Шууд Chart

Япон, Франц улсын сайд нарын уулзалт боллоо

2022-01-21 12:25:56

Япон, Францын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нар хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Тодруулбал, Японы гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо нар пүрэв гарагт Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан, Флоренс Парли нартай онлайн уулзалт хийлээ. Сайд нар тохиролцооныхоо талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ.

“Энэтхэг-Номхон далайг эрх чөлөөтэй, нээлттэй болгохын тулд Япон, Францын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд ахиулна гэж найдаж байна” хэмээн Японы гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса “2+2” хэлэлцээний эхэнд хэллээ.

Сайд нар зүүн болон өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын дэг журамд сөргөөр нөлөөлж байгаа одоогийн нөхцөл байдлыг хүчээр өөрчлөх, хүчээр шахалт үзүүлэх, нэг талын оролдлого хийхийг эрс эсэргүүцжээ.БНХАУ тус бүс нутагт өөрийн оролцоогоо улам бүр нотолж байгаа  юм.

Хоёр улсын сайд нар Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Францын арми хамтарсан сургуулилт хийх зохицуулалтыг бий болгох боломжит хэлэлцээрийн талаар ярилцахаар мөн тохиролцжээ.

Франц, Япон хоёр улс Умард Солонгосын цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтад ахиц дэвшил гарч байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг Пхеньянаас шаардах болно гэдэгт тэд санал нэг байна.

Хоёр талын сайд нар мөн Украины байдлыг ямар ч хэлбэрээр хурцатгахгүй байхыг ОХУ-д уриалахаар тохиролцлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Франц улсын сайд нарын уулзалт боллоо   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй