Шууд Chart

Аваргууд аваргын төлөө...

2021-12-13 10:14:15

Цуврал 3 тоглолтод шийдэгдэж, “Хасу” хожсоноор цааш шалгарсан. Ингэснээр “Дээд лиг”-ийн аваргаа хамгаалах боломжтой болж байна.

Тэд ийнхүү Дээд лигт 2 дараалан аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Энэ жил тойргийн амжилтаар 3-р байрт шалгарч, 2-р гарсан хүчтэй өрсөлдөгч “Эрчим”-тэй хагас шигшээд таарсан. Тус шатанд түрүүлж 2 хожсон баг нь ялах дүрэмтэй байв. Цувралын эхний тоглолтод “Эрчим” 3:0 харьцаатай хожсон. Тухайн тоглолтод “Хасу”-д ямар ч боломж олгоогүй гэж хэлж болно. Гэхдээ цувралын 2 дахь тоглолтод гарч ирсэн “Хасу” эхний тоглолтын “Хасу” биш байлаа. Ялангуяа багийн ахлагч А.Даваажаргалын тоглолтыг онцлох хэрэгтэй. Тэрээр 2 дахь тоглолтод багаа манлайлж, хожлын гол <<түлхүүр>> тоглогч нь байсан юм.

Цувралын 2 дахь тоглолтыг эргэн саная. “Хасу” эхнээсээ илүү явж дараалан 2 ээлж хожсон. 3-р ээлжийг алдсан ч 4 дээр төгсгөлд оноо бариад тоглолтыг дуусгаж чадсан. 4-р ээлжид “Эрчим” багаас шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Гэсэн ч дараа нь бичлэгийг дахин үзэхэд шүүгчид алдсан зүйл харагдаагүй. Б.Батсуурь довтолгооны дараа торонд хүрэхэд алдаа гэж үзсэн тухайд бөмбөг зэрэг шахам ойролцоо унасан тул 100% шүүгчийн үзэмжээр шийдэх нь зүй ёсны хэрэг байсан нь харагдсан. Тэмцээн зохион байгуулагчид болон багууд техникийн зөвлөгөөний хурал дээрээ бичлэг үзэхгүй байх шийдвэр гаргасан юм билээ. Тэгэхээр телевиз удаашруулан үзүүлж байгаа ч шүүгчид үзэлгүйгээр шийдвэрээ гаргана.

Одоо 3 дахь тоглолт руу орцгооё. Ямар ч спортод PLAYOFF-н цувралын шийдвэрлэх тоглолт гэдэг 100% сэтгэл зүйн тулаан байдаг. Гэхдээ мэдээж хувилбар, тактикууд тулгуур бөгөөд гол чухал хүчин зүйл нь юм. Ямар ч нөхцөл байдал тулгарсан солилцоо болон өөрчлөлт шинэчлэл бэлэн байх ёстой. Нэг ёсондоо дасгалжуулагчдын баг болзошгүй зүйлсийг урьдаас таамаглаж, бүгдийг тооцоолсон байх шаардлага тулгардаг.

ТАКТИК - “Хасу”-гаас холбогч М.Мөнхсайхан 6-р бүсээс тоглолтыг эхлүүлсэн. Улмаар эхний ээлжийн хожлыг тэд авсан юм. Шийдвэрлэх 5-р ээлжид ч энэ байрлалаараа тоглон хожсон. Дасгалжуулагч ОУХМ Л.Баатархүрээ тоглолтын дараа “Манай багийн хожсон гол шалтгаануудын нэг нь энэ өөрчлөлт байлаа” гэж ярьсан. Үүнтэй ч 100% санал нийлнэ. Улиралд М.Мөнхсайхан тогтмол 1-р бүсээс тоглолтыг эхлүүлж байсан. 6-р бүсээс тоглолтыг эхлүүлснээр урд бүсэд 3 довтлогчтой, хамгийн гол нь өндөр хаагчид илүү удаан хугацаанд урд тоглохоороо давуу. Мөн эсрэг багийн байрлалтай хаалт, хамгаалалтаа оноож тааруулах тооцоолол нь ч давхар явж байгаа. Тэгвэл эсрэг талд “Эрчим” багийн гарааны байрлалд холбогч О.Золбоо урд бүсээс тоглолтыг эхлүүлж байсан нь ялгаатай.

“Хасу” эсрэг багийн довтолгоог хааж оноо авч, хаалтаар сарниулж, хүчийг сулруулахгүй л бол хожихгүй тоглолт байсан. Тиймээс ХААГЧИД нь ч бүхнээ гаргалаа. Ж.Батжаргал багаа тэргүүлж 4 оноо хаалтаар авсан. Нөгөө хаагч Э.Алтангэрэл ч үүргээ сайн биелүүллээ. Ялангуяа довтолгоонд сайн байсны сацуу алдаагаар 2 оноо л өгчээ. Эсрэг багаас хаагчийн байрлалд залуу тоглогч М.Мөнхтөгөлдөр гараанд тоглосон. Түүний хувьд багийнхаа төдийгүй талбайд тоглосон нийт тоглогчдын хамгийн отгон нь байв. 19 настай залуу хаагчийг урд бүсд байх үед “Хасу”-гийн холбогч М.Мөнхсайхан хаагчийн зөрүүгээ гаргахыг хичээж, нам хагасын довтолгоо түлхүү явж байлаа. Довтолгоогоор Э.Алтангэрэл 9, Ж.Батжаргал 6 оноо авсан нь “Хасу”-гийн энэ тактиктай шууд холбоотой.

Холбогч М.Мөнхсайханы хувьд үнэхээр тоглолттой өдөр байлаа. Түүний сайн тоглолтын ачаар бусад 5 байрлалын тоглогчид нь бүгд оноо/алдааны харьцаа + үзүүлэлттэй гарсан юм. Мөн давуулалтаар 2 оноо багтаа авчирсан нь ийм чухал тоглолтод <<ус агаар>> мэт хэрэгтэй, багаа сэргээсэн оноонууд байлаа.

Багууд аль аль нь солгой довтлогчтой. Аль аль нь арын бүсийн довтолгоотой. Урд бүсэд өндрөөс барих, хурдан цохих довтлогчидтой. Хоёулаа 2019 оны лигийн багийн цөмөө хадгалж яваа тул ойлголцол асуудалгүй. Гэсэн атал “Хасу” яагаад илүү олон довтолгооны хувилбартай байж, илүү олон довтолсон бэ?

✓ Шалтгаан-1. Өнөө л хаагчийн байрлал. “Нэгээр илүү бол мянгаар илүү” гэдэг. “Хасу” уг зарчмыг баримталсан уу гэвэл тийм. “Эрчим”-ийн 2 хаагч довтолж нийт 7 оноо авсан бол “Хасу”-гийн 2 хаагч довтолж 15 оноо авчээ. “Хасу”-гаас нийт 5 тоглогч 10+ оноо авсан бол “Эрчим”-ээс 2 тоглогч 10+ оноотой тоглолтыг дуусгасан. Довтолгоогоор авсан онооны харьцаа 60х52 байсан гээд статистикийн хувьд ч “Хасу” илүү байлаа. Багийн спортын аль ч төрөлд багаараа жигд тоглосон нь хождог нь <<бичигдээгүй хууль>> байдаг юм.

✓ Шалтгаан-2. “Хасу”-гийн чөлөөт хамгаалагч З.Буянжаргал. Түүний сайн хамгаалалт, дамжуулалтууд энэ бүх боломжийг үүсгэж, довтолгоог эхлүүлж байсан. Талбай дээрээ багаа уриалж, идэвхжүүлэх ажлыг ч маш сайн хийдэг. Эерэг хандлагатай, галтай хийморьтой тоглогч. “Эрчим” шиг хурдтай, хүчтэй довтолгоотой багийн эсрэг ингэж сайн хамгаалж байсан тоглогч энэ лигийн турш байсангүй.

✓ Шалтгаан-3. "Хасу"-гийн тоглолт илүү уян хатан байв. Шаардлагатай үед довтлогч С.Нямсүх холбож байлаа. Зориуд түүнийг холбогчоор тоглуулж урд, хаалтаа өндөрлөсөн солилцоо ч хийж байлаа. Хаагч Э.Алтангэрэл өндрөөр довтолсон мөн арын бүсийн болон намын довтолгоо илүү олон хийсэн гээд тоглолтын олон талт байдал илүү байв.

✓ Шалтгаан-4. “Эрчим” довтолгооны хувилбар дутуу байсанд мэдээж дасгалжуулагчдын багийн ажил, холбогчийн хувилбар сонголтууд хамгийн ихээр хамаатай.

Нэг жишээ дурдъя. Тоглолтын 4-р ээлжид оноо 3:3 байх үед Г.Цэнд-Аюуш эхний довтолгоогоо хийсэн. Улмаар оноог 9-7 болгож ойртуулахад тус ээлжийн эхний оноогоо авсан. Энэ онооноос өмнө 2 баг нийт 9 тоо явахад Г.Цэнд-Аюушаар 6 довтлуулсан юм. Үүний 3 нь алдааны оноо болон эсрэг багт очиж (2 гадаа цохиж, 1 хаалгасан), 3-г нь эсрэг баг хамгаалж тоглолтыг үргэлжлүүлсэн. Холбогчийн тоглолт мэдээж хамгаалалтын бөмбөгөөс шалтгаалдаг ч тоглолт нь сайн болохгүй байсан тоглогчоор нэг дор хэт олон удаа довтлуулсан нь зөв биш байсан гэдгийг тоглолтын дүн харуулсан. Байрлалын хувьд холбогч арын бүсэд, урд 3 довтлогчтой байх үе ч энэ хооронд таарсан. Үүнд дасгалжуулагч, холбогч хоёрын аль алийнх нь л шийдвэр байсан байх. Учир нь тус 6 довтолгооны дундуур завсарлага авсан ч мэдэгдэхүйц өөрчлөгдсөн зүйл гараагүй юм.

Г.Цэнд-Аюушийн тоглолт энэ үед болохгүй байсан шалтгаан нь эхний 3 ээлж довтолгоонд голлох үүрэгтэй байсан учраас өмнөх ээлжүүдээс харьцангуй суларсан байлаа. Довтолгооны дараа өвдгөө тулаад зогсож байх тохиолдол ч харагдсан. Түүнчлэн 2 өдөр дараалж тоглосон учраас тоглогчид бүгд ачаалалтай байсан нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Харин “Хасу”-гийн довтлогчид ачаалал харьцангуй тэнцүү байсан учраас 4, 5-р ээлжид илүү нөөцтэй гарч ирсэн. Энэ нь мэдээж дасгалжуулагчийн оновчтой шийдвэр, солилцоонууд болон холбогчийн бөмбөг хуваарилалттай 100% холбоотой. Спортод TIMING буюу тохиромжтой зөв цагаа олж мэдэрнэ гэдэг үүн шиг чухал мөчид маш том зөрүү гаргаж чаддаг.

Дээрээс нь эхний 4 ээлж буюу тал солиогүй ээлжүүд дээр түрүүлж оноо салсан баг нь хожиж байв. Багуудын тоглолт ч тэнцүүхэн явагдаж байсан тул 25 оноонд тал солилгүй барина гэдэг хэн хэнд нь боломжгүй шахам харагдаж байсан. Харин 5-р ээлж гэдэг бол огт өөр зүйл. Тиймээс "Эрчим" 4-р ээлжийг 3:1 харьцаатай оноо илүү эхлүүлсэн ч ийн алдсан нь тоглолтын ЭРГЭЛТИЙН ЦЭГ болсон юм.

СЭТГЭЛ ЗҮЙ - Ялна гэсэн итгэл, сэтгэлийн хүч тэнхээ илүү байсан баг нь “Хасу” гэж хэлнэ. Яагаад гэвэл тэд цувралын хожил дутуу яваад хожлоо. Шийдвэрлэх 3 дахь тоглолтод ээлжийн хожил дутуу байснаа хожлоо. Цаашлаад 5-р ээлжид оноо дутуу явж байгаад хожлоо. Бүх биш юм аа гэхэд нэлээн олон талаар илүү байгаа баг л ингэж БАРЬЖ хождог юм.

Мөн багийн ахлагч А.Даваажаргал үргэлж урагшаа харж, урдахаа бодож тоглож байлаа. АЛДААГ АЛДААТАЙ НЬ ҮЛДЭЭНЭ гэдэг том давуу чанар. Дахин хэлэхэд багуудын тоглолт үнэхээр тэнцүүхэн байсан. Тиймээс алинаас нь ч алдаа гарч л байсан. Гэхдээ А.Даваажаргал багийн лидер тоглогчийн үүргээ чухал тоглолтод бүрэн ухамсарлаж алдаа дутагдлуудыг огт бодож, бухимдсангүй. Багийн залуусаа үргэлж урамшуулж, урагш түлхэж байв. ЛИДЕР тоглогч, САЙН тоглогч хоёрын ялгаа үүнд л оршдог. Энэ нь жижиг зүйл мэт хэрнээ сэтгэл зүйн хувьд том дэмжлэг болж байв. Тэнцүүхэн тоглолт дээр жижиг детайлийн ялгаа ч тоглолтын хувь заяаг шийдэж болдог.

Зүйрлэвэл "Хасу" - НЭГ ЗҮҮТЭЙ ЛУУЖИН мэт, "Эрчим" - ГУРВАН ТОЛГОЙТ ЛУУ мэт байлаа гэж хэлж болно. "Эрчим"-ийн хувьд дор дорноо өөр юм бодож төлөвлөөд, асуудлыг багаар биш хувь довтлогчийн ур чадвараар шийдэх гээд байх хандлага цөөнгүй ажиглагдаж байсан. Зарим тоглогчдоос нь "БИ" төвтэй зан чанар ч гарч байдаг нь олны өмнө ил байдаг. 4, 5-р ээлжид хэрэв бэлдсэн зүйл нь дууссан бол тоглогчиддоо найдахаас ч өөр аргагүй болсон байж ч болох юм. COMMUNICATION буюу харилцаа холбоо бол багийн спортын НОМЕР НЭГ зүйл байдаг. Хөндлөнгөөс харахад л харилцаа холбоо дутмаг, хэн нь багийн лидер, хэн нь ямар үед тоглолтоо авч явах нь мэдэгдэхгүй байв. #7 юу эсвэл #14 үү, #4 үү. Баг дотроо ч учраа яг сайн олж өгөхгүй байгаад л тоглолт дуусаж байгаа харагдсан.

Харин "Хасу" чухал үед гол довтлогч нь ойлгомжтой. Б.Баярсайхан 5-р ээлжийн эхэнд алдаагаар 3 оноо эсрэг багтаа өгсөн ч төлөвлөснөөрөө явж, нэгэндээ өгсөн итгэлээ алдалгүй түүнээр довтлуулсаар байгаад л хожлоо авч чадсан. Ер нь ямар ч тохиолдолд баг ч бай, нэг хүн ч бай өөрөө өөртөө итгэхгүй бол огтхон ч үр дүнд хүрч чаддаггүй.

Багийн зорилго тодорхой байна гэдэг ялсан ч, ялагдсан ч алдаан дээр суралцах боломж олгодог. Орчин үеийн спортод ийм алдаа хүртэл ялгаатай болсон. Тодорхойгүй байдлаас хожигдох нь суралцаж, засах нөхцөл бага учраас ийм ялагдлыг дэлхийн дээд түвшинд байж болохгүй зүйл гэж үзэх болсон. Тиймээс хожигдоход ч нарийн учиртай. Ер нь тохирч, төлөвлөснөөрөө тоглохгүй бол бэлтгэл сургуулилтад цагаа үрж, хөлсөө урсгахын хэрэг юу билээ.

"Эрчим"-ийн багийн ахлагч З.Цэнд-Аюуш ур чадвар өндөр, даруу төлөв мундаг тоглогч. Хайвал өө бага хэдий ч хэт даруу дөлгөөн байдал нь ийм нөхцөлд бол сул тал болох талтай. Дуугарах ёстой, удирдах ёстой, урамшуулж, урагшлуулах учиртай тоглогч нь үүргийн хувьд ч, эрэмбийн хувьд ч тэр шүү дээ!

"Хасу"-гийн гарааны тоглогчид Б.Баярсайханаас бусад нь лигийн аварга болсон тоглогчид учраас өрсөлдөгчөөсөө туршлага, ур чадвар, сэтгэл зүйгээр илүү юу л гэхээс дутах зүйлгүй. Сул тал ч тун бага. Энэ жигд тоглогчдоос онцлох 2 тоглогч бий. Яагаад гэвэл тэд Л.Баатархүрээ дасгалжуулагчийн <<НУУЦ ХӨЗРҮҮД> байсан юм.

Б.БАЯРСАЙХАН - Тэрбээр гадны оронд галуу шувууны мах идэж, волейболын спортын номыг нь үзэж, ногоотой шөлийг нь ууж байгаа тамирчин. Энэ өрсөлдөөнд яах аргагүй бусдаас ялгарч байлаа. Шийдвэрлэх мөчид түүний авсан оноонууд багаа хожиход голлох үүрэгтэй байсан. Тоглолтын шилдгээр тодрох нь ч зүй ёсны хэрэг байв. Үсрэлт тэсрэлт, ур чадвар, арга ухаан гээд давуу байдал үүсгэх үндсэн чанаруудаас гадна тоглолтын ачаалал даах чадвар, тэсвэр маш сайн тамирчин гэдгээ харууллаа. Бэлтгэлээс гадна хувийн зохион байгуулалт, төлөвлөгөө сайн, хорт буруу зуршилгүй, амьдралын зөв хэвшилтэй тамирчид л ийм байж чаддаг. Хоёр өдөр дараалан өндөр хэмнэлтэй тоглоход тамирчдын ХЭН НЬ ХЭН БЭ гэдэг нь ч багагүй танигдлаа. Тамирчны хувийн зохион байгуулалт нь маш өргөн ойлголт бөгөөд нойр, хоолны хэмжээ, цагаас эхлээд энгийн юм шиг хэрнээ маш олон нарийн төвөгтэй, чухал зүйлс байдаг.

Нөгөөх нь мэдээж С.НЯМСҮХ - “Хасу”-гийн 2019 онд лигийн түрүү хүртсэн бүрэлдэхүүнээс Релия Диксон, М.Цэрэнбаатар, Э.Энх-Амгалан гэсэн 3 шилдэг довтлогч гарсан. Тэдний үлдээсэн сул орон зайг энэ залуу ганцаараа бүрэн орлож чадаж байна. Хагас шигшээ цувралын 3 дахь тоглолтод 18 оноо авч сайн тоглосон. Мөн алдаа 6 байсан нь 2 багийн нийт довтлогчдоос хамгийн бага үзүүлэлт болов. 5-р ээлжийн төгсгөлд Б.Баярсайхан түлхүү довтолсон ч С.Нямсүхийн сайн тоглолт, довтолгоонууд эхний 4 ээлжийн турш багаа аварч, <<амьд үлдээж>> байсан юм. Түүнгүйгээр 5 гарах байсан эсэх ч эргэлзээтэй. Яах аргагүй тоглолтын гол баатруудын нэг нь Сүхжин байв.

Дасгалжуулагч Л.Баатархүрээ 2019 оны лигийн бүрэлдэхүүндээ багагүй <<цус сэлбэж>>, залуучуудаа оруулж ирсэн нь үр өгөөжөө ихээр өгч байна. Тэгвэл “Эрчим” багаас солигдсон залуу тоглогч М.Мөнхтөгөлдөр хаалтанд сайн байж 4 оноо авсан ч зарим тохиолдолд сул тал болж байсныг дээр дурдсан. Ерөнхий утгаар ч, шууд утгаар ч багийн спортод UPDATE хамгийн чухал зүйлсийн нэг.

“Хасу” цувралын эхний тоглолтод хожигдсон нь ч үүнтэй холбоотой. Тэд тойргийн шатанд тоглож байсан арга барил, хэв маягаараа байсан. Өөрөөр хэлбэл өөрчлөлтгүй, өмнөх хэв маягаараа тоглочихсон. Багууд хоорондоо таарах нь 3-р тойргийн эхнээс тодорхой болоод байсан тул “Эрчим” үүнд үнэхээр сайн бэлдэж, судалсан байлаа. Тэр ч утгаараа сэхээ өгөлгүй, 3 ээлжид хожиж чадсан.

Харин 2 дахь тоглолтод “Хасу” хариуг нь өглөө. 3 дахь тоглолтод ч “Хасу” хэд хэдэн талаар багагүй өөрлөлт хийж, хариу нүүдлүүд хийсэн. Тэгвэл “Эрчим”-д хариу нүүдлийн эсрэг хариу нүүдэл байсангүй. Зүгээр л “Үнэн хүчийг үзэн барилдана” гэдэг шиг сайхан үзэлцчихэв үү л гэж харагдаж байлаа.

Энэ цувралд шилдэг тамирчид олон байсан тул дасгалжуулагчдын НҮҮДЭЛ буюу хүүгээ хэзээ түлхэх вэ, бэрсээ хэзээ түлхэх вэ гэдэг маш чухал байв. Иймээс дасгалжуулагчийн нөлөө, тактикийн шийдлүүд, солилцоонууд ялалтын ихэнх хувийг шийдлээ гэж хэлэхээр байна.

Хоёр багийн тамирчдын хувьд бүгд өөрсдийн ажлаа сайн хийлээ. Гаднаас харахад өөр ч тэд маш их бэлтгэл хийж, олныг тооцож төлөвлөж, бүхнээ дайчилсан нь гарцаагүй. Үзэгчдийн төдийлөн мэдэхгүй, хөшигний ард болж байдаг зүйл олон бий. Гэвч зөвхөн нэг нь л хождог нь спортын дүрэм. Тиймээс том тоглолтын тэнцүү өрсөлдөөнд дэлхийн аль ч спортод хэзээнээсээ хэн илүү хичээж, илүү хөдөлмөрлөж, эерэг хандлагатай, эерэг уур амьсгалтай байсан нь багахан зөрүүн дээр ч ялгарч алдрын тавцанд зогссоор ирсэн байдаг.

Багууддаа медалийн төлөөх тоглолтуудад нь амжилт хүсье! Бидэнд гайхалтай 3 тоглолтын 12 сетийг толилуулсанд талархаж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Аваргууд аваргын төлөө...  
Үзсэн: 6230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй