
Аугаа их эх орны дайнд Оросын ард түмнийг ялалтанд хүргэх шийдвэрлэх тулааныг одоогоос яг 70 жилийн өмнө Курскийн орчимд хийж байжээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Курскийн тулааны түүхт ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээгдлээ.
Энэ бол Курскийн тулаанд оролцож явсан нэгэн гэр бүлийн таван эрийн гэрэл зураг. Яг л ингэж Оросын ард түмэн фашистын Германыг бут цохихын тулд улс даяараа холбоотнуудын эсрэг тэмцэж явсан түүхтэй. Курскийн тулаан бол дэлхийн 2-р дайнаас хамгийн их хүн хүч орсон тулаан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн байна.
ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегийн туслах Пономарев Роман Владимирович:
-"Курскийн тулаан бол нэг ёсондоо 2 талын цэргийн эрдмийг шалгасан томоохон тулаан байсан. Энэ тулаанд 2 талаас 4 сая гаруй хүнь 70 мянган их буу, 13 мянган танк гээд маш том цэрэг армийн хүчний тулгаралт болсон. Энэ тулаанд Орос орон ялалт байгуулж Орёл хотыг чөлөөлсөн нь ч түүхэнд тэмдэглэж 1943 оны 8 сарын 5 ны орой Москва хотод Орёлыг чөлөөлсний ёслолын буудлага болж байсан түүхтэй. Чухам энэ тулаанаас хойш Оросын армийн нэр хүнд холбоотнуудын дунд өсөж манай ялалт байгуулах эхлэл тавигдсан юм" гэлээ.
Оросын шинжлэх ухаан соёлын төвд нэгэн монгол эмэгтэйн хөрөг зураг өлгөөтэй байдаг. Яг энэ гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр тус төвийн дарга энэ хөрөг зурагний эзний түүхийг бидэнд хуучилсан юм. Эх орны дайнд манай улс Зөвлөлт холбоот улсын анхны холбоотон улс гэдэгээ олон улсад зарлаж бүхнийг фронтод уриан доор монголын ард түмэн юу байгаагаа оросын арми руу илгээж байсан юм. Тэдний дундаас хамгийн их хөрөнгө хүлэг морьд илгээсэн Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Бадам хэмээх энэ эмэгтэй тухайн үед 5000 төгрөг, 91 агт морь, 1600 хонь, 6 тэмээг фронтод хувиасаа хандивласан байна. Буянаа эдэлж 100 насалсан Бадам эмгэнд ЗХУ-ын элчин сайд өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлж байсан гэх сонирхолтой түүхийг өгүүллээ. Ер нь оросын шинжлэх ухаан соёлын төв 2 орны найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болдгийнхоо хувиар энэ жил ч гэсэн томоохон баярыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич:
-"Ирэх 9-р сард бид Японы милитаризмийг бут цохисон Халх голын байлдааны 74 жилийн ойг Оросын шинжлэх ухаан соёлын төвдөө тэмдэглэнэ. Энд манай 2 улсын цэрэг армийнхан болоод ах дүү найрамдалт харилцааг маань санагдуулсан олон чухал үйл явдал болох байх гэж бид хүсэн хүлээж байна.
Курскийн тулааны түүхт ойг Орос орон даяараа тэмдэглэнэ. 27 сая иргэнээ алдсан Орос улс бас мөнхийн хөрш болсон монгол улс ч энэ ялалтыг мартах учиргүй" гэв
Курскийн тулааны 70 жилийн ой болно | ||
Үзсэн: 2264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.