Шууд Chart

Канад улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэддээ эрүүл мэндийн татвар ногдуулна

2022-01-15 12:54:35

Иргэд олноороо вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь Канад улсын эрүүл мэндийн салбарын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаад эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байна.

Уг шийдвэр ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ төрлийн татварыг, вакцины эхний тунд хамрагдаагүй иргэд төлнө. Тус мужийн эрх баригчид торгуулийг өндөр хэмжээтэй байх болно гэж мэдэгдсэн ч бодит тоог хараахан нийтэд тодорхой мэдээлээгүй байгаа юм.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Агаарын тээвэр, галт тэргээр зорчих иргэдээс вакцины гэрчилгээг заавал шаардах журам хэрэгжүүлэхээр болсон” гэдгээ лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ онцлон мэдэгдсэн байна. Үүнээс гадна кино театр, бялдаржуулах төв зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхэд мөн вакцин гэрчилгээг шаардахаар болжээ. Канадын нийт хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг Квебек мужийн иргэдийн 12 орчим хувь нь вакцины эхний тунд хамрагдаагүй. Үүний зэрэгцээ тус мужид цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50 орчим хувийг вакцинд хамрагдаагүй иргэн эзэлж байгаа тухай албаныхан мэдээлсэн. Квебек мужид өглөөний 05:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч халдварын тохиолдол хамгийн их илэрсэн муж болоод байна. Мягмар гарагт Квебек мужид “омикрон” хувилбарын улмаас 62 хүн нас барсан гэж мэдээлсэн нь тус мужид Ковид-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн нийт тоог 12028-д хүргэжээ.

Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг дотооддоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдахаас татгалзсан иргэдэд хариуцлага тооцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Сингапур улс вакцинд хамрагдаагүй халдвар авсан иргэдийг эмнэлгийн төлбөрөө өөрсдөө төлөхийг шаардахаар болсон тухай BBC агентлаг мэдээлсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэддээ эрүүл мэндийн татвар ногдуулна  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй