
Улс орнууд хүлэмжийн хийг бууруулахын тулд технологи, инновацид илүү их хөрөнгө оруулах шаардлагатай
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт дэлхийн эрчим хүчний өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж байна. Яагаад гэвэл эрчим хүчний салбар хүлэмжийн хий ялгаруулалтын хамгийн гол эх үүсвэр гэдгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон. Хүлэмжийн хийн ялгаруулалтын 70 гаруй хувь нь зөвхөн эрчим хүчний салбараас гарч байна. Эрчим хүч дотроо уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж байна.
Тэгвэл өнөөдөр хүлэмжийн хий ялгарлыг бууруулахад улс орнуудын өмнө ямар боломжууд байна, ямар сорилтууд тулгарч байна вэ, улс орнууд эрчим хүчний шилжилт хийх төлөв байдал ямархуу түвшинд байна вэ.
Улс орнууд цаг уурын өөрчлөлт аж байдалд нь сөрөг нөлөө үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч, цаг уурын өөрчлөлтийн гол хүчин зүйл хүлэмжийн хий ялгаруулалтыг 2050 он гэхэд тэг түвшинд хүргэж бууруулахаар 2015 онд Парисын хэлэлцээрт зааж өгсөн. Хүлэмжийн хийг бууруулахын тулд зарим улс орон 2050, 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа тэглэх амлалт өгч, үндэсний бодлоготойгоо уялдуулсан шийдвэрүүд гарч байна. Гэхдээ хүлэмжийн хий ялгаруулалт улс орнуудын стратегийн чухал салбартай нягт уялдаатай учир уламжлалт эрчим хүчний хэрэглээг цэвэр ногоон эрчим хүчрүү шилжүүлэх зэрэг олон талын сорилт, шаардлага тулгарч байна.
Дэлхийн эрчим хүчний бодлого тодорхойлдог, өндөр хөгжилтэй орнууд нь байгальд ээлтэй эрчим хүчний хэрэглээ рүү аажмаар шилжих хандлагатай байна. Өнөөдөр Европын хөгжингүй, технологийн хөгжил өндөрт хүрсэн орнууд аль хэдийнэ ногоон эрчим хүч рүү шилжиж байна. Харин нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний уламжлалт эх үүсвэрээс эдийн засаг нь хамааралтай байдаг орнууд болон хөгжиж байгаа, буурай орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихэд эдийн засаг, дэд бүтэц зэрэг тал бүрийн сорилттой тулгарч байна. /зураг №4, 7, 8, 9-өөр дүрсжүүлэх/
Хэрвээ хүлэмжийн хий ялгаруулалтыг чадах чинээнийхээ хэмжээнд хязгаарлахгүй бол 2040 он гэхэд цаг агаар аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2.7 хэмээр дулаарах төлөвтэй байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа. Сэргээгдэхгүй эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр солиход цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зөв бодлого хэрэгжүүлэх гэх мэт олон талын чармайлтыг улс орнуудаас шаардаж байна.
ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ УЛС ОРНУУДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СОРИЛТ АВЧ ИРЖ БАЙНА
Эрчим хүч бол хүний анхдагч хэрэгцээний нэг. Энэ утгаараа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах нь аливаа улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг. Даяаршсан, технологийн хөгжил асар хурдтай урагшилж байгаа ийм цаг үед улс орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна вэ?
Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг Эрчим хүчний эх үүсвэрийг цаг тухайд нь, тогтвортой, боломжийн үнээр тогтмол ашиглахыг хэлж байгаа юм. Эрчим хүчийг хүнд хүргэх нь хоол хүнс, гэрэлтүүлэг, ус, эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ зэрэг хүний үндсэн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй улс орны эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн урьдчилсан нөхцөл болдог. Иймээс улс орнууд дараах байдлаар эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж байна.
Эрчим хүчний байдлаа хангахын тулд улс орнууд эрчим хүчний салбараа төрөлжүүлэх шаардлага тулгарч байна.
-Зах зээлээ тэлэх
-Нөөц хангамжаа баталгаатай түвшинд байлгах
-Технологио хөгжүүлэх
-Нийлүүлэлтийг тогтвортой барих
-Тээвэрлэлтийг тогтвортой байлгах
-Дэд бүтцээ сайжруулах юм.
Төрийн бодлогын хувьд Дэлхийн эрчим хүчний зах зээлд гол нөлөө үзүүлэгч тэргүүлэх орнуудын байр суурь бодлогыг байнгын ажиглах, ялангуяа олон хүн амтай, өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээ, технологийн дэвшил, зах зээлийн эрэлт, хангамж зэргийг харгалзаж байх ёстой.
Дотоодын эрчим хүчний найдвартай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгаа инновацийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, эрчим хүч экспортлогч орнуудтай харилцах харилцааг чухалчилж, харилцан ашиг сонирхлоороо нэгдэж хамтран ажиллах зарчимд тулгуурлах, боломжит үнийн нөхцөлөөр, түүхий эдийн хангамжийг тасалдуулахгүй хангах найдвартай түнштэй байх нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангах чухал хүчин зүйл болж байна.
Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд аажмаар шилжих төлөвтэй байна | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.