Шууд Chart

Улс орнууд харилцаа холбоо тасарсан Тонгад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ

2022-01-17 11:56:46

НҮБ болон бусад олон орон Тонгад болсон галт уулын томоохон хэмжээний дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшигт цунамигаас ангижрахад нь туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт орших 170 гаруй арлаас бүрддэг Полинезийн хаант улс Тонга арлын ойролцоо галт уул дэлбэрсний улмаас цунами үүссэн. Хөрш зэргэлдээ орнуудад нилээн их хохирол учруулсан бөгөөд АНУ-ын Номхон далайн цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс Перуг дайрсан цунамигийн өндөр 80 см хүртэл байсан гэж мэдэгдлээ.

Перугийн Тэнгисийн цэргийн хүчин урьдчилан сэргийлэх үүднээс боомт, наран шарлагын газруудыг түр хаахыг уриалжээ.

Нийслэл Нукуалофагаас цааш, галт уулын ойролцоох далайн эргийн бүс нутгуудтай холбоо тогтоогоогүй, харилцаа холбоо хязгаарлагдмал байгаа тул Тонгад шархадсан, нас барсан хүний тухай албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тонга нь 105.000 орчим оршин суугчтай арлын улс бөгөөд Шинэ Зеландаас зүүн хойд зүгт 2383 км-т оршдог.

Австрали, Шинэ Зеланд, Япон, АНУ зэрэг Номхон далайн бусад орнуудад цунами үүсэх аюул холуур өнгөрсөн гэж Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төв мэдэгдлээ. Аюул багассан боловч эрэг орчмын бүс нутгууд ирж болох хүчтэй урсгалаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Бямба гарагт галт уул дэлбэрсний улмаас 18:40 цагийн орчимд интернет, утасны шугам тасарч, арлуудын оршин суугчид бараг холбоо барих боломжгүй болжээ. Үүнд цахилгаан гүйдлийн улмаас далай доорх гол холбооны кабель нөлөөлсөн гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдсэн. Түүний Засгийн газар Тонга улсад 500.000 Шинэ Зеланд доллар буюу 340.000 ам.доллар тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак "НҮБ-ын Номхон далай дахь төлөөлөгчийн газрууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хүсэлт гаргавал дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Австрали зам, боомт, эрчим хүчний шугам зэрэг чухал дэд бүтцэд учирсан хохирлыг үнэлэхийн тулд даваа гарагт Тонга руу P8 хяналтын онгоц илгээж, хариу арга хэмжээний дараагийн үе шатыг тодорхойлох болно гэдгээ мэдэгдсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Тонга улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мөн мэдэгдсэн байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улс орнууд харилцаа холбоо тасарсан Тонгад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй