Шууд Chart

“Аниргүйн хэмнэл” өнөөдөр хил хязгааргүй “хэл”-ээр үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ

2022-08-26 12:58:23

Монгол дахь Гёте-институт, Монгол-Францын төв, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, “Сонсголгүйн боловсрол төв” төрийн бус байгууллага хамтран “Аниргүйн хэмнэл” нийгмийн оролцоог дэмжих бүжгийн төслийг хамтран зохион байгуулж байна.

Франц-Германы соёлын сан санхүүжүүлж, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Институт Франсайзын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслөөр бүжгийн урлагаар дамжуулж сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст анхаарал хандуулж, төслийн үр дүн болох бүжгийн үзүүлбэрийг нийтэд толилуулж байгаа юм. Хоёр долоо хоногийн турш герман, франц, монголын мэргэжлийн бүжигчид нийслэлийн ерөнхий боловсролын 1, 13, 21, 23, 29, 44 болон 61 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй болон жирийн сонсголтой сурагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд .

“Аниргүйн хэмнэл” бүжгийн төслийн уран бүтээлчид “Урлаг соёлын салбар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг энэ 23-нд Соёл урлагийн их сургуульд зохион байгуулсан. 

М.МӨНГӨНЦЭЦЭГ: СОНСГОЛГҮЙ, СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СОЁЛ УРЛАГААС АНГИД БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ САНАГДДАГ

“Урлаг соёлын салбар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Аниргүйн хэмнэл” бүжгийн төслийн уран бүтээлчдийн өгсөн яриа тодруулгыг хүргэж байна.

Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн монгол бүжгийн ахлах багш М.Мөнгөнцэцэг: Монголд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүмүүс урлаг соёлын салбарт оролцох оролцоо туйлын бага байдаг. Социализмын үед бол оролцоо нь сайн байсан. Тухайлбал, Хэлгүй, дүлий иргэдийн нийгэмлэг байсан. Энэ нийгэмлэгийн дэргэдэх хөгжмийн, бүжгийн, судалбар, пантомимо хамтлаг гэж байдаг байлаа. Би бүжгийн хамтлагт нь дохионы хэлээр бүжгийн хичээл заадаг байсан. Харин өнөө цагт оролцоо тун хомс. Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан заал танхим, дохионы хэл мэддэг бүжгийн, хөдөлгөөний багш байхгүй байна. Үүнээс үүдэн сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй иргэд соёл урлагаас ангид байгаа нь харамсалтай санагддаг.

Харин “Аниргүйн хэмнэл” бүжгийн төслийн хүүхдүүд ярилцахаасаа илүү дохиогоор хоорондоо ойлголцож, бие биеэ мэдэрч анд найзууд болж байна. Тиймээс сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй иргэдийг соёл урлагт ойрхон байлгах, тэдэнд зориулсан “эко систем”-ийг боловсруулах, хөтөлбөрийг боловсронгуй болгох, дараа дараагийн соёл урлагийн арга хэмжээнүүдэд сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхэдтэй нэг дор хамт оролцуулах зорилготойгоор “Урлаг соёлын салбар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

ЖОН САН МАРТИН АСТИГАРРАГА: УРЛАГ ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ БАЙДАГ

Герман улсын иргэн, бүжгийн багш, бүжиг дэглээч Жон Сан Мартин Астигаррага: Би 32 настай байхад хүмүүс гэнэт л нам гүм яриад, ойр хавь чимээгүй болж эхэлсэн. Тухайн үеэс л би сонсголын бэрхшээлтэй болж байна гэдгээ мэдэж, эхэндээ би бүжиглэж чадахаа болих нь, надад “гамшиг” тохиолдож байна гэж хүлээж авсан. Гэтэл яг үнэндээ надад шинэ боломжууд нээгдсэн. Тухайлбал, бүжгийн өөр бусад болон шинэ төрлөөр хичээллэх замд оруулсан. Хүн болгон төгс төгөлдөр, сайхан байхыг хүсдэг, хичээдэг ч чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь чухал.  

Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө илэрхийлэхийг хүсдэг ч өөрийгөө танилцуулах, нээхэд бэрхшээлтэй байдаг учраас жирийн хүмүүстэй харилцахдаа хаалттай байх тохиолдол байдаг. Тэгвэл харилцааны “гүүр”ийг нээхэд хамтын оролцоо, хамтын ажиллагаа чухал.

Урлаг хэн бүхэнд нээлттэй байдаг. Маш олон хүний амьдралд олон шинэ хаалгыг нээж өгдөг учир хөгжлийн бэрхшээлтэй иргэд соёл урлагт оролцох нь чухал. Мэдээж соёл урлагийн “зам”-д тодорхой хэмжээний бэрхшээл тулгардаг ч жирийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын оролцоогоор саад, бэрхшээлүүдийг давах боломжтой.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аниргүйн хэмнэл” өнөөдөр хил хязгааргүй “хэл”-ээр үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй