Шууд Chart

Сэндбоксод орсон анхны бүтээгдэхүүн амжилттай гарлаа

2021-11-09 12:10:21

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны зургадугаар сард “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг шинээр баталж, есдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэхүү зохицуулалтын хүрээнд хамгийн анхны нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгүүлэх хүсэлтийг “Мобифинанс ББСБ” ХХК-аас гаргасны дагуу Хорооноос тус компанийн 1.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг бүртгэсэн. Тус компанийн гаргаж буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг шинэлэг байдлаар зохион байгуулах буюу хөрөнгө оруулагчдад Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан худалдахаар болсон нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол гэдгээрээ онцлог бөгөөд амжилттай хэрэгжүүлэх зорилгоор сэндбоксод орох хүсэлтийг Хороонд ирүүлсэн.

Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд тодорхой цаг хугацаанд турших боломж олгох зохицуулалт бүхий “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар баталснаар сэндбоксын зохицуулалтын орчин бий болсон.

Сэндбоксын зөвлөлөөс дээрх зохицуулалтын хүрээнд “Мобифинанс ББСБ” ХХК-ийн Монпэй аппликейшнаар дамжуулан нээлттэй гаргах өрийн хэрэгслийг арилжих, хөрөнгө оруулагчдын мөнгө хүсэх өргөдлийг хүлээн авч, эргэн төлөх ажиллагааг сэндбоксын орчинд турших шийдвэрийг гаргасан нь сэндбоксод орсон анхны бүтээгдэхүүн болж байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд “Мобифинанс ББСБ” ХХК-аас өнөөдөр өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг богино хугацаанд амжилттай зохион байгуулж, 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүллээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Сэндбоксод орсон анхны бүтээгдэхүүн амжилттай гарлаа  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй