Шууд Chart

Перуд 7,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2021-11-29 15:45:23

Баруун өмнөд Америкт орших Перу улсын хойд хэсэгт 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэддээ тусламж үзүүлнэ гэдгээ тус улсын ерөнхийлөгч Педро Кастилло илэрхийлсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 5 цаг 52 минутын үед болжээ. Газар хөдлөлтийн голомт нь 99 км-ийн гүнтэй бөгөөд далайн эргийн Барранка хотоос баруун хойд зүгт 40 км, нийслэл Лима хотоос зүүн хойд зүгт 550 км-ийн зайд байсан аж.

Перугийн ерөнхийлөгч Педро Кастилло Терронес, "Ахан дүүс ээ, та бүхэн ганцаараа биш. Газар хөдлөлтөд өртсөн Амазонасын ард түмэндээ бүх чадлаа дайчлан туслах болно. Холбогдох яамд болон гүйцэтгэх засаглалын гишүүдэд нэн даруй арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн" гэж өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.

Мөн тэрээр Амазонас мужийн бүс нутагт удахгүй очно гэдгээ нэмж хэлэв. Засгийн газрын албанаас хүний амь нас хохирсон талаар мэдээлэл ирүүлээгүй, харин хэд хэдэн барилга байгууламж, зам талбай эвдэрсэн гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн ням гарагийн үүрээр тус улсын нийслэл Лима-д мөн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перуд 7,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй