Шууд Chart

Хилчин "Генерал" болохуйд…

2021-12-27 10:09:08

Оросын бүх цаг үеийн түүхэн дэх дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг бол “Москва слезам не верит". Бидний “Амьдрал нулимсанд дургүй” нэрээр нь сайн мэдэх тус кино Оскарын шагнал хүртсэн Зөвлөлтийн бүтээл гэдгээрээ алдартай. Нэрт найруулагч Владимир Меньшовын уг бүтээлээс нэг өгүүлбэр ой санаанд гойд тодоор үлджээ. Энэ нь юу вэ гэвэл… Нэгэн бэлэнчлэх сэтгэлгээтэй бүсгүй генералын эхнэр болчих юм сан даа гэж хэлэхэд найзынх нь өгсөн хариулт. Тэр “Генералын эхнэр болохын тулд дэслэгчтэй суух хэрэгтэй. Тэгээд хориод жил хээр хөдөө, элсэн цөлөөр дагаж явах хэрэгтэй байдаг юм даа” гэдэг.

Эндээс юу хэлэх гэсэн бэ гэвэл спортод ч <<генералын эхнэр>> байна гэдэг ялгаатай. Шилдэг тоглогчидтой, хөрөнгө хангамж сайтай багт гаднаас ирсэн ямар ч тоглогч гараа, сэлгээнээс тоглон аварга болоод тухайн багийн амжилттай нэр нэгтэй яваад байж болно. Гэвч юм. Дээрх жишээгээр яривал С.Дэлгэрмаа дасгалжуулагч 20 жил хөдөө хээр, элсэн цөлөөр явсны эцэст өнөөдөр ГЕНЕРАЛ болчхоод байж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр энэ багийн тамирчдыг багаас нь бэлдэж, давж туулах бүх л зам харгуйг гэтэлсээр “Дээд лиг”-ийн алтан медальд хүргэж чадлаа.

Амжилтыг оргил гэж бодвол түүнд лифтээр биш шатаар гарсан нь илүү үнэ цэнтэй байдаг. Лифтээр гарахыг дээрх жишээ буюу хүчтэй багт очиж хамт аварга авахтай зүйрлэж болно. Товчхондоо бэлэн орчинд очих. Түүнчлэн баян эзэнтэй баг сайн тоглогчид цуглуулаад тамирчдын хүчээр аварга авах зэрэг хувилбарууд ч байж болох юм. Гэхдээ өгсөх шатны гишгүүр болгоноор мацаж, дамжлага бүрийг нь давсан амжилт илүү үнэ цэнэтэй. Амттай чиг, шимтэй чиг. Эцсийн дүндээ адилхан л цом, медаль авж байгаа боловч энэ нь хоорондоо асар ялгаатай билээ.

“Хилчин” багийн хамгийн бахархам зүйл нь үүнд л оршино. Тус багийн 9 тоглогч нь С.Дэлгэрмаа дасгалжуулагчаар волейболын спортын “А” үсгээ заалгаж, өдгөө лигийн аварга болтлоо өсөн хөгжөөд байна. Дээд лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон Г.Энхнаран, шилдэг хамгаалагч Д.Сосорбурам нарын хувьд өөр багш нарын гараас ирсэн. Гэхдээ “Хилчин” багт ирээд дээд түвшинд амжилт гаргах эхлэлээ тавьж байсан. Тэдний өсөлт хөгжилд мөн л С.Дэлгэрмаа багшийн үүрэг оролцоо жин даана. Тэд хэдийгээр өсвөр, идэрчүүддээ сайн байсан ч цааш хөгжиж чадаагүй бол төдийгөөс өдий болтол явахгүй шүү дээ.

Бүх төрлийн боловсролд суурь маш чухал. Үүнийг барилга гэж зүйрлэвэл суурь хэдий чинээ бат бэх байна байшин төдий чинээ олон давхар болно. Гэхдээ тэр суурийг хэдэн давхар болгох вэ гэдэг нь зоосны нөгөө тал нь юм. Товчхондоо суурийг анхны багш тавьдаг ч дээш хэдэн давхар болох нь клубийн багшаас хамаардаг. Энэ нь шалтгаална гэсэн үг биш. Яагаад гэвэл ихэнх зүйл тамирчнаас өөрөөс нь шалтгаалдаг. Боловсорсон сайн тамирчид ажиллагаа бага шаардах нь ойлгомжтой. Багш ажиллахад ч урамтай байдаг. Тиймээс хоёр багшийн ажил жинлүүрийн хоёр туухай шиг л жин тэнцүү зүйл. Суурь сайтай тамирчныг л хурдан хугацаанд сайн тамирчин болгож болно. “Дээд лиг”-ийн шилдэг дасгалжуулагч С.Дэлгэрмаа үүнийг маш сайн хийж чадсан. Үүний зэрэгцээ өөрийнхөө суурийг нь тавьсан шавь нараа улам хөгжүүлж, <<барилгууд>> нь өдрөөс өдөрт өндөр болсоор байна. Тэр яг одоо өөрийн гараар бүтээсэн “Хилчин” гэх ертөнцдөө амьдарч байна.

Говь-Алтай аймагт волейболын спортыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй, үлэмж их үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй ОУХМ Ж.Уранчимэг дасгалжуулагч. Өдгөө түүний хоёр шавь болох Д.Сосорбурам, Б.Насанжаргал нар “Хилчин” багт тоглож байна. Анхны лигтээ өөрийгөө таниулсан Б.Насанжаргалаас гадна “Энагурэ” багт лигийн турш чадварлаг тоглолт үзүүлсэн Г.Саруулгэрэл мөн түүний бэлтгэсэн шавь юм. Ж.Уранчимэг багш ямар түвшний тамирчид бэлтгэдэг гэдгээ энэ лигээр дахин нэг удаа тод томруунаар баталлаа.

Тэрбээр шавь нараа сайн тамирчнаар зогсохгүй сайн хүн болгон бэлтгэж байна. Яагаад гэвэл “Хилчин” шиг бага наснаасаа хамт байсан тоглогчидтой баг гаднаас тамирчин сонгоно гэдэг маш эрсдэлтэй бас хариуцлагатай явдал. Хэрэв сонголт нь алдах юм бол багийн дотоод уур амьсгал алдагдах, тамирчдын зан аашт сөргөөр нөлөөлөх гээд олон талын хохирол учруулж болно. Тиймээс С.Дэлгэрмаа дасгалжуулагч Б.Насанжаргалыг зүгээр ч нэг авчхаагүй нь тодорхой. Ихийг бодож тооцоолсон биз ээ. Нутгийн эгч Д.Сосорбурам нь итгэлтэй, мундаг тамирчин тул энэ нь багшийн гаргасан шийдвэрт нөлөөлсөн биз. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг шиг гарал угсаанд нь итгэдэг зан монголчууд бидний дунд хэзээнээсээ л байсаар ирсэн. Сайн багшид нь итгэдэг учраас шавьд нь ч бас итгэсэн болов уу.

Б.Насанжаргалын хувьд шаардлагуудыг нь хангаж, багтай нийцэн зохицож чадсан учраас тэмцээний турш гарааны бүрэлдэхүүнд тоглосон. Аварга болоход ч өөрийн үүргээ амжилттай биелүүлсэн. Мөн нэг том нөлөө нь “Хилчин” багийн гол сул тал болсон нуруугаар дутуу байдлыг багасгаж чадсан юм. Мөн Д.Сосорбурамыг хаана л байна тэнд л дагаж яваа харагддаг. Үндэсний бөхөөс л нутгийн ахаа даган түших ийм уламжлалууд хардаг байсан тул волейболоос олж харахад содон байж, мартагдалгүй үлджээ. Энэ тамирчинд бүх боломж бий. Ирээдүйд амжилтаа бататгаж, сайн тамирчин болох нь зөвхөн түүний хичээл зүтгэлээс л шалтгаална.

“Хилчин”-г юу аварга болгосон бэ?

Аливаа баг дасгалжуулагчаас эсвэл аль нэг байрлалын лидер тоглогчоос хамааралтай байж болно. Гэхдээ тэр хүн байхгүй үед ч тоглолтын хэв маягаа алддаггүй байх нь багийн спортод маш чухал. Үүнийг БАГИЙН СИСТЕМ гэнэ. Яагаад гэвэл системийг бүрдүүлж суулгадаг юм. “Хилчин” ийм л баг. Ямар ч тэмцээнд, ямар ч багийн эсрэг өөрсдийн гэсэн арга барил, философитой тоглодог. Тодруулбал нэг хүнээс хамаардаггүй. Идэвх зүтгэлтэй, хурдтай тоглолт тэдний хэв маяг. Хамгаалдаг волейбол. Орчин үеийн волейболд довтолгооноос хамгаалалт, хамгаалалтаас довтолгоонд хэдий хурдан шилжиж байгаагаас тоглолтод ялж ялагдах нь шалтгаалдаг болсон. Дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнд дасгалжуулагчдын хувилбар тактик, төлөвлөгөө мөн тоглогчдын техник, ур чадвар, гүйцэтгэл гээд бүгд дээд түвшинд зэрэгцэн ирээд байна. Тиймээс олимп, дэлхийн том тэмцээнүүдэд багуудын ялгаа гаргах гол зүйл нь энэхүү шилжилтийн хурд болсон. “Хилчин” үүгээр бусдаас илүү байж чадсан юм. Үр дүн нь ч тун тодорхой.

  1. Хамгаална.
  2. Хамгаалж чадвал мэдээж довтолгооны боломж үүснэ.
  3. Энэ боломжийг илүү олон гаргаж чадвал тэгээд болчих нь тэр.

Тухайлбал “Хилчин” баг 2020 онд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохдоо өсвөр, идэрчүүдийн ангилалд түрүүлж, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. Энэ ч утгаараа дасгалжуулагч С.Дэлгэрмаа Монголын волейболын холбоо (МВХ)-ны 2020 оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан юм. Тус тэмцээнүүд дээр жишээлбэл:

  • 9-р сард Насанд хүрэгчдийн УАШТ-д Г.Энхнаран, Д.Сосорбурам нар залуу тамирчдынхаа хамт оролцсон. Лигийн статустай тамирчин багт нэг л байна гэсэн учраас Т.Ундармаа оролцоогүй. (Ахлагч - Г.Энхнаран)
  • Дараа нь Идэрчүүдийн УАШТ-д өнөө багачууд нь шижигнэсээр байгаад түрүүлж байлаа. Эсрэг талд нь Дээд лигийн тэмцээнд оролцсон 3 тамирчинтай “Тэнүүн-Огоо” баг байсан ч хожиж чадсан юм. Өнөө л системийн хүч. (Ахлагч - А.Уянга)
  • 10-р сард Өсвөрийн УАШТ-д харин дээрх идэрчүүдийн багийн ихэнх тамирчдын нас давсан байсан учраас тус багаас С.Нарангуа л оролцсон. Гэхдээ өнөө систем байж л байсан учраас аварга ч болж чадсан. (Ахлагч - С.Нарангуа)
  • Улмаар 11-р сард нь Залуучуудын УАШТ-д Т.Ундармаа дүү нараа удирдан оролцож мөнгөн медаль хүртсэн юм. (Ахлагч - Т.Ундармаа)

Энэ тэмцээнүүдэд “Хилчин” багийн тамирчид ялангуяа лидер тамирчин нь солигдон өөрчлөгдөж байсан. Багийн ахлагч нь ч бүгд өөр байгааг ч уншигч та харсан байх. Гэвч аль ч тэмцээнд тус багийн тоглолт, арга барил нэг л байсан. Үүнийг л КЛУБИЙН СИСТЕМ гээд байгаа юм. КЛУБ болон БАГ гэдэг тэс ондоо хоёр өөр зүйл гэдгийг мөн энд дурдмаар байна. Монголд тамирчид, дасгалжуулагчид нь хүртэл төдийлөн ялгахгүй байх явдал түгээмэл тааралддаг.   

Үзэгч сонирхогчид дунд энэ багийг Г.Энхнаран эсвэл Д.Сосорбурам л <<чирээд>>  аварга болгочихсон юм шиг ойлголт түгээмэл байсан. Үүнд үгүй гэж хэлнэ. Тэд манлайлж сайн тоглосон нь маргашгүй үнэн ч дээрх СИСТЕМ л “Хилчин”-г аварга болгосон. Мөн уг системийг суулгахын тулд олон өдөр хоногийн бэлтгэлд урсгасан хөлс нь тэднийг аварга болгосон юм. Аз ёндоогоор тоглолтод хожиж болдог ч амжилт ялалт гэдэг зүгээр ч нэг ирчихдэггүй билээ.

Хамгаалалт гэж юу вэ? Яагаад тийм чухал юм бэ?

“Волейболын спортод аюултай орон зайг аюул учрахаас өмнө хурдан нөхөхийг л хамгаалалт гэнэ” гэж миний зүгээс тодорхойлно. Ер нь багийн спортын аль ч төрөлд адилхан болов уу. “Хилчин” багийн тоглолтыг тайлбарлах үедээ “Довтолгоогоор тоглолтод хожиж болдог, хамгаалалтаар тэмцээнд түрүүлдэг” гэдэг өгүүлбэрийг цөөнгүй удаа хэлж байлаа. Тойргийн болон хагас шигшээ шатны үед ихэнх хүмүүс “Хилчин” аваргын төлөө гарлаа ч “Хобби Эйс” түрүүлнэ гэж бодож байсан. Энэ нь ч аргагүй. Тэмцээний турш хамгийн их хожсон, ерөнхий агуулгаараа ч хамгийн сайн тоглож байсан баг нь яах аргагүй “Хобби Эйс” мөн. Гэвч хамгийн сайн хамгаалж байсан нь “Хилчин” юм. Тэгэхээр “Хамгаалдаг баг цом авдаг” гэдэг нь оргүй үг огт биш гэдгийг тэд харуулсан болой.

Дахин нэг мэдлэг олгох судалгааны баримт дэлгэе. Эдгээр нь дасгалжуулагчид болон тамирчдад нэн чухал хэрэгтэйг онцолъё. Хурд хүч, ур чадвартай тамирчидтай багт 3 зүйл л хэрэгтэй байдаг.

  1. Хурц ухаан
  2. Зөв хэмнэл
  3. Айдасгүй байдал.

Одоо дэлгэрүүлэн авч үзье.

  1. “Хобби Эйс” бол сайн тамирчидтай баг. Алдсан, дутагдсан зүйл нь дээрх гурав байсан. Хурц ухаантай байх нь мэдээж ухаалаг байхаас гадна зоримог, шийдэмгий байдлыг шаарддаг. Тийм дайчин чанар шигшээ цувралд Г.Хонгорзулаас бусад довтлогчдоос харагдахгүй байлаа.

- Нөгөө талд “Хилчин” сул талаа яаж нөхөх, давуу талаа яавал сайн гаргах тал дээр сайн төлөвлөсөн байлаа. Сайн төлөвлөсөн учраас тодорхой байдлаас ухаалаг шийдвэр гаргах боломжууд ч илүү олдож, зоригтой тоглож байсан.

  1. “Хобби Эйс” хэмнэлээ барьж чадаагүй. Ашигтай хэмнэл авлаа ч тогтвортой барьж чадаагүй. Жишээлбэл цувралын 3 дахь тоглолтод эхний 2 ээлж хожсон ч 3 ээлж дараалан алдсанаар хожигдсон. 4 дэх тоглолтод 2:0-с барьж 5 ээлж гаргасан ч мөн л хэмнэлээ мөн барьж чадалгүй тоглолтыг алдсан. Гэхдээ энэ ойлголт нь зөвхөн тухайн тоглолтуудаар хязгаарлагдахгүй. Тоглолтоос тоглолтод шилжих, хожсон, хожигдсоны дараа ямар байгаа, тэмцээний ерөнхий хэмнэл зэрэг хэд хэдэн агуулгыг давхар багтаана.

-  Нөгөө талаас харахад “Хилчин” багт эсрэг багийнх нь энэ тогтворгүй байдал их итгэл өгсөн нь дамжиггүй. Цувралын эхний тоглолтоос л хожоод эхэлсэн. Ихэнх нь бага залуу тоглогчид учраас болох юм байна, боломж байгаа юм байна гэсэн итгэлийг авсан. Улмаар шигшээ цувралын 3 дахь тоглолт гэхэд тойргийн шатанд хожигдоогүй шилдэг багаас дутах зүйл байхгүй болсон нь илт ажиглагдаж байв.

  1. “Хобби Эйс” баг айдасгүй байж үнэхээр чадаагүй.

- Өмнөх лигт мөнгөн медаль хүртсэн учраас заавал аварга болно гэсэн өөрөө өөрсдөдөө өгсөн дарамт байсан. Энэ нь мэдээж нэг төрлийн айдас.

- Цувралд 2:1 харьцаатай хожигдож эхлэх үед ялагдах эрхгүй болсон учраас айдас нь бүр нэмэгдсэн.

- Цувралын 4 дэх тоглолтод эхний 2 ээлжийг алдсаны дараа талбай дээр зарим тамирчид нь илт сандарч тэвдэж байсан. Ялангуяа залуу тоглогчдод алдахаас айх айдас их байгаа харагдсан. Би цохиод алдчихвал манайх хожигдоно гэсэн бодол. Өөрөөр хэлбэл хариуцлагаас айж байгаа нь илэрхий байсан юм.

Эсрэгээрээ “Хилчин”-д ийм айдас байгаагүй. Тухайлбал цувралын эхний тоглолтод “Хобби Эйс” биеэ барьсан тоглолтыг үзүүлж байсан бол “Хилчин” харьцангуй чөлөөтэй, нээлттэй тоглосоор 3 ээлж дараалан хожсон. Түүнчлэн анхны лиг нь учраас мөнгөн медаль авсан ч тэгтлээ чамлах шалтгаан үгүй. Тиймээс тэд хожигдохоос айхгүй байлаа. Алдахаас айхгүй байлаа. Ярьсан, төлөвлөснөө хийгээд л алдах зүйлгүй гэсэн хандлагаар зоригтой тоглож, ялсан юм.

“Steel ба Style…”

Багийн тоглолтод Steel, Style гэж хоёр зүйл бий. Steel буюу ган төмөр. Энэ нь сахилга бат, тамирчдын бие бялдар фит, бэлэн байх юм. Style буюу тоглолтын хэв маяг. Үнэхээрийн чухал зүйлс. Цар тахлын аль ч үед тухайн цаг үеийн боломж нөхцөлдөө тааруулан багаар болон хувиар хамгийн сайн бэлтгэл хийж байсан багуудын нэг бол “Хилчин”. Түүнчлэн хамгийн сахилга баттай ч багуудын нэг. Дээр дурдсанчлан багшийнхаа гар дээр өндийсөн учраас “үг зөрж, үүрээ эвдэх” хүн байхгүй. Дээрээс нь мөрдэс зүүж байгаа “Хилчин” тамирчид ч байдаг. Цэргийн хүмүүс тул тэд сахилга баттай байхгүй бол өөр хэн сахилга баттай байх вэ. Тэгэхээр тэдэнд STEEL байна. Мөн дээр өгүүлсэн тоглолтын хэв маяг, систем байна. Хамгаалалт, сөрөг довтолгоо, хурдтай шилжилт. Энэ бол тэдний STYLE. Энэ нь баг болгон дээр харилцан адилгүй учир харьцуулахад бага зэрэг төвөгтэй. Гэхдээ шигшээ цувралд бол “Хилчин” аль алинаар нь илүү байж чадсан.

“Хилчид” энэ амжилт ялалтыг багаараа, системээрээ бүтээж чадсан. Гэхдээ гол тоглогчдыг нь онцлохоос аргагүй. Багийн талаарх онцлох чухал зүйлсийг хангалттай тайлбарласан тул одоо тамирчдаар нь илүү нарийвчлан авч үзье.

 

Д.СОСОРБУРАМ - Волейболын спортод довтолгоог эхлүүлэн найруулдаг хүн бол чөлөөт хамгаалагч. Багийн ХҮЙС болсон байрлал. Давуулалт, довтолгоог хамгаалаад л болчихдоггүй. Хамгаалахаас гадна олон чухал үүрэг бий. Эхний бөмбөг учраас хамгаалагчийн гараас салж буй бөмбөг хаана, яаж очих нь маш чухал. Холбогч аль бүсэд хаанаас авах, бөмбөгний хурд болон өндөр нам ямар байх зэргээс довтолгоо амжилттай болох эсэх нь шууд шалтгаална. Мөн хамгаалалтын орон зайг оновчтой тооцоолж хуваарилах, эсрэг багийн тоглолтыг урьдчилж таамаглах, байрлал нөхөх, шилжих гээд төдийлөн анзаарагдахгүй хэрнээ нэн чухал олон үүрэгтэй байдаг.

Спортын мастер Д.Сосорбурам энэ бүгдийг амжилттай хийж чадаж байсны үндсэн дээр “Хилчин” багийн тоглолт тооцооллын дагуу дараа дараагийн алхмуудаа хийх боломж гарч байсан. Эсрэгээрээ чадаагүй үед нь эсрэг багт боломж олдож, тоглолтын хэмнэл шилжих тохиолдол ч цөөнгүй гарч байсан. Гэхдээ эцсийн мөчид, ялангуяа шийдвэрлэх 5-р ээлжид түүний тоглолт маш сайн байдаг. Энэ нь мэдээж сэтгэл зүйн ТОГТВОРТОЙ байдал, өөрийгөө хянан захирах чадвартай нь 100% холбоотой. Хүмүүс түүний хурдан шаламгай, авхаалж самбаатай байдлыг нь л түлхүү анзаардаг. Д.Сосорбурамын гол давуу талуудын нэг энэ мөн ч зөвхөн үүгээрээ шилдэг хамгаалагч болчхоогүй юм. ТӨВЛӨРӨЛ, ТООЦООЛОЛ гээч чухал чанаруудыг нь хэзээ ч мартаж болохгүй.

Д.НАМУУН - Хамгаалагчаас ирэх дамжуулалтуудыг довтлогчиддоо дамжуулах үүрэг түүнийх. Анх удаа лигийн тэмцээнд оролцож байгаа ч хэд хэдэн том тэмцээнд оролцоод аваргын төлөө тоглоод үзсэн туршлагатай. Залуучууд, идэрчүүдийн УАШТ-д шилдэг холбогчоор шалгарч байсан тэрээр “Дээд лиг”-ийн чадварлаг холбогчдын нэг боллоо. Тэмцээний дундаас өвдгөндөө зовууртай тоглосон ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан лигийг амжилттай дуусгасан юм.

Техник, ур чадвар, үсрэлт, хурд хүчээр бусдаас гоц гойд илүү зүйл байхгүй ч нэг илүү чанар нь ХИЧЭЭНГҮЙ байдал. Эсрэг багийн давуулалтаас эхлүүлж буй довтолгоо бүрийн өмнө хувилбар тохирдог. Дээрээс нь сөрөг довтолгооны үеийн шийдвэрүүд ухаалаг. Урт “ралли” явсан тохиолдолд ихэнхдээ “Хилчин” оноо аваад байдагт түүний нөлөө багагүй бий. Мөн “Хилчин” баг тэмцээний туршид довтолгооны алдаа бага гаргаж байсан нь холбогчийн тоглолттой салшгүй холбоотой.

Волейболд довтлогчийн сэтгэл зүй бөмбөг ирэхгүй удах үед унах аюул байдаг. Тоглолтоосоо нэг гарвал эргээд бөмбөгөөр сайн хангасан ч сайн тоглолт гаргана гэдэг хэцүү. Нэг ёсондоо уснаас гаргаад хаясан загас шиг л болдог. Шигшээ цувралд холбогч Д.Намуун довтлогчдоо жигд сайн ашиглаж, бөмбөгийг тэнцвэртэй хуваарилж байсан. Багийн лидер Г.Энхнаран урд бүсэд байх үед ч мөн адил. Энэ нь багийн тоглолтыг тэнцвэржүүлж, тоглогчдын идэвх оролцоог ч нэмэгдүүлсэн. Мөн эсрэг багийн хаалт, хамгаалалтад багийнхаа довтолгоог уншуулж, таалгах магадлалыг бууруулж байлаа. Энэ бол холбогчийн тоглолтоос маш их зүйл хамаардаг гэдгийн багахан жишээ.

Холбогчид заавал байх ёстой чанар болох COMMUNICATION буюу харилцаа холбоог үүсгэх чадвар сайтай. Үүнийг тун сайн эзэмшсэн. Үргэлж л “Ярьсандаа шүү. Нөгөөх өө шүү!” зэрэг үгсийг хэлж байдаг. Довтлогчидтойгоо тулж ярилцаж, хувилбаруудаа яс тас тохирдог зэрэг нь үнэхээрийн зүтгэлтэйг нь илтгэдэг. Жижиг юм шиг хирнээ ХАНДЛАГА гээч энэ зүйл л тамирчин хүнийг бусдаас ялгаруулж, илүү гаргадаг юм. Хичээнгүй чанар л хүнийг амжилтад хүргэдэг. Тэрбээр лигийн шилдэг холбогч Л.Хосбаярын эсрэг тулж аварга болсон. “Аваргыг давж, аварга болдог” гэдгийн адил энэ холбогчийг цаашид гэрэлтэй ирээдүй хүлээж буй биз ээ.

Г.ЭНХНАРАН - Баг жигд байх ёстой ч довтолгооноос авч байгаа онооны багадаа 30%-г нэг шилдэг довтлогч COVER хийж буюу дангаар авч яваа баг амжилтад хүрдэг гэсэн судалгаа байдаг. “Хилчин” багт энэ үүргийг амжилттай гүйцэтгэсэн довтлогч нь мэдээж багийн ахлагч Г.Энхнаран. Тэмцээний турш багаа болон нийт тамирчдыг статистик үзүүлэлтээр хошуучилсан юм. Нийт 22 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 18.7 оноо авсан үзүүлэлт нь бүх тоглогчийг тэргүүлнэ. Ингэхлээр довтолгоонд нэмэлт тайлбар илүүц биз. Шууд хамгаалалтын тухай ярья. Түүний багтаа авчирсан хамгийн чухал зүйл нь энэ. Хагас шигшээд ч, шигшээд ч үүн дээр л гол зөрүү гаргаж, давуу байдал үүсгэж чадсан. Түүнийг арын бүсэд байх үед баг нь довтолгооны хувилбар нэмэгдэж, хамгаалалт илүү найдвартай болдог. Харин урд бүсэд байх үед нь “Хилчин” довтолгоо хийж чадах л юм бол оноо авах магадлал маш өндөр. Түүний нөлөө ийм л жин даахуйц байсан юм. 

Б.НАСАНЖАРГАЛ - Лигийн турш “Хобби Эйс” багийн хаалтан дээгүүр нь цохиж тоглож байсан тамирчин тийм ч олон байгаагүй. Харин Б.Насанжаргал хаалтын дээгүүр цохиж байлаа. Бүр шигшээ цувралд шүү дээ. Энэ бол хүч тэнхээ, үсрэлт тэсрэлтээс гадна зориг зүрх, сэтгэл зүйн хүчнээс их хамааралтай. Айдасгүй байх энэхүү байдлын тухай өмнө нь тодорхой жишээгээр тайлбарласан. Түүний довтолгоо үнэхээр дээд түвшнийх байж чадсан юм.

С.НАРАНГУА - Түүнийг дасгалжуулагч лигийн турш довтлогчийн байрлалд тоглуулсан. Гэвч хагас шигшээ шатнаас хаагчийн байрлалд тоглуулсан нь дасгалжуулагчийн бэлдсэн <<нууц хөзөр>> байлаа. “Энагурэ” багийн шилдэг хаагчдын тоглолтыг эвдсэн гол хүчин зүйл нь тэр байсан. Дараа нь шигшээ цувралд ч үр дүнгээ өгсөн. Байрлал нь хаагч боловч талбайд 4 довтлогч гараад байгаа учраас “Хилчин” багийн тоглолт илүү хурдтай, шилжилт сайтай болдог. Хамгийн гол нөлөө нь өнөө хамгаалалтаас довтолгоонд, довтолгооноос хамгаалалтад шилжих тоглолтоо гаргах чадамжийг улам нэмэгдүүлж байсан юм.

Шилдэг дасгалжуулагчдад тактикийн буюу үүргийн тоглогч дор хаяж нэг байдаг. Тэр тоглогчдод хувийн үзүүлэлт хамаагүй. Бүр оноо авах ч шаардлагагүй. Гэхдээ статистикт бүртгэгдэхгүй олон эерэг нөлөөг багтаа бий болгож, дасгалжуулагчийн тактикийг хэрэгжүүлж байдаг. Өөрийгөө биш багаа тэргүүнд тавьдаг, жинхэнэ багийн спортын суурьтай, ухаалаг тамирчид л үүнийг хийж чаддаг юм. С.Дэлгэрмаа дасгалжуулагчийн энэхүү үүргийн тоглогч нь түүний охин С.Нарангуа байв. Спортын гэр бүлд төрж өссөн ТӨРМӨЛ бас ТАРИМАЛ энэ тамирчин байгалийн өгөгдлөөс гадна ухаалаг, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай, зүтгэлтэй тоглогч гэдгээ энэ лигт харууллаа. Ирээдүйд Монголын шигшээ багийн түлхүүр тоглогч болох өндөр магадлал бий. Тэрбээр өнгөрсөн жил 16 насандаа МВХ-ны оны шилдэг тамирчнаар шалгарч байсан онцгой амжилттай.

Ц.НОМИН-ЭРДЭНЭ - Тойргийн шатны олонх тоглолтод С.Нарангуа энэ байрлалд тоглосон. Тухайн үед Ц.Номин-Эрдэнэ ямар ч нөхцөл байдалд сэлгээний хамгийн гол довтлогчийн үүргийг гүйцэтгэж байлаа. Харин хагас шигшээ шатны хариуцлагатай тоглолтуудаас эхлээд дасгалжуулагч нь түүнийг гарааны бүрэлдэхүүнд гаргасан. Энэ нь ч зөв шийдвэр байсан гэдэг нь тоглолтоос тоглолтод нотлогдсоор аварга боллоо. Ер нь “Хилчин” багийн бүх зүйлийг зурсан зургийн дагуу явж байгаа мэт байсан. Багийн лидер нь тодорхой, хэн юу хийх нь ойлгомжтой. Ийм нөхцөлд залуу тоглогчдын хувьд үүргээ л сайн биелүүлж, олдсон боломжуудаа ашиглаад байвал болчихдог. Ц.Номин-Эрдэнэ довтолгооноос гадна хаалт, хамгаалалтад өөрийн үүргээ онц сайн биелүүлж, өнөө системийг хэрэгжүүлэхэд чухал оролцоотой байж чадсан.

С.ТЭМҮҮЛЭН - “Хилчин” багийн хамгийн өндөр тоглогч нь тэр. Шигшээ цувралд багийнхаа гол хаагчийн үүргийг гүйцэтгэх тоглогч нь үүргийн хувьд ч, үзүүлэлтийн хувьд ч С.Тэмүүлэн байв. Өмнө нь хагас шигшээд “Энагурэ” багийн эсрэг төдийлөн үр ашигтай тоглохгүй байлаа. Тиймээс дасгалжуулагч ч Б.Лхагвадуламыг түлхүү гаргасан. Гэхдээ шигшээ цувралд эргэн сайн тоглолтоо гаргаж, хоёр багийн хаагчдаас хамгийн сайн тоглосон юм. Волейболын спортод хамгийн ачаалалтай тоглодог байрлал бол голын хаагч. С.Тэмүүлэн тоглолтын ачаалал даах чадвар сайтай, тэсвэртэй тоглогч. Цувралын 3, 4 дэх тоглолтод хоёр дараалан 5 ээлж гарахад ч үүнийгээ баталж, үсрэлт тэсрэлттэй тоглолтоо хадгалсаар байсан юм.

Мөн эндээс “Хилчин” багийн тоглогчид гараа, сэлгээ гэлгүй хэн нь ч хэний нөхөх боломжтой гэдэг нь харагдаж байна. Холбогч А.Уянга тойргийн болон хагас шигшээ шатанд солилцоогоор талбайд гарч олон минутыг өнгөрүүлж байсан. Энэ солилцооноос болж тоглолт ашиггүйгээр эргэж байсан тохиолдлууд ч бий. Гэхдээ шигшээ цувралд давуулагч, хамгаалагчийн байрлалд үр ашигтай тоглож, ард болон урд бүсэд 2 холбогчтой байхын давуу талыг ч сайн гаргаж байсан. Түүнчлэн Б.Лхагвадулам, О.Мөнхзул нар ямар ч багийн эсрэг сайн тоглож чадах хаагчид гэдгээ бүрэн харуулсан.

“Хилчин” бол Дээд лигийн хамгийн залуу багийн нэг. Залуу баг тэмцээнд амжилт гаргахад ялангуяа түрүүлж чадвал тухайн спортоор хичээллэж байгаа, хичээллэх хүсэлтэй хүүхэд залууст маш их урам зориг өгдөг. “Бид ч яагаад болохгүй гэж…” гэсэн бодол, итгэл төрүүлдэг юм. Олон олон хүүхэд залуусыг араасаа дагуулах чухал нөлөөтэй.

Аварга болсон “Хилчин” багийн тоглогчдын дундаж нас 20.3 байсан. Ийм залуу баг түрүүлсэн нь үнэхээр сайшаалтай. Манай волейболын ирээдүй гэрэлтэй байгааг ч харуулж байна. Мөн Д.Сосорбурамаас бусад нь бүгд лигийн анхны медалиа хүртлээ. “Дээд лиг”-ийн 12 шинэ аварга <<төрүүлсэн>> дасгалжуулагч С.Дэлгэрмааг онцлох хэрэгтэй. Хилчнээс <<Генерал>> болсонд баяр хүргэе. Үүгээр зогсохгүй 13 хилчнийг <<Генерал>> болгожээ. "Амьдрал нулимсанд дургүй" атлаа аваргын нулимсанд дуртай. Хилчдийн унагах аваргын нулимс олон байх болтугай!!!

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Хилчин "Генерал" болохуйд…  
Үзсэн: 5934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй