Шууд Chart

Сууц өмчлөгчдийн холбоодын их хурал боллоо

2022-05-26 14:04:30

Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ)-ийн  X их хурал 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралд тус зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Төрхүү, гүйцэтгэх захирал М.Галбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцон, асуудлаа хэлэлцэв. Дээд зөвлөлд нийт 402 төлөөлөгч байдаг бөгөөд өнөөдрийн хуралд 384 төлөөлөгч оролцсон юм.

МСӨХДЗ төрийн бус байгууллага нь НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) болоод нийслэлийн холбогдох байгууллагуудтай Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны үйл ажиллагааг сайжруулах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал, “Манай хороо-миний гудамж” аяныг зохион байгуулж, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сайжруулахад анхаарч буй. Мөн зөвлөлийн зүгээс НЗДТГ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ) болон  “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-тай хамтран “Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа талаар төлөөлөгчдөд танилцууллаа.

Энэ талаар МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “Уг төслийн хүрээнд нийт 1077 блок барилгыг дулаалах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 2021 оны байдлаар нийт 96 байрыг дулаалсан бол энэ онд 42 барилгыг дулаалахаар төлөвлөсөн. Мөн бид НЗДТГ, Беларусь Улсын “Могилёвлифтмаш” компанитай хамтран 180 цахилгаан шатыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэв.   

МСӨХДЗ-ийг анх 1999 онд байгуулсан бөгөөд 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь СӨХ-ны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй байгууллага юм. Улсын хэмжээнд 1600 гаруй СӨХ байдгаас Улаанбаатар хотод 1300 орчим СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 905 СӨХ тус зөвлөлд нэгдэн оржээ.

МСӨХДЗ үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөхөөр СӨХ-дын үйл ажиллагааг дэмжин, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий зургаан албыг байгуулжээ. Уг албадаар дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, шинэчлэлийн нэгдсэн бааз, мэдээллийн санг үүсгэх, санхүү, хуулийн зөвлөх үйлчилгээ зэрэг төрөлжсөн үйлчилгээг СӨХ-үүдэд үзүүлэх аж.


Сууц өмчлөгчдийн холбоодын их хурал боллоо  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй