Шууд Chart

“Энагурэ” энүүгээр зогсохгүй

2021-12-22 17:45:41

Өмнө нь тэд 5 удаа лигийн тэмцээнд оролцохдоо 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж байсан бахдам амжилттай. Ингэхдээ 2008-2011 онд 4 лиг дараалан аваргын төлөө өрсөлдөж 2009, 2011 онд түрүүлж, 2008, 2010 онд мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2011 оноос хойш 8 жил завсардсан Дээд лиг 2019 онд эргэн сэргэхэд “Энагурэ” клубийн шинэ үеийн тамирчид амжилтын буухиаг үргэлжлүүлж, 3 дахь аваргын цомыг нь авчирсан юм. Тус багийн “Дээд лиг”-ийн тэмцээний түүх товхондоо ийм.

Ийм шилдэг амжилттай баг яагаад аваргын төлөө өрсөлдөж чадсангүй вэ?

2020 онд лигийн тэмцээн цар тахлын улмаас зохиогдоогүй. Энэ байдал 2021 онд ч үргэлжилж “Дээд лиг” зохиогдох эсэх нь тодорхой бус байлаа. Тиймээс тамирчдын хувьд цаг хугацаа тун хохиролтой өнгөрч байсан юм. Энэ үед “Энагурэ” багийн эзэн Жан Жин Хун болон дасгалжуулагч Б.Хэрлэн нар тамирчдаа БНСУ-д сургахаар шийдсэн аж. Үүнд 2019 оны Дээд лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч, багийн ахлагч С.Булгантамир, 2019 оны Дээд лигийн шилдэг хаагч П.Энххүслэн, багийн холбогч Д.Анужин нар багтжээ. Энэ гурван тоглогч 2019 онд яах аргагүй “ИХ ГУРВАЛ” бүрдүүлж, лигийн турш шилдэг тоглолт үзүүлж байсан. Гэвч П.Энххүслэн өөрийн хүсэлтээр эх орондоо үлджээ. Ингээд цар тахлын байдлыг даван туулж, 2021 оны 9-р сард С.Булгантамир, Д.Анужин нар хилийн дээс алхсан юм. Тэд одоо БНСУ-д амьдарч, суралцаж байна.

Үүнээс 2 сарын дараа “Дээд лиг”-ийн тэмцээн эхлэхээр болж, тов гарлаа. Лиг эхлэхэд “Энагурэ” багт багагүй өөрчлөлт орсон байлаа. Хамгийн онцлох нь 2019 оны лигт гарааны бүрэлдэхүүнд тоглож байсан 4 тоглогч байхгүй байв. БНСУ-ыг зорьсон 2 тоглогчоос гадна 2019 оны лигийн шилдэг хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам, спортын мастер Т.Ундармаа нар “Хилчин” багруугаа буцсан юм. Нэмээд 2019 оны лигийн шилдэг довтлогч Д.Эрэнэбулган. Тэрээр 2020 онд “Энагурэ” багтай нэгдээд байсан ч хувийн шалтгаанаар 2021 оны лигт оролцох боломжгүй болсон юм. Мөн л тэмцээн болох эсэх нь тодорхойгүй байсантай холбоотой. Дээрээс нь 2019 онд багийн гараанд тоглож байсан чөлөөт хамгаалагч, спортын мастер М.Санчирмаа талбайд гарахгүй байв. Бас л тодорхой шалтгаантай байсан юм билээ. Эндээс дүгнэхэд гараанд тоглох 6 тоглогч нь байгаагүй гэж ойлгож болно.

Тэгвэл багийг хэн авч явсан бэ?

2019 оны “Дээд лиг”-ийн аварга Э.Бадамцэцэг, П.Энххүслэн, Х.Өэлүн нар тус багийн “СУУРЬ” болсон юм. Тэд 2019 оны лигийн турш гарааны бүрэлдэхүүнд тоглосон туршлагатай. Багаа аварга болоход ч чухал үүрэгтэй байсан тамирчид. Амжилтыг нь ч үнэлж “Дээд лиг”-ийн нээлтийн ажиллагааны үеэр Э.Бадамцэцэг, П.Энххүслэн нарт спортын мастер цол хүртээсэн.

Ингээд тэмцээн ч эхэллээ. Багийг П.Энххүслэн ахалж, талбай дээрх довтолгоо, тоглолтын лидер нь мэдээж Э.Бадамцэцэг. Энэ нь тэмцээний эхнээс л харагдаж байв. Харин гарааны бусад тоглогчид Д.Түмэнцэцэгээс бусад нь анхны лигтээ оролцож буй залуу тоглогчид байлаа. Ийнхүү тэдгээрийг эвлүүлэн нэгтгэж, ур чадвар арга барилыг нь “сүлэн, найруулах” хүндхэн даалгавар багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Хэрлэнд ногдсон юм.

Аваргуудын орон зайг хэн нөхсөн бэ?

Гарааны бусад 4 тоглогчийг танилцуулъя.

✓ Довтлогч - Г.Саруулгэрэл (Говь-Алтай аймгаас гаралтай)

✓ Довтлогч - Э.Хүслэн (Хэнтий аймгаас гаралтай)

✓ Холбогч - Д.Түмэнцэцэг (Төв аймгаас гаралтай)

✓Чөлөөт хамгаалагч - Н.Баасанжав (Сэлэнгэ аймгаас гаралтай)

Тэдний өсөж төрсөн газраас харахад л бүх зүйл өөр гэдэг нь ойлгомжтой. Зан ааш, нас, туршлага гээд бүх зүйл ялгаатай. Волейболын спортыг заалгасан, сурсан арга барил ч ондоо. Багийн спорт тэр дундаа волейболд ойлголцол гэдэг маш чухал. Яагаад гэвэл сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спорт шиг бөмбөгөө эзэмшээд зогсож болдоггүй. Нэг л хүрэлтээр тоглодог учраас бүх зүйл ян тан явж байж л хождог нь бичигдээгүй дүрэм. Энэхүү хоорондын харилцаа, уур амьсгал, ойлголцлыг багт суулгая гээд л суулгачихдаггүй. Тэгээд л болчихдог байсан бол утга ч үгүй. Мэдээж цаг хугацаа хамгийн хэрэгтэй.

Тухайлбал гарааны довтлогч Г.Саруулгэрэл тэмцээний өмнөхөн багтайгаа нэгдсэн. Лигийн турш сайн тоглож, тэмцээний төгсгөлд багаа довтолгооны нийт оноогоороо тэргүүлсэн юм. Ийм хугацаанд үүнээс илүү тоглоно гэдэг хэцүү. Түүнийг багтаа авсан нь “Энагурэ” багийн удирдлага, дасгалжуулагчдын хамгийн зөв шийдвэр байсан юм. Дээд лигийн шилдэг тоглогчийн үлдээсэн маш том орон зайг Г.Саруулгэрэл нөхөж чадсан.

Багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчдоос энэ байрлалд тоглох боломжтой тамирчин спортын дэд мастер Г.Халиун байв. Тус багт хамгийн удаан тоглож байгаа тамирчдын нэг. Гэвч тэмцээний өмнө коронавирусний халдвар хоёр ч удаа авсан тул эргэн сэргэж, тоглолтоо олоход хэцүү байсан биз. Ковидийн халдвар авсан тамирчдын хувьд клубийн түвшний бэлтгэл, ялангуяа “Энагурэ” шиг ачаалалтай, шахуу бэлтгэлээрээ ялгардаг багт бэлтгэлийн ачааллыг давна гэдэг өөрөө маш хүнд сорилт болсон нь дамжиггүй. Тиймээс шинэ тоглогч авах шаардлага тулгарч Г.Саруулгэрэл ирснээр уг асуудлыг шийдсэн юм.

Харин Н.Баасанжав, Э.Хүслэн нар тэмцээний өмнө шинээр ирсэн тоглогчид биш учраас Д.Сосорбурам, Т.Ундармаа нарын шилдгүүдийн орон зайг боломжийн нөхчихсөн. Гэхдээ лигийн эдгээр шинэ тоглогчид өмнө нь огт хамт тоглож байгаагүй гэсэн үг биш. Дасгалжуулагч Б.Хэрлэн өмнө нь “Энагурэ” багт ажиллаж байх үед Д.Түмэнцэцэг тус багт байсан. Дараа нь 2019 оны лигт “Дархан Сеть” багийг удирдан лигт оролцоход мөн багшийгаа даган тус багаас тоглож байлаа. Гэхдээ 2021 оны лигийн “Энагурэ” өмнө нь байсан “Энагурэ” биш учраас Д.Түмэнцэцэгийн хувьд бүх зүйл шинээр эхэлсэн гэж ойлгож болно. 

Г.Саруулгэрэл 2020 оны Насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Хэрлэн дасгалжуулагчийн удирдлага дор “Завхан” багийн гарааны бүрэлдэхүүнд тоглож хүрэл медаль хүртэж байсан. Тус багт мөн Д.Түмэнцэцэг тоглож, тэмцээний шилдэг холбогч болж байв. Яг энэ тэмцээнд нөгөө талд “Сэлэнгэ” аймгийн баг 4-р байрт ороход Э.Хүслэн, Н.Баасанжав нар тус багаас тоглосон. Мөн 2020 оны Залуучуудын УАШТ-д “Энагурэ” багт хамтдаа тоглож түрүүлсэн. Гэхдээ үүнийг бага наснаасаа хамт тоглосон “Хилчин” багийн охид болон байгуулагдсан цагаасаа хамт тоглож, лигийн мөнгөн медалийн бүрэлдэхүүнээ хадгалсан “Хобби Эйс” багийнхантай харьцуулах аргагүй.

Гэхдээ л тэд энэ бүрэлдэхүүнээрээ аваргын төлөө шалгарах бүрэн боломжтой байсан. Өөрсдөөс шалтгаалсан алдаа дутагдлуудаас болж, хагас шигшээ цувралд “Хилчин” багт 2:1 харьцаатай хожигдсон юм. Тэмцээний турш эмэгтэй багуудаас хамгийн өрсөлдөөнтэй тоглолт “Энагурэ”, “Хилчин” багуудын хооронд гарч байлаа. Тухайлбал багуудын 3-р тойргийн тоглолтын 3-р ээлжид нийт 64 оноо авч, “Энагурэ” 33:31 харьцаатай хожсон нь тэмцээний дээд үзүүлэлт болсон юм. Тойргийн шатанд 3 тоглоход “Энагурэ” 2 хожиж байсан бол хагас шигшээд 3 тоглоход “Хилчин” 2 хожиж цааш шалгарсан юм. “Хобби Эйс” баг хэдийгээр “Хилчин”-г тойргийн шатанд 3 хожсон ч шигшээ цувралд “Хилчин” багт 3:1 харьцаатай ялагдсан. Энэ цувралыг хагас шигшээ шатанд “Хилчин”, “Энагурэ” багуудын цувралаас илүү өрсөлдөөнтэй байсан гэж хэлэхэд хэцүү.

“Энагурэ” дээрх багуудаас дутсан гол шалтгаан нь ойлголцол байсан. Ялангуяа чөлөөт хамгаалагч, холбогчийн байрлалд зэрэг өөрчлөлт орно гэдэг том эрсдэл. Энэ байрлалууд нь довтолгоог эхлүүлэн найруулдаг учраас багт хамгийн чухал байдаг. Мөн тоглолтын хувьд бусад бүх тоглогчидтойгоо тогтмол шууд хамтрах боломжтой байдаг учраас нэн тэргүүнд авч үзэх чухал байрлалууд юм. Хагас шигшээ цувралын 3 дахь тоглолтод маш их алдаа гарч эсрэг багт 4 ээлжийн тоглолтод алдаагаар 38 оноо өгсөн нь хожигдлын гол шалтгаан болсон. Тухайн тоглолтод “Хилчин” зүгээр л хамгаалалтаараа хожсон. Өөрөөр хэлбэл “Энагурэ”-д бөмбөгийг нь өгөөд өөрсдийнх нь алдаан дээр тоглочихсон юм. Энэ нь мэдээж санаандгүй зүйл биш. Судалгаа, тактик дээр тулгуурлан бэлдсэн зүйл гэдэг нь ойлгомжтой. Тухайн үед “Энагурэ баг Хилчинд биш өөрсдөдөө хожигдчихлоо доо” хэмээн тайлбарлаж байснаа санаж байна. “Хаана нимгэн байна тэнд цоорно” гэсэн орос хэлц байдаг. Нөгөө талаас нь харвал “Хилчин” үүнийг олж чадсан юм. 

Багийн спортод “Box to Box” буюу аль ч байрлалд, аль ч бүсэд ашигтай тоглож, багийн тэнцвэрийг хадгалж, үр ашгаа гаргадаг тамирчин хэрэгтэй байдаг. Энэ үүргийг 2019 онд “Энагурэ” багт Т.Ундармаа маш амжилттай гүйцэтгэж аварга болоход чухал үүрэг гүйцэтгэж байсан. Энэ жил дутагдсан нэгэн чухал зүйл нь энэ. Эсрэгээрээ “Хилчин” багийн довтлогч Г.Энхнаран хагас шигшээ цувралд урд бүсэд довтлогчийн үүргээ гүйцэтгэхээс гадна арын хамгаалалтад анхаарлаа хандуулан тоглож байсан нь гол зөрүү болсон юм.

Өмнөх тоглолтуудад ямар ч алдаа оноо гаргасан байж болно. Гэхдээ бүгдийг мартаад энэ тоглолтод хожиход л “Энагурэ” дахин аваргын төлөө шалгарах байлаа. Хамгийн чухал тоглолтдоо хамгийн гол сул тал нь хамгийн ихээр илэрсэн юм. Өнөө л ойлголцол. Ойлголцол байхгүй үед итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, идэвх зүтгэл, зориг тэвчээр гээд уг багаас харагддаг бүх л давуу чанарууд салхинд хийссэн мэт болж байлаа. Энэ үед тамирчид хэтэрхий хичээж, хожихгүй л бол болохгүй гэсэн дарамт өөрсдөдөө авсан нь ч уг ялагдалтай холбоотой.

Сэлгээнээс тоглолтыг өөрчлөх тамирчин байсан уу?

2019 оны “Дээд лиг”-т сэлгээнээс хамгийн гол үүрэгтэй байсан тамирчин бол А.Пунсалдулам. Тэрбээр ээж болсон тул мөн хувийн шалтгаанаар энэ лигт оролцоогүй. Түүний хувьд давуулагч хамгаалагчийн байрлалд маш амжилттай тоглож, 2019 оны шигшээ цувралын 3 дахь тоглолтын 5-р ээлжийг багийнхаа талд эргүүлж байсан. Ийм тамирчин энэ жил ихээр дутлаа. Сэлгээний гол тоглогч нь 16 настай Ж.Энхсоёл. Тойргийн шатанд багагүй хугацаанд талбайд гарч, ур чадвараа харуулж байсан. Гэвч хагас шигшээ шатны чухал тоглолтод арай нялхдах нь тодорхой тул дасгалжуулагч ч төдийлөн ашигласангүй.

Эндээс үзэхэд алт, мөнгөн медальт багуудаас “Энагурэ”-гийн дутсан гол зүйл нь багийн нөөц болон ойлголцол байжээ гэдэг нь харагдаж байна. Багийн спортод төлөвлөгөө, хувилбар тактик, сэтгэл зүй, дотоод харилцаа гээд олон чухал зүйлс байдаг. Гэхдээ тоглолт нь явахгүй, ойлголцохгүй байхад энэ бүгд дараагийн асуудал байдаг. Хэрэгжүүлж чадахгүй байвал тактик мянга яриад нэмэр байдаггүйтэй л адил юм. “Энагурэ”-гийн тамирчид сахилга бат, мэргэжлийн хандлага, дэг журам сайтай учир өөр бусдаар дутах учиргүй. Хамгийн эрт ирж, бие халаалтыг ч хамгийн түрүүнд эхлүүлж, хамгийн идэвхтэй хийдэг баг. Хоорондын харилцаа, эв нэгдэл ч тун сайн.

Сэлгээний тоглогч цөөн…

Б.Хэрлэн дасгалжуулагчид тулгарсан өөр нэг асуудал нь сэлгээнээс ашиглах тоглогч, сонголт маш бага байлаа. Учир нь багийн мэдүүлэгтээ БНСУ-д байгаа 2 тоглогчоо багтаасан байсан ч цаад талаас нь явуулах боломжгүй гэсэн юм билээ. Тэгээд тэмцээн эхэлсэн учраас байгаа хүчээрээ тоглохоос арга байсангүй. Хоёр тоглогчийн орон зайг дэмий алдана гэдэг баг доторх өрсөлдөөнд ч сөрөг нөлөөтэй. Лигийн турш тус багийн гарааны бүрэлдэхүүн ч ховор өөрчлөгдсөн. Энэ нь баг доторх өрсөлдөөн сул байгааг илтгэж байгаа ч нэг шалтгаан нь энэ байсан. Гэхдээ Б.Хэрлэн дасгалжуулагч Г.Саруулгэрэл, Э.Хүслэн, Н.Баасанжав, Д.Түмэнцэцэг, Ж.Энхсоёл, Д.Нармандах нарын 6 тамирчныг лигийн анхны медальд нь хөтлөн хүргэжээ.

Төсөөлөөд үзэхэд С.Булгантамир, Д.Эрдэнэбулган нарын лигийн шилдгүүд гарааны бүрэлдэхүүнд орж ирэхэд Г.Саруулгэрэл, Э.Хүслэн нар ард нь <<асаалттай танк>> мэт хүлээж байна гэдэг ямар ч багт айдас дагуулна. Гарааны хоёр бол ямар ч тоглолтод, ямар ч багийн эсрэг 10+ оноо тогтмол авч чадах шилдгүүд. Дараагийн хоёр бол 2022 оны лиг гэхэд дахин нэг түвшин ахиад ороод ирэх бүрэн боломжтой. Ур чадвар нь өдрөөс өдөрт дээшилж, туршлага нэмж яваа залуу тамирчид. Спортод хэрвээ гэж байдаггүй ч энэ жилийн лигт С.Булгантамир ирэхээ больё. Холбогч Д.Анужин ирэхэд л олон асуудал шийдэгдэж, “Энагурэ” асуудалгүй аваргын төлөө өрсөлдөх хэмжээний баг болчих өндөр магадлалтай.

Манай оронд үзэгчид, сонирхогчид довтлогчийн байрлалын тамирчдыг л үнэлж бишрээд, шүтээд байдаг. Хамгийн чухал байрлал болох холбогч ялангуяа чөлөөт хамгаалагчийг төдийлөн ойшоодоггүй. Тиймээс хүүхдүүд ч багаасаа ДОВТЛОГЧ л болно гэсэн зорилготой хичээллэх нь түгээмэл хандлага. Тиймээс нөөц ч хомс болжээ. Д.Анужингийн оронд холбогчийн байрлалд Д.Түмцэнцэг тоглосон. Тэмцээний турш багагүй шүүмжлэлд өртөж байсан нь үнэн. Гэвч илүү нь биш юм аа гэхэд түүнийг орлох хэмжээний лигийн түвшний тамирчин яг одоо байна уу. Баг клубт харьяалалгүй, дээд түвшинд тоглох тамирчин байгаа гэдэгт эргэлзэж байна.

Д.Түмэнцэцэг давуулалтын оноогоор бүх тоглогчийг тэргүүлж лигийн шилдэг давуулагч болсон. Тэрээр Б.Хэрлэн багштай 2 дахь лигтээ оролцсоныг дээр дурдсан. Энэ ч утгаараа багшийнхаа эрдмээс ихийг суралцаж байгаагаа харуулсан. ОУХМ Б.Хэрлэн холбогчийн байрлалд Дээд лиг болон шигшээ багт олон амжилт гаргаж байсан. Үүний нэг нь 1994 оны Азийн наадамд шилдэг давуулагчаар шалгарч байсан бахдам амжилт юм. Д.Түмэнцэцэг давуулалт дээр багшаасаа ихийг сурч, түүнийгээ ч талбай дээр хэрэгжүүлж чадсан. Азийн шилдэг давуулагч багшаас лигийн шилдэг давуулагч шавь төрсөн юм.   

Бөхийн төрлүүдэд манайд хүнд жингийн тамирчид тун хомс байдаг учраас өрсөлдөөн ч бага, үүнийгээ дагаад ахиц дэвшил, хөгжил ч бага байдаг. Үүнтэй адил холбогч, чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглогч цөөн байвал алсдаа энэ спорт хөгжихөд бэрх. Хөгжил дэвшил гаргахын тулд тэдгээр байрлалд тоглох тамирчид нэмэгдэх шаардлагатай. Багш нар ч энэ нөөцийг ахиулан сэргээх тал дээр анхаарах хэрэгтэй. Бодлогоор дэмжихэд ч буруу зүйлгүй. Үнэ цэнийг нь ч нэмэгдүүлбэл зохилтой. Тухайлбал 2016 оны Риогийн олимпын хамгийн хамгийн үнэ цэнтэй тоглогч Бразилын шигшээ багийн чөлөөт хамгаалагч Серхио Сантос болж байв. Харин манайд чөлөөт хамгаалагч лигийн MVP болж байсан түүх үгүй.

Н.БААСАНЖАВ - Үүнтэй залгаад ярихад “Энагурэ” багийн энэ жилийн амжилтын хамгийн чухал тоглогчдын нэг Н.Баасанжав байсан. Хамгийн хэл амгүй, багшийнхаа итгэлийг ихээр хүлээсэн тамирчин нь тэр байв. Анхаарал төвлөрөл сайн, тогтвортой тоглолттой, алдаа хий бага гээд сайн чанарууд олон. Лигийн тэмцээнд хийсэн нийт 22 тоглолтын турш өөрийгөө харуулж чадсан юм. Спортод болж байгаа зүйлийг өөрчлөлгүй хадгалж үлдэх нь чухал байдаг. Иймээс цаашид энэ багийн хамгаалалтыг түүнд даатгах нь тодорхой биз ээ.

Э.БАДАМЦЭЦЭГ - 2021 оны лигт “Энагурэ” багийн сүр сүлд нь тэр байлаа. Тэмцээний турш багаа болон нийт тамирчдыг өнгөлөн, манлайлж байсан. 2019 онд чадварлаг тоглолтоороо өөрийгөө таниулж байсан Э.Бадамцэцэг энэ жил лигийн шилдгүүдийн нэг болсон гэдгээ батлан харууллаа. “Цол дагаж бяр” гэдэг шиг аргагүй л лигийн аварга, аргагүй л мастер тамирчны тоглолтыг үзүүлсээр тэмцээнээ дуусгасан юм. Холбогчийн бөмбөг түүнийг чиглэхэд эсрэг багийнхан нь “ТЭСРЭХ БӨМБӨГ БАРЬСАН ТЕРРОРИСТ” харсан мэт сандралдаж байсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Түүний өвдөг илт зовууртай байсан ч тоглосоор тэмцээнээ дуусгасан. Энэ гэмтэл байгаагүй бол хувийн болон багийн амжилт нь өөр байх ч боломжтой.

Довтлогчийг FINISHER болон CREATIVE гэж 2 ангилдаг. Тэр бол CREATIVE буюу “БҮТЭЭДЭГ” довтлогч. Холбогчийн ямар ч бөмбөг, эсрэг багийн ямар ч хаалт, хамгаалалтын эсрэг оноо авах чадвартай. Мөн тамирчин хүний хамгийн гол чанаруудын нэг ДАЙЧИН чанар түүнд бий. Дээрээс нь ялагчийн сэтгэл зүйтэй учраас түүнийг дэмждэг хүмүүс ч их байдаг. Арга ч үгүй. Яагаад гэвэл ялагчид дургүй хүн гэж үгүй шүү дээ.

П.ЭНХХҮСЛЭН, Х.ӨЭЛҮН - Тэдэн шиг хаалтын хослол Монголд одоохондоо алга. Туйлын төгс хослол. ГАЛ, УС мэт хоёр өөр хүч. П.Энххүслэн “ГАЛ” мэт дүрэлзсэн тоглолтоороо багаа сэргээж, эрчтэй оновчтой, мэдрэмжтэй хаалтуудаар олон тоглолтын салхийг эргүүлж, багтаа үргэлж ашигтай байдал үүсгэдэг. Дахин шилдэг хаагч болоход нь ч хувийн амжилтаас гадна энэ чанар, нөлөөг нь үнэлсэн байх.

Х.Өэлүн бол “УС” мэт дөлгөөн тайван ч нөгөө талаа ус юуг ч даван дийлдэгтэй адил хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй тамирчин. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянан захирах чадвар сайн, алсаа хардаг, ухаалаг тоглогч. Энэ лигийн хагас шигшээ болон медалийн төлөөх цувралуудад энэ чанараараа бусдаас ялгаран, манлайлж байсан. Орчин үеийн спортод техник, ур чадвар, хурд хүчийг олон аргаар суулгаж болдог болсон тул ЗАН ЧАНАР л хамгаас чухал болоод байгаа юм. Ийм тамирчид ховордсон цаг үе. “Үндэсний Дээд лиг-2021” тэмцээний тухайд ингээд дуусгая.

“Энагурэ” цаашид яах вэ. Тамирчид хаашаа, юунд тэмүүлж гаднын орныг зорьсон бэ?

Спортын хамгийн том байгууллагуудын нэг FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо “Нэг зорилго, нэг дэлхий” уриа хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дэлхий нийтээр даяаршин хөгжиж буй өнөөгийн нийгэмд багийн спортын бусад төрлүүд ч энэ жишгийг дагах нь цаг хугацааны асуудал. Нэг ёсондоо волейбол өндөр хөгжсөн улс орнууд биш хөгжил дорой, доогуур орнуудыг илүү анхаарч дэлхий нийтээрээ хөгжинө гэсэн үг юм. Тиймээс монголчууд ч гэсэн байж болох хамгийн богино хугацаанд өөрсдийн тогтсон арга барил, хэв маяг, тоглолтын системийг олж байж тогтвортой хөгжлөө эхлүүлнэ. Үүний эхлэлийг тавьсан клубуудын нэг бол яах аргагүй “Энагурэ” билээ. 2008 онд албан ёсоор байгуулагдсан тус клуб өнгөрсөн хугацаанд 2009 онд Сербийн Белград хотноо болсон Оюутны Универсиад наадам, 2010 оны Ази тивийн АШТ, 2009 оны Азийн Оюутны АШТ (хүрэл медаль хүртсэн) зэрэг олон улсын тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж байсан.

“Энагурэ” багийн одоогийн тамирчид бол уг клубийн 3 дахь үеийн тамирчид. 2019 онд бүрдүүлж, лигийн аварга болгосон тус багийг 5 жилийн хугацаанд барих зорилготой байсан. Гэвч хоёр жил нь хорионд өнгөрсөн нь харамсалтай. Үе хурдан солигдож байгаа шалтгаан нь ч оюутны ангиллын тэмцээнд амжилт гаргах зорилготой. Тухайлбал Универсиад наадамд 25 хүртэлх насны тамирчид оролцдог. Лигийн шилдэг довтлогч Г.Хонгорзул, 2 удаагийн шилдэг холбогч Л.Хосбаяр нарыг багаасаа явуулсан гол шалтгаан ч энэ байсан аж. Нас нь болсон учраас дараагийн залуу үеээ авч бэлджээ. 

Одоо “Энагурэ” багийн дараагийн гол зорилго Дэлхийн Универсиад наадамд тамирчдаа оролцуулж, медаль хүртэх. Үүний тулд л гол тамирчдаа гадны оронд сурган, хөгжүүлж байна. Хөгжил нь зөвхөн тамирчны тоглолт, техник, ур чадвараар хязгаарлагдахгүй. Хувь хүний хөгжлөөс гадна дэлхийн хөгжлөөс туршлага сууж, том тэмцээнд нүд нээгдэх гээд олон дэвшлийг дагуулах учиртай. Универсиад наадам 2021 онд БНХАУ-д, 2023 онд ОХУ-д болох учраас газар зүй, зардал мөнгө гээд олон талаараа манайд ашигтай таарч байгаа юм.

Монголчууд багийн спортын төрлөөр Универсиад наадмаас медаль хүртэж байсан түүхгүй. Хэрэв волейболчид үүнийг бүтээж чадвал шинэ түүхийг бичих болно. Дэлхийд олон спортын төрлөөр бүх орны тамирчид ирж өрсөлддөг хоёр л наадам байдаг нь Олимп болон Универсиад юм. Ийм том наадамд Монгол Улсын баг медалийн тавцанд зогсох үед бид хэдийнээ дээд түвшинд очсон гэдгээ дэлхийд харуулах болно. Дотроо биш дэлхийтэй өрсөлддөг болох цаг ирнэ гэдэгт итгэн хүлээдэг. Монголын волейболчид дэлхийд гарах цаг мөч хурдан ирэх болтугай. Энэ багийн нэр ч “УНДРАХ, ОРГИЛОХ” гэсэн утгатай. Урагшаа тэмүүлцгээ охид оо. “ЭНАГУРЭ” ЭНҮҮГЭЭР ЗОГСОХГҮЙ!!!

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Энагурэ” энүүгээр зогсохгүй  
Үзсэн: 5830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй