Шууд Chart

ОХУ, ЕАБХАБ-ын хэлэлцээ өндөрлөлөө

2022-01-15 11:49:35

Гурван шатны уулзалтаар ерөнхийдөө талууд байр сууриа хамгаалснаар өндөрлөсөн гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн шатны уулзалтын эхэнд ОХУ-ын тал болон АНУ-ын төлөөлөгчид Европ болон Оросын хилийн аюулгүй байдлын талаар мэргэжлийн байр суурьтай, яриа өрнүүлсэн юм.  НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хийх уулзалтын өмнө үр дүнгийн талаар ярих нь эрт байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байсан. Ерөнхийдөө талууд гурван шатны хэлэлцээний үр дүнд өөрсдийн байр суурийг хатуу хадгалж үлдлээ. Тэгвэл уулзалтын үеэр ОХУ-ын зүгээс дараах шаардлагыг НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад тавьсан юм. Үүнд НАТО шинэ гишүүдийг буюу Украин Гүржийг хүлээн авахгүй байх, НАТО-г зүүн тийш тэлэхгүй байх, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад НАТО-ийн цэргийн үйл ажиллагааг зогсоох, Европт нэмэлт зэвсэг байрлуулахаас татгалзах зэрэг заалтууд багтсан байна. Үүнээс хамгийн анхаарал татсан сэдэв бол Украин улсын НАТО-д элсэх асуудал байсан юм. Тэгвэл уулзалтын үр дүнд НАТО Украиныг гишүүн орон гэж шууд хүлээн зөвшөөрөх болоогүй, ойрын ирээдүйд гишүүнээр элсүүлэхгүй гэж ажиглагчид дүгнэсэн байна.  Гадаадын сэтгүүлчид, улс төрчдийн мэдэгдлээс үзэхэд Орос-Украины хил дээр ОХУ-ын цэрэг арми төвлөрсөн гэх мэдэгдэлд тус улс дараах хариуг өгчээ. Үүнд Орос-Украины хил дэх цэргийн сургуулилт нь НАТО-гийн Украинд явуулж байгаа үйл ажиллагаанд тохирсон хариу арга хэмжээ юм. Учир нь НАТО-гийн зүгээс Орос-Украины хил орчимд бөмбөгдөгч онгоцнууд, далавчит пуужингууд нисгэж аюулгүй байдалд нь заналхийлж байна. Харин  барууны хэвлэлүүдийн мэдээлдэгчлэн ОХУ нь Украин руу довтлох ямар ч төлөвлөгөө байхгүй, бүр санаа ч байхгүй гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд онцолсон юм. Ийнхүү Женев, Брюссельд, Венад болсон яриа хэлэлцээний дараа өрнөдийн орнууд Оросын тавьсан саналд бодитой хариу үйлдэл үзүүлсэнгүй. Гэхдээ гурван шатны уулзалт нь оргүйгээс дээр боллоо гэж талуудын аль аль нь мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, ЕАБХАБ-ын хэлэлцээ өндөрлөлөө  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй