Шууд Chart

Дөрвөн зуун хонины толгой ба миний мэдэх ерээд оны амьдрал

2022-08-21 10:07:10

Он цаг яг л ус урсах шиг хурдан өнгөрч байгааг өнөөдөр л мэдлээ. Ардчилсан намынхан баяраа хийж, хөл толгойгоо олохгүй , шагналын хөлд нэрвэгдэж байгаа энэ өдрүүд тэртээд өнгөрч хоцорсон арван хэдхэн насны минь дурсамжийг сөхөөд болдоггүй.

Буйдхан, жижигхэн аймгийн төвд улаанаар эрчлэн босох хавсрага, хаврын өнгө дагуулж байсан тэр өдрүүдэд “Өлсгөлөн болж байна” гэдэг мэдээг чимээ шуугиантайхан авчирч билээ. Хаана л олны хөл босно, тэр болгон руу хуй салхи шиг эрчлэн хүрдэг миний үеийнхэн Улсын баатар Л.Даваадоржийн талбай дээр яг л бор шувуу шиг шагшираад буучихлаа. Даваадоржийн талбай дээр хэдэн бор эсгий дэвсээд долоо, найман хүн эгнээд хэвтчихэж. Манай Мөрөнчүүд яг л зоопарк үзэж байгаа юм шиг тойрч, шавж, нүдээ унагах нь халаг болцгоож байлаа. “Улаанбаатараас Элбэгээ ирсэн. Одоо үг хэлнэ” хэмээн шуугилдаж, хүн бүрийн нүд айдсаар дүүрэн байсан тэр өдрүүдийг санаж байна. Булган малгай тавьж, цоохор ороолт зүүсэн, улаан хамбан дээлтэй намхан залуу түшлэгтэй сандал дээр зогсоод үг хэлж байлаа. Энэ бол Хөвсгөл аймагт Ардчиллын салхи сэвэлзэж байсан 1990 он.

Тэр хувьсгал яаж өрнөж, тэд Засгийн эрхээ яаж авсан тухай миний хувьд хэлээд байх зүйл алга. Гэхдээ хөдөөний жирийн айл өрхүүд, Монгол Улс социализмаас зах зээлийн нийгэмд шилжих тэр хатуухан өдрүүдийг хэрхэн давсныг бодохоор өнөөдөр инээд ч хүрэх шиг мянга, мянган ээжүүдийг өрөвдөх ч шиг, сэтгэл нэг л сонин.

Он цаг нээрээ хурдан өнгөрч дээ. Картын талхтай, нэг хүн бүхэл бүтэн сарын хугацаанд гуравхан клограмм гурил идэх нормтой тэр өдрүүдийг өнөөдөр дурсах хүн тун цөөхөн байгаа нь хачирхалтай. Магадгүй мартсан, санаж байгаа нь дурсахыг хүсдэггүй ч байж болох юм.

Манай гудамжны хэд амь нэгтэй. Өглөө зургаан цагт заавал нэгээс хоёр айл бяр чадал ихтэй, арай хурдан хөдөлгөөнтэй нэгийгээ талхны очерт явуулна. Тэр бараг хорин хүний дарааллыг нэг дор авна. “Баазын дэлгүүр” гэж нэрлэгддэг ягаан байшингийн үүд өглөөний зургаан цаг гэхэд хар мянган хүний хөлд дарагдсан байдагсан. Манайх ам бүл долуулаа, өдөрт гурван талхны нормтой. Гурван талхны төлөө гурван цаг бусдын хөлд дайруулах шахан зогсох энүүхэнд. Сүүлдээ талханд дугаарлахдаа дасаж эхэллээ. Айл бүр л өдрийн хүнс, мах гурилын хэрэгцээгээ яаж хангах вэ? гэдэг бөөн асуудалтай тулж байлаа. Манай урд гудамжны Даваа эмээ улаан буудай нүдэж, гар аргаар гурил тээрэмдэх арга сурдаг юм байна.

Бүхэл бүтэн тал шуудай буудайг бараг гурван өдөр нүдэж байж, гурван кг хэртэй л бүдүүн ширхэгтэй гурил гаргаж авна. Түүгээрээ бин хайрч иднэ. Гэвч удалгүй бин хайрах тосгүй болдог юм байна. Тэр үед адтайгаараа зартай Даваа эмээ тарваганы тос гэгч өтгөн шар тос авчирч, айлуудад тараадаг юм байна. Харахад сайхан ч аймаар хурц амттай тэр тосонд боорцог хайрч эхэллээ. Эхний хэд хоног идэх хүн олддоггүй. Сүүлдээ ээж маань тарваганы тосны үнэрийг дарах гэж дотор нь давс хүртэл чанаж байсныг санаж байна. Тэр үед гайгүй сүйхээтэй айл л гараар нүдсэн ч гэсэн гурилтай, тарваганы тосонд хайрсан ч гэсэн боорцогтой байсан санагдаж байна. Их олон айл гурилыг зүгээр л хуурайгаар нь тогоонд хуураад, дээрээс нь хар цай хийгээд л зуураад идчихдэг байж билээ. Бас болоогүй гурил зуурч нимгэн элдээд пийшингийнхээ таган дээр тавьж, өнгийг нь шарлуулаад л идчихнэ. Тэр нь “хуурай гамбир” гэдэг их гоё нэртэй.

1991 оны намар цаг. Ээж маань нэг өдөр Жаамаа ахын улаан трактороор дүүрэн ачаатай ирдэг юм байна. Бөөн хонины толгой... Тэр орой ээж аав хоёр зуухны дэргэд суугаад “Цаг улам хэцүү болж байна. Мах магнаг болно. Энэ хэдэн толгойгоор л таван хүүхдийнхээ амыг хуурна даа” гэж ярьж байхыг сонсоод трактор дүүрэн хонины толгойг идэх нь гэж мэдэж билээ. Дөрвөн зуун хонины толгой. Аав маань хар үүрээр босоод үртсээр галлачихна. Биднийг сэрэхэд л тогоо дүүрэн хонины толгой ялз чанаад тавьсан байна. Өглөө босоод л хонины толгой мөлжицгөөнө. Өдөр ирэхэд бас л толгой, орой ч толгойны махан хоол... Бас болоогүй бензин шатахуунгүй болж эхэлсэн гээд түлээ мод ч олдохоо байсан үед нөгөө толгойн ясыг зүгээр л түлнэ. Хонины толгойн шөлөнд хуурч, хальсыг нь хагас дутуу салгасан улаан буудай чанаж идэцгээнэ. Гэхдээ л улс даяар өлсгөлөнд нэрвэгдэх нь халаг байсан тэр өдрүүдэд хамгийн амттай хоол тэр л байж билээ.

Хөөрхий дөө ээжүүд тэр үед үр хүүхдээ өлсгөхгүй гэж ямар их хичээснийг өнөөдөр бодоход сайхан байна. Угаалгын нунтаг, барааны саван хүртэл нүдний гэм болсон үе байлаа. Техникийн сода гэгч нунтаг цагаан юмаар хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг базсаар байгаад хордлого авч, гар нь улаан алаг болсон хүүхнүүд манай гудамжаар дүүрэн байж билээ.

Гэхдээ тэр хүнд цаг үед ганц ч ээж нулимстай явахыг хараагүй, ганц ч ээж зовж байна гэж хэлж байхыг дуулаагүй л юм даа. Цайны идээ хүртэл тасарч тэр үед айлууд цайныхаа идээг дахин дахин хатаана, бас уулруу явж балжингарам нэртэй ургамал түүж, цайгаа чанана. Нэг тийм шингэхэн шар өнгөтэй цайгаар бие биенээ шахаж, цайныхаа амтыг бус данхныхаа өнгийг л ярьцгааж “Тэдний данхыг харав уу? Сайхан өнгөлсөн байна. Мөн ч ажилтай хүн шүү гэж ярьж байсан нь одоо ч нүднээ харагдаж байна.

Ихээ олон жилийн дараа нэг гудамжинд тоглож өссөн найзтайгаа тааралдлаа. Тэр найз маань “Танай ээж их сэргэлэн хүн байж билээ. Манайд нэг өдөр трактор дүүрэн хонины толгой авчирч өгсөн. Ганц манайд ч биш бараг манай гудамжны бүх айлд авч өгсөн байх. 1990-ээд оны тэр их хүнд хэцүү цагийг ээжийн чинь өгсөн хонины толгойгоор л давсан даа” гэж ярихыг сонсоод үнэхээр хэлэх үггүй болтлоо гайхаж билээ. Хүүхдүүд бүгд л хонины толгойгоор хооллож байсан ч тэр тухай хэн ч нэгэндээ хэлдэггүй байсан юм билээ. Ээж маань тэр үед аймгийн Зам ангид няравын ажилтай, амьхандаа л албан тушаалаа ашиглаж, тэр намар бойнд орсон бүх богийн толгойг цуглуулан гудамжныхаа айлуудад тараасан гэдгийг хожуу ч гэсэн сонсоход сайхан байж билээ.

Миний мэдэх 1990-ээд оны амьдралаа гэж...

2019 он.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Дөрвөн зуун хонины толгой ба миний мэдэх ерээд оны амьдрал  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй