Шууд Chart

Г.Батхуяг: Олон жилийн түүхтэй энэ сайхан байгууллагын нэр төрийг өндөрт өргөж явахыг л хичээж байна

2021-12-10 10:27:52

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, хөгжмийн зохиолч Готовсүрэнгийн Батхуягтай ярилцлаа. Энэ сарын 12-нд оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам Төв аймгийн Монгол туургатан театрт болох гэж байгаа бөгөөд энэ талаар ч тодруулсан юм.

-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-33, 34” наадам энэ ням гарагт Төв аймгийн Монгол туургатан театрт болох гэж байгаа юм билээ. Энэ жилийн наадмын онцлогийг манай сайтын уншигчдад сонирхуулна уу?

-“Морин хуур” наадам жил бүрийн хоёрдугаар сард Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өмнө зохион байгуулагддаг. Өмнөх жилд хийсэн бүтээлийг нэгдүгээр сард бүртгээд хоёрдугаар сард нь шалгаруулдаг гэсэн үг. Энэ жил цар тахлаас шалтгаалан хугацаа хойшлогдож, одоо зохион байгуулагдаж байна. Гэхдээ одоо болох гэж байгаа наадам бол зөвхөн 2019, 2020 онд хийгдсэн дуу өрсөлдөнө. Харин 2021 оны уламжлал ёсоороо цагаан сарын өмнө дахин зохиогдоно. Энэ жилийн наадмын онцлог бол хоёр жилийн наадам нэг өдөр болох гэж буйгаараа. Гэхдээ 2019 оны наадмын нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт тухайн жилдээ болоод өнгөрсөн. Одоо зөвхөн гала тоглолтоо хийж, байр эзэлсэн уран бүтээлчдээ шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал зэрэг батламжийг нь гардуулна. Түүнчлэн 2020 оны наадмын эхний шалгаруулалт болсон байгаа. Нэг зүйл онцолж хэлэхэд энэ хоёр наадмын шагнал тус тусдаа байгаа. Зарим уран бүтээлч “Нэгтгэсэн нэг арга хэмжээ болох нь” гэж ойлгоод байх шиг байгаа юм. Гран при шагнал хүртсэн бүтээлийг гурван сая төгрөгөөр урамшуулна.  

-“Төв аймагт яагаад зохион байгуулахаар болов” гэж нийслэлийн үзэгчид сонирхож байна билээ ...

-Оны шилдэг дуу шалгаруулах  “Морин хуур” наадам анх удаагаа орон нутагт зохион явагдах гэж байна. Энэ удаагийн наадмын гол түншлэгч, хамтран зохион байгуулагчаар  Төв аймгийн ЗДТГ хамтран ажиллаж буй. Төв аймаг бол 600 гаруй суудалтай шинэхэн театртай болсон ба энэхүү театрт анх удаа Улсын филармонийн Симфони найрал хөгжимчид, Монгол Улсын морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчид, Монгол Улсын консерваторийн үндэсний найрал хөгжимчид, найрал дуучид, мөн уралдааны оролцогчид гээд 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш том урлагийн баг очно. Аймгийн ард иргэд маш талархалтай хүлээж авч байгаа. Энэ удаагийн наадамд дуулагдах шинэхэн дууны анхны сонсогчид бөгөөд шүүгчид нь байх боломжийг Төв аймгийн иргэдэд олгож байгаа. Наадмыг сонирхсон нийслэлийн үзэгчид болон хөгжмийн салбарынхан амралтын өдрөөрөө очиж үзэх боломжтой гэж тооцоолсон.

 -“Морин хуур-33, 34” наадамд оролцож байгаа бүтээлүүдийн чансаа танд ямар санагдаж байна вэ. Шүүгчдээ хэрхэн сонгож байгаа вэ. Мөн оролцогчдын нэрсийг зарлалгүйгээр бүтээлийг нь дуудаж байсан ...

-Уран бүтээлийн хувьд маш сайн байгаа талаар нэг хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүгчид санал нэгтэйгээр хэлж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар ярилцан шийдвэрлэдэг. Уралдааны  нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтад зохиогчдын нэрийг зарлахгүйгээр  зохион явуулсан.  Хөгжмийн хүрээнийхэн бие биенээ мэдэх учраас нөгөө л таньдаг хүн нь шүүгч болно. Шүүгчид ч гэсэн олон сайхан дуутай нэр алдартай болсон хүмүүсийн бүтээлийг дэмжихийг бодно. Хэн ч гэсэн уралдаан, наадамд амжилт үзүүлэхийг бодно шүү дээ. Мөн хоёрдугаар шатны шалгаруулалтад шүүгчдийг ч хэн байгааг нь мэдэгдэхгүйгээр танхимд суулгасан. Зохиогчдын нэрийг зарлахгүй шалгаруулалт явуулсан чинь шинэ залуу нэг хөгжмийн зохиолчийн гурван дуу хоёрдугаар шатны шалгаруулалтад шалгарсан байсан. Энэ л шударга шүүн тунгаасан гэдгийг илэрхийлж байгаа юм.

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хурал 2019 оны арванхоёрдугаар сард болж, та тэргүүнээр сонгогдсон. Төд удалгүй дэлхий дахинаа тархаад байгаа “Ковид-19” цар тахал үүссэн тул дорвитой ажил хийгдэж амжаагүй байлгүй ...

-Би хөгжмийн зохиолчдын холбооны 2005 оны гишүүн л дээ.  Тэгэхдээ үнэнийг хэлэхэд идэвхтэй гишүүн байгаагүй ээ.  Тухайн хурал зохион байгуулагдах өдөр амралтын өдөр таарсан учраас сонирхохоор очоод тэргүүнээр сонгогдчихсон. Холбооны тэргүүн гэдэг нь удирдах зөвлөлийн дарга л даа. Олон жилийн түүхтэй энэ сайхан байгууллагын нэр төрийг өндөрт өргөж явахыг л хичээж байна. Уралдаан, наадмын хувьд бол 33, 34 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, гишүүдийн бүртгэл мэдээлэл гээд засаж сайжруулах асар олон ажил манай шинэ удирдлагын багийн өмнө байгаа.

-Наадам болгоны дараа элдэв яриа хөвөрдөг. Түрүүлсэн бүтээлүүд ер нь танд нүдээ олсон мэт санагддаг уу?

-“Морин хуур” наадмыг анх санаачлан зохион байгуулсан хүмүүст талархмаар юм бол оны шилдэг дуу шалгаруулах энэхүү арга хэмжээ юм. Уралдаан гээгүй байгаа биз. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурав хамтын сайхан бүтээлээ наадамдаа оролцуулж, сайхан сэтгэлийн цэнгэл эдэлдэг байсан сайхан уламжлал бий. Ер нь бол ямар ч эрдэм чадал, мэдлэг мэргэжилтэй байсан ч нэгнийхээ бүтээлийг дүгнэнэ шүүнэ гэдэг бол амаргүй зүйл. Хамгийн сайн шүүгч бол цаг хугацаа юм.

-Оны шилдэг дуу гэсэн хирнээ нийтэд түгээгүй нь элбэг байдаг. Тиймээс сонсогч, оролцогчдын хардалтыг улам төрүүлдэг бололтой ...

-Энэ наадмын зорилго нь Монгол дууны урын сан, дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн, содон бүтээлээр баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх. Мөн хөгжмийн үгтэй бүтээлийн мэргэжлийн чиг хандлага, хөгжлийг тодорхойлох зорилгын хүрээнд зохион явагдаж байгаа учраас нийтэд хүрэх гэдэг ойлголт бол их өөр асуудал юм.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр таны өмнө ажиллаж байсан. Түүний ажлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Төрийн бус байгууллага болон тэр тусмаа мэргэжлийн холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ гэдэг амаргүй ажил. Төрийн ямар ч дэмжлэг байхгүй үед буюу сүүлийн 30 жил энэ байгууллагын үйл ажиллагааг гал алдуулахгүй авч ирсэн хүмүүст бүгдээрэнд нь талархах хэрэгтэй.                                                       

 -Таны үндсэн ажил бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт Хэлстийн дарга . Хөгжмийн зохиолчдоо төртэй илүү ойр байлгах болов уу гэсэн бодол мэргэжил нэгтнүүдэд тань байгаа юм билээ. Энэ талд та мэдээж анхаарч ажиллах байх ...

-Монгол хөгжмийн урын сан гэдэг бол төрийн бодлогын хүрээнд авч явах ажил юм.  Нийгмийн шилжилтээс өмнө хөгжмийн зохиолчдын холбоо төрийн статустай байгууллага байсан. Төрийн бус байгууллага болсноороо үйл ажиллагаа нь бүх талдаа доголдсон гэж хардаг. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг” гэдэг шиг хэдэн хүн ёстой эзэмшсэн мэргэжилдээ хайртай, дуртайдаа л энэ хүнд хүчир ажлыг хийж гүйцэтгэж, өдийг хүртэл ирсэн байх. Хөгжмийн асуудал бол миний хариуцсан ажлын чиг үүрэгт байгаа нэг л салбар нь. Монгол хөгжмийн урын сангийн асуудалд төрийн болон төрийн бус гэдэг ойлголт байхгүй. Миний бие хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Тиймээс холбооны өдөр тутмын үйл ажиллагаа болон төсөв санхүүгийн асуудалд огт оролцдоггүй ээ. Тусдаа ажлын баг байгаа. Соёл урлагийн салбарын бодлогын баримт бичгүүдэд хөгжмийн урлагийн хөгжлийн асуудлыг хэрхэн тусгаж, бодлогоор дэмжих вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж ойлгож болно.

-Та төрийн байгууллагад ажлаад уран бүтээлээсээ нэлээн хөндийрч байх шиг. Таны аялгуугаар бүтсэн Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, дуучин Д.Цовоо нарын “Сэтгэлээ өгсөн хайр”, С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр”, Ч.Бат-Эрдэнийн дуулсан “Миний нутгийн нуур”, соёлын тэргүүний ажилтан Б.Энхмэнд, Г.Чинболор нарын “Жиндээх салхигүй хорвоо”, Р.Дэлгэрмаагийн “Итгэлийн гэрэлтэй амраг”, С.Бичүүгийн Будаггүй уруулын амт” зэрэг дуу хит болсон шүү дээ. Дээрх дуунуудыг та оюутан байхдаа бичсэн юм билээ. Тэр үед ид онгодтой, уран бүтээлийн эрэл хайгуултай байж ээ…

-Бүтээлийн хувьд бол хобби байдлаар л ханддаг болж дээ. Монголд хөгжмийн уран бүтээл болон аливаа уран бүтээл туурвидаг хүн бүтээлийнхээ үр шимээр амьдрах боломж маш ховор байгаа. Гол зүйл нь зохиогчийн эрхийн асуудал. Миний хувьд энэ шударга бус зүйлийг өөрчлөхийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулан ажиллахаар зориг шулуудсан. Сүүлийн 10 гаруй жил салбарын эрх зүй, бодлогын орчинг л судалж, энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байна.

-Хоёр удаа тайлан тоглолтоо хийсэн байдаг ...

-Тийм. Уран бүтээлийн хоёр ч цомог гаргаж, Монгол бөхийн өргөөнд 2006 онд, “Улаанбаатар паласс”-т 2007 онд тайлан тоглолтоо хийж байсан. 2008 оноос төрийн албанд ороод уран бүтээлээ бараг орхисон доо. Төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах албан тушаалд найман жил, төрийн захиргааны байгууллагад сүүлийн зургаан жил ажиллаж байна.            Дуу бүжгийн чуулга, Хөгжимт драмын театр, Улсын филармони, Урлагийн хэлтэс гээд хөгжмийн ажлаа хийсээр л явна.

-Ярилцсанд баярлалаа

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Батхуяг: Олон жилийн түүхтэй энэ сайхан байгууллагын нэр төрийг өндөрт өргөж явахыг л хичээж байна  
Үзсэн: 2981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй