, үйл ажиллагааны нэгдмэл, хариуцлагатай байдал сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


ТББХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй