Шууд Chart

Монголын шатарчид өнөөдөр Чех, Германы багтай тоглоно

2022-08-02 14:44:05

Дөрөвдүгээр тойрогт Монголын багийн нөөц тоглогч С.Ган-Эрдэнэ, Д.Мөнхзул нар тоглосон байна. Эрэгтэй баг дөрөвдүгээр тойрогт Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан Норвегийн шигшээтэй тоглолоо. Ийн Норвегийн багтай тэнцсэн бөгөөд дөрөвдүгээр тойргийн тоглолтыг дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин өнжсөн байна. Дөрвөн тойргийн дараа эрэгтэй шигшээ баг 2 хожил, 2 тэнцээтэй зургаан оноогоор 45 дугаар байрт бичигдэж байна.

Харин эмэгтэй баг 2021 оны рапид тоглолтын дэлхийн аварга Б.Ассаубаева тэргүүтэй Казахстаны шигшээ багтай дөрөвдүгээр тойрогт оноолт таарч 1 дүгээр ширээнд суусан их мастер А.Энхтуул, 3 дугаар ширээнд суусан олон улсын мастер Т.Мөнхзул нар тэнцэж, 2 дугаар ширээнд тоглосон олон улсын мастер Б.Баярмаа харилцан довтолсон өрөгт хожигдол хүлээж, энэ удаагийн олимпиадад нөөц тоглогчоор оролцож байгаа дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул динамик өрөгт өрсөлдөгчөө хожиж чухал оноо авлаа. Эмэгтэй багаас дөрөвдүгээр өргийн тоглолтыг дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул өнжжээ. Ийн Монголын эмэгтэй шигшээ баг 3 хожил, 1 тэнцсэн дүнгээр нийт 7 оноотой 9 дүгээр байрт бичигдэж байна.

Сонирхуулахад, тавдугаар тойрогт Монголын эрэгтэй баг Чех, эмэгтэй баг Германы шигшээ багтай оноолт таарчээ. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын тавдугаар өргийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын шатарчид өнөөдөр Чех, Германы багтай тоглоно  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй