Шууд Chart

Барбадос Бүгд найрамдах улс болсноо зарлав

2021-12-01 11:41:08

Мягмар гарагт Карибын тэнгисийн арлын улс Барбадос Бүгд найрамдах улс болсноо дэлхий нийтэд тунхаглаж, Их Британийн хатан хаан II Элизабетын захиргаанаас гарч байгаагаа зарлалаа. Хунтайж Чарльз ёслолын арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ үндэстний амссан "боолчлолын аймшигт харгислал"-ыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Нийт 285.000 хүн амтай тус улсын шинэ эрин Их Британийн олон зуун жилийн нөлөөлөл, тэр дундаа 1834 он хүртэл 200 гаруй жилийн боолчлолыг ийнхүү зогсоож байна. Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз "Энэ Бүгд найрамдах улсыг байгуулах нь шинэ эхлэл мэт боловч ард түмний туулсан, босгосон урт замын чухал үеийг харуулж байна" гэжээ.

Барбадос нь Хамтын нөхөрлөлийн гишүүн хэвээр байх бөгөөд Чарльз ёслолд хүрэлцэн ирсэн нь Их Британи арлын улстай ойр дотно харилцаатай байхыг хүсч байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Барбадос улс Бүгд найрамдах засаглалтай болсны дараа өдгөө 95 настай Хатан хаан Их Британиас гадна хамтын нийгэмлэгийн гишүүн 15 улсын төрийн тэргүүн хэвээр үлдэнэ.

Хунтайж Чарльз үг хэлснийхээ дараа тус улсын шинэ Ерөнхийлөгчөд Барбадосын хамгийн дээд хүндэтгэл гэж тооцогддог эрх чөлөөний одонг гардуулсан байна. Ёслолын үйл ажиллагааны өмнө Хатан хаан II Элизабет өмнө нь шинэ төрийн тэргүүн, Барбадос мужийн амбан захирагч асан Дэм Сандра Мэсонд баяр хүргээд, 55 жилийн өмнө анх айлчилсан цагаасаа хойш арал түүний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлсээр ирсэн гэдгээ илэрхийлсэн байна.

"Манай улс том мөрөөдөж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой" гэж Барбадос улсын анхны Ерөнхийлөгч болох 73 настай Дэм Сандра Мэсон ёслолын арга хэмжээнд үг хэлэх үедээ онцолжээ.

Мөн баяр ёслолын үеэр арлын хамгийн алдартай иргэн гэгддэг поп од, дуучин Рианнаг Ерөнхий сайд Миа Амор Моттли Барбадосын "Үндэсний баатар" хэмээн зарлажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Барбадос Бүгд найрамдах улс болсноо зарлав  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй