Шууд Chart

ХБНГУ Оросын байгалийн хийн импортоо зогсоовол эдийн засгийн хямралтай тулгарч болзошгүй

2022-04-15 10:43:40

Германы эдийн засгийн судалгааны тэргүүлэх хүрээлэнгүүд хэрвээ Оросоос авдаг байгалийн хийн импортоо зогсоовол Герман улс эдийн засгийн хямралтай тулгарах эрсдэлтэйг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл Оросын байгалийн хийн импортоо зогсоовол ирэх оны сүүл гэхэд Германы эдийн засаг 220 тэрбум евро буюу 240 тэрбум долларын алдагдал хүлээх тооцоог судалгааны хүрээлэнгүүд нь гаргажээ.

Тэдний тооцооллоор Оросоос авч байгаа байгалийн хийн импортоо зогсоосон нөхцөлд Германы эдийн засгийн алдагдал жилийн ДНБ-ий 6,5 хувьтай тэнцэх юм байна.

Орос Украинд цэрэг оруулсны дараах зах зээлийн цочрол Германы эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн эдийн засгийн Кил хүрээлэнгийн ерөнхийлөгч Стефан Кутс мэдэгджээ. Энэ сөрөг нөлөөлөл дээр байгалийн хийн импортыг хаавал Европын хамгийн том эдийн засаг Германы эдийн засаг огцом уналтад орно гэдгийг ч тэрбээр анхааруулсан байна. Дээрх судалгааны хүрээлэнгүүдийн тооцоолж байгаагаар хэрвээ Герман байгалийн хийн импортоо зогсоовол ДНБ энэ онд дөнгөж 1,9 хувиар өсч, ирэх 2023 онд 2,2 хувиар буурах төлөвтэй байгаа гэнэ. Герман байгалийн хийн нийлүүлэлтийнхээ 40 хувийг Оросоос авч байгаа аж.

Тиймээс одоо Германы эрх баригчид энэ хамаарлаа бууруулах, Москвагийн эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээг чангатгах хүрээнд Оросын байгалийн хийнд хориг арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэж байгаа ч тэдний зарим нь Оросын байгалийн хийнээс бүрэн татгалзахад цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж, нийлүүлэлтээ шууд зогсоохын эсрэг байр суурьтай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ Оросын байгалийн хийн импортоо зогсоовол эдийн засгийн хямралтай тулгарч болзошгүй   
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй