Шууд Chart

Б.Оюутболд: Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх захирамжийн дагуу цагдаагийн байгууллага онцгойлон анхаарч ажиллаж байна

2022-08-17 12:32:50

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилт, цагдаагийн байгууллагын оролцооны талаар

-Энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан. Энэ захирамжийн хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зочлох үйлчилгээ, ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах, авто үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг 8 төрөлд 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшуулсан.

-Энэ захирамж улсын хэмжээнд хэрэгжиж байгаа юу, эсвэл зөвхөн нийслэлийн хэмжээнд хэрэгжих үү?

-Дээрх захирамж Нийслэлийн Засаг даргын захирамж тул зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.

-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшлуулсан гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг хэрэгжүүлэхийг гурван жилээр хойшлуулсан нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /үүнд зөвхөн Мэргэжлийн хяналт/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоосон.

-Уг захирамж хэрэгжиж эхэлснээр цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэхүү захирамжийн хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд: Нэгдүгээрт, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байсан "Хамтарсан-хяналт шалгалт"-ыг зогсоосон, Хоёрдугаарт, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, тэдгээртэй холбогдон гарсан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулж уг арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс зогсоолоо. Гуравдугаарт, Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгахаас бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг шалгахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна. Дөрөвдүгээрт, Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагаас санал хүсэлт ирж байна уу?

-Дээрх захирамж хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхи гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар иргэд, олон нийтээс 2295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.  

-Гар дээрээс хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр гаргасан нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хүрээнд болон цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/596 дугаартай “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ захирамжтай холбогдуулан харьяа байгууллагуудад дараах чиглэлийг хүргүүлэн, мөрдөж байна.

Нэгдүгээрт, Нийслэл хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд /тээврийн хэрэгсэлтэйгээс бусад/-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах,

Хоёрдугаарт, Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 30 дугаар /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг/, 31 дүгээр /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг/ зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхэлж байгаа газарт аюулгүй байдлыг нь хангах талаар хамтарч ажиллах,

Гуравдугаарт, Иргэдийн хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар /талбай/, объектыг явган эргүүлийн чиглэлд хамруулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад дээрх захирамж, ажлын чиглэлийг танилцуулж, мэдээлэл өгөх,

Дөрөвдүгээрт, Хариуцсан алба хаагчдаас иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, холбогдох журмыг зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Оюутболд: Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх захирамжийн дагуу цагдаагийн байгууллага онцгойлон анхаарч ажиллаж байна  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй