Шууд Chart

Наро Банчэн гэгээн: Бид дэлхийд авснаасаа ихийг өгч чадна

2022-02-01 12:21:31

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

"Монголчууд бидний мөн чанар, соёлд нэвт шингэсэн уламжлалт мэдлэг эдүгээ дэлхий дахинд асар их хэрэгтэй байна. Бид дэлхийд авснаасаа ихийг өгч чадна."

. Энэ мэт асуудал бэрхшээлийг ашиглан тэвчээрт суралцаж болно. Асуудал бэрхшээлийг хэрэгтэй талаас нь харвал бид фитнесс хийж байгаа юм шиг тэвчээрт суралцаж болно. Хүнд юм өргөхөд амархан ядрах ч бага багаар дасгал болгосноор удалгүй хүнд зүйл өргөж болдог шиг. "За ашгүй минь! Одоо л би энэ асуудал бэрхшээл дээр сэтгэлээ хямруулахгүй барьж суръя" гэсэн хандлагаар асуудал бэрхшээлд хандан сэтгэлийг хүчтэй болгож болно.”

“Өөрийгөө бодохын хамгийн ухаалаг хэлбэр бол бусдыг бодох. Учир нь бид бүхэн нийгмийн гишүүд. Өөр хоорондоо харилцан хамааралтай. Зөвхөн өөрийгөө бодоод "Би л болж байвал бусад хамаагүй" гэсэн хандлагаар ганц өөрийнхөө төлөө бусдыг хорлох, ямар нэг бэрхшээл тохиоход "Би л ганцхан хэцүү байна" хэмээн сэтгэл зүй агшиж амгалангүй болдог. Эргэн тойрны хүмүүс ийм хандлагатай бол амар тайван байхад хэцүү.”

"Бидний ихэнх зовлон бэрхшээл буруу бодлоос үүдэлтэй. Тиймээс буруу бодлыг хорьж, зөв ухаарлыг үүсгэх хэрэгтэй. Бидний уламжлалт шашин соёлд буруу сэтгэлийг дарах арга бий. Энэ арга ухаанд суралцах хэрэгтэй."

“Хамт олонд нэг л ууртай хүн байхад эргэн тойрны хүмүүсийнхээ амар амгаланг эвддэг. Харин бие биенээ ойлгох, бусдадаа хүндэтгэлтэй байх хандлагаар хамт олон эв түнжинтэй байж хамт ажил хийхэд ч урамтай сайхан байна. Бие биенээ хүндэлж эв түнжинтэй, сэтгэлийн амгалан жаргалтай байгаарай.”

“Өглөөг бусдад тустай байя гэсэн сайхан сэтгэлээр эхлэн түүний дагуу явж чадвал энэ өдөр жаргалтай бөгөөд утга учиртай болно.”

“Уур, гомдол, атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автсан үйлдэл нь харуусал, зовлон дагуулдаг бол ухаан дээр суурилсан энэрэл нигүүлслээр өдөөгдсөн үйлдэл нь баяр баясгалан, жаргал дагуулна...”

“Бусдыг гэсэн сайхан сэтгэл, сайн үйлээс амгалан, жаргал бүхэн гарна. Бусдыг жаргалтай байгаасай гэсэн сайхан сэтгэл дадуулцгаая!”

“Дасгал сургуулилтаар бие бялдар хөгждөг шиг зөв дадал зуршлаар сэтгэл хөгжин тэлнэ.

Өдөрт бага багаар бусад сайн сайхан байгаасай гэх хандлагыг сэтгэлдээ дадуулбал  аажмаар аминч үзэл багассаар айдас, түгшүүр буруу сэтгэлийн хүч суларч бусдыг гэх сайхан сэтгэл хөгжөөд ирнэ. Дагаад амар амгалан ирэх нь орчлонгийн жам.”

“Уур тэргүүтэй буруу сэтгэл нь саруул ухаан, сэтгэлийн амгалан байдлыг үгүй болгодог бол бусдыг бодсон хайр энэрлийн сэтгэл нь амгалан бөгөөд саруул ухаанаар сайныг үйлдэх нөхцөл болдог.

Хамаг амьтанд энэрэл нигүүлсэл төрөх болтугай!”

“Өглөө бүр бусдад хорлолгүй, тустай байя гэсэн сайхан сэтгэлээр эхлүүлж түүний дагуу явж байвал буян хурааж өдөр бүр утга учиртай өнгөрнө.”

“Орчлон мөнх бус. Түр зуурын энэ амьдралаа бусдад тустай сайхан сэтгэлээр өнгөрөөвөл хоёр тус гарна.

  1. Өөрийн сэтгэл амгалан жаргалтай болно.
  2. Эргэн тойрны хүмүүс таны сайхан сэтгэлийн нөлөөгөөр амар амгаланг бас мэдэрнэ.

Уурлаж хорсох сэтгэлээр амьдралаа өнгөрөөвөл хоёр гэм гарна.

  1. Өөрийн сэтгэл амгалангүй.
  2. Эргэн тойрны хүмүүс таны уурын нөлөөгөөр амар амгалангүй болно.

Сайхан сэтгэл өөрт болон бусдад тустай байхад муу сэтгэл өөр болон бусдад хортой.

Аль чадахаараа сайхан сэтгэлийг түгээн дэлгэрүүлэхийг хичээцгээе!”

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наро Банчэн гэгээн: Бид дэлхийд авснаасаа ихийг өгч чадна  
Үзсэн: 2904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй