Шууд Chart

Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ

2022-05-18 12:08:23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенвуа Боскит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга Дэлхийн банк нь нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, авто замын түгжрэлийг шийдвэрлэх зэрэг томоохон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжин ажиллаж ирсэн Улаанбаатар хотын найдвартай түнш гэдгийг онцолж, талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Улаанбаатар хот дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах, импортыг орлох дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн эко парк бий болгохоор ажиллаж буйгаа дурдаад, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тус хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулснаар дагуул хот хөгжих үндсэн дэд бүтцийг тавих төдийгүй хотын хүн амын төвлөрөл багасаж, авто замын түгжрэл буурах, хөрс, усны бохирдол багасах, зориулалтын цэвэрлэх байгууламжийг байгуулах өндөр ач холбогдолтой юм.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенвуа Боскит одоо хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийн талаар нийслэлийн удирдлагуудтай хэлэлцэж, Эмээлтийн бүс нутаг чухал ач холбогдолтой газар гэдгийг онцлов. Түүнчлэн бусад улсын сайн туршлагыг Монголд нэвтрүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах, тогтвортой авто зам, тээврийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй юм.


Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй