
Швед, Финланд улс НАТО-д элсвэл Орос баруун хилийн дагуух аюулгүй байдлаа өндөржүүлэх болно. Мөн Балти хавийн цөмийн зэвсгээс ангид бүс нутгийн талаар цаашид ярих юм үгүй болно. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өчигдөр өөрийн Телеграм сувгаар ингэж мэдэгджээ.
Тун удахгүй, чухамдаа энэ зун гэхэд дэлхий ертөнц илүү “аюулгүй болно” гэж тэр тэмдэглэсэн байна.
Дмитрий Медведев “Швед, Финланд улсууд НАТО-д элсэх нөхцөлд тус эвслийн Оростой эх газраар хиллэдэг хилийн урт хоёр дахин гаруйгаар нэмэгдэнэ. Тэр хэрээр энэ хилийг бэхжүүлэх шаардлагатай болно” гэж мэдэгджээ.
"Энэ хүрээнд хуурай замын цэргийн хүч болон пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийг нэмэгдүүлж, Финын буланд Тэнгисийн цэргийн хүч төвлөрүүлэх шаардлага тулгарах”-ыг Медведев нэмж дурдсан байна.
"Мөн нэгэнт тэнцвэртэй байдлыг хангах ёстой болох учраас Балти хавийн бүс нутгийн цөмийн зэвсэггүй статусын талаар яриад байх шаардлагагүй болно” гэж тэр мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр Украин дахь цэргийн ажиллагаа болоогүй бол дээрх улсууд НАТО-д элсэх яриа гарахгүй байсан гэдэг яриаг эрс няцаасан байр суурийг илэрхийлжээ.
Швед, Финланд улс НАТО-д элсвэл ОХУ баруун хилийн дагуух аюулгүй байдлаа чангатгана | ||
Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.