Шууд Chart

Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо МҮБХ-нд хүсэлт гаргажээ

2022-01-24 11:33:36

 

Допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо хүсчээ.

Тодруулбал, даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг заал, танхимын болон наадмын барилдаанд барилдуулахыг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, Цэцдийн зөвлөлийн тэргүүн Ц.Өсөхбаяр болон тэргүүлэгч гишүүдээс хүссэн аж.

Хэнтий аймгийн бөхийн холбооны гаргасан мэдэгдэлд:

Хүсэлт гаргах нь

“Монгол түмний өв соёл, уламжлалын салшгүй нэг болсон Үндэсний бөх олон зуун жил өвлөгдөн бидэнд ирсэн үнэт өв маань билээ. Үндэсний бөхөд 2000 оноос хойш допинг гэдэг хориотой эм бодис, хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг зүйл яригдаж явсаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд хүрээд байна.

Өнгөрсөн онд буюу 2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан тухайлбал бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн зэргийн улмаас алдаа гаргасан нь тун харамсалтай байна. Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна. Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчидийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна.

Монгол түмний нэгэн төлөөлөл болох бөх сонирхогчдийн эв нэгдлийг хангах, тэдний хүсэл сонирхол нь эдгээр бөхчүүдийг барилдуулах байгааг харгалзан үзэн та бүхэн Монгол эр хүний алс ирээдүйг харсан уужуу ухаанаар шүүн тунгаан эерүү шийдвэр гаргахыг хүсье. Жич: Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо нь цаашдаа өөрийн харъяа залуу бөхчүүддээ допингийн сургалт, түүний хор хөнөөлийг ухуулан ойлгуулж, сэргийлж ажиллах болно.

Та бүхнийг хүндэтгэсэн, МҮБХ-ны Хэнтий аймаг дахь үндэсний бөхийн салбар холбоо” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо МҮБХ-нд хүсэлт гаргажээ   
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй