Шууд Chart

Италичууд салхи эргүүллээ…

2022-09-13 10:04:48

Волейболын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд Польшийн Катовиц хотноо болж өндөрлөлөө. Италийн баг аварга болж, Польшууд мөнгө, Бразилын баг хүрэл медаль хүртлээ. Италийн баг 4 дэх удаагаа дэлхийн аварга (1990, 1994, 1998, 2022) багаар тодорлоо. Ингэсээр одоо идэвхтэй байгаа шигшээ багуудаас хамгийн олон удаа түрүүлсэн амжилтын эзэд болж байна. Өмнө нь ЗХУ-ын шигшээ баг ДАШТ-д зургаан удаа түрүүлж байсан нь дээд үзүүлэлт юм. Ингээд

Италичууд энэ удаагийн ДАШТ-ий “Е” хэсэгт Турк, Канад, БНХАУ-ын шигшээ багуудтай багтаж 100 хувь амжилттай шилдэг 16-д шалгарсан. Бүх тоглолтдоо 3:0 харьцаатай хожиж, нэг ээлжийн хожил алдалгүй гарч ирлээ. Цаашлаад хасагдах шатны эхний тоглолтоо Кубын багийн эсрэг хийж, 3:1 харьцаатай ялав. Энэ тоглолтуудад сайн эсвэл муу тоглож байсан гэж дүгнэх боломжгүй. Яагаад гэвэл баг тамирчдын түвшин, ур чадварын илүүгээрээ төвөггүй хожиж байлаа.

ЕВРОПЫН АВАРГА БОЛ ЕВРОПЫН АВАРГА

Үндсэндээ шөвгийн наймын шатнаас өрсөлдөөн жинхэнэ утгаараа эхэллээ. Энэ шатанд 2021 онд Олимпын аварга болсон Францын багтай таарав. Багуудын хожсон нь хагас шигшээд Словенийн багтай тоглох байсан учраас энд л хожвол аваргын төлөө гарах нь бараг л тодорхой болно. Иймээс хагас шигшээ тоглолтоос ялгаагүй хариуцлагатай шат байлаа. Энэ чухал тоглолтод Францууд задгай байсан бол Италичууд сахилга баттай, нягт тоглолт үзүүлж 3:2 харьцаатай хожсон юм. Тэдний энэ бүх амжилтад багийн дотоод уур амьсгал, харилцаа ойлголцол, зан чанар, төлөвшил нь маш их нөлөөтэй.

Эргээд санахад Италичууд өнгөрсөн жил Токиод олимпын наадам болоход “А” хэсэгт өрсөлдөж, (нийт 6 баг) Польшоос бусдыг хожин 2-оор гарсан. Гэвч шөвгийн наймын шатанд Аргентинтай таарч 2:3 харьцаатай хожигдсон билээ. Хэрэв 2021 оны олимпод Европын аль нэг багтай таарсан бол хожих боломж илүү байсан. Гэхдээ хожигдол бол хожигдол. 

Итали ер нь Өмнөд Америк тивийн багуудтай тоглолт таардаггүй тал бий. Олимпын наадамд л гэхэд 2004, 2016 онд аваргын төлөө Бразилын багт хожигдож мөнгөн медаль хүртэж, 2008, 2012 онд хагас шигшээ шатанд мөн Бразилын багт хожигдож байсан түүхтэй. Ер нь бол Италичууд ямар ч үед Бразилыг дийлдэггүй байсан. Одоо энэ залуу үедээ л найдна. Тэд Италийн волейболыг өөр хэв маягаар, өөр түвшинд тоглож байгаа. Нөгөө талаас тэдний гол өрсөлдөгчийг Польш хожиж өгсөн нь завшаантай хэрэг. Тэд дотооддоо ч, дэлхийд ч салхи эргүүлж байна.

Олимпын дараа Италичууд дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлж, багийн шилдгүүдийн нэг Османи Хуанторена 36 насандаа шигшээ багаасаа зодог тайлж байв. Ингэхдээ өөрийн 5 дугаараа Алессандро Микиелеттод өвлүүлж үлдээсэн юм. Тэр үед 19 настай байсан залуу одоо шигшээ багийн довтолгооны лидер тоглогч болжээ. Тэрбээр дэлхийн аварга болсноор 19 хүртэлх нас (2019), 21 хүртэлх нас (2021) болон насанд хүрэгчдийн гэсэн 3 насны ангилалд дэлхийн аварга болсон бахдам амжилтын эзэн боллоо.

Гэвч үүнээс ердөө нэгхэн сарын дараа “Цэнхэрүүд” (Италийн багийн хоч) Европын аварга болсноор ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ) гэдэг бол нэг ёсондоо АНУ, Бразил, Аргентингүй ДАШТ гэсэн үг шүү дээ. Дэлхийн бүх л шилдэг багууд Европ тивд өрсөлдөж байна. 2021 оны ЕАШТ-д 24 баг өрсөлдөж (ОХУ оролцсон) Италийн шинэ залуу шижигнэсэн бүрэлдэхүүнтэй баг эрчээрээ явсаар аварга болж байсан билээ.

Үүнийгээ ч энэ ДАШТ-д баталж, өмнөх олимпын аварга Франц, өмнөх ЕАШТ-ий мөнгөн медальт Словени, өмнөх хоёр удаагийн ДАШТ-ий алтан медальт Польшийн гээд Европын хүчирхэг багуудыг ээлж дараалан хожиж түрүүллээ. Эндээс Европын багуудтайгаа тоглолт илүү таардаг гэдэг нь харагдаж байгаа юм. Тэд энэ удаад Европын багууддаа “Аварга бол аварга л байдаг юм шүү” гэж хэллээ.

Эсрэгээрээ нөгөө багууд нь Италийн эсрэг тоглоход хэцүү. Хэмнэлд нь нөлөөлөхөд хүндрэлтэй байдаг. Бразил, Аргентин зэрэг жигд чадвартай, хурдтай, динамик сайтай багууд харин тэдний эсрэг эвгүй. Мөн Италийн баг залуучууд ихтэй учраас тамирчид нь хангалттай судлагдаагүй. Бүгд бие бялдар, туршлага, ур чадварын хувьд өсөж яваа тул одоохондоо тогтоон барихад тун бэрх. Мөн хоёр ч солгой довтлогч гараанд байгаа нь эсрэг багт багагүй бэрхшээл учруулж чаддаг. 

Хагас шигшээ шатанд Словенийн багтай таарахдаа 3:0 (25-21, 25-22, 25-21) харьцаатай тун хөнгөхөн хожив. Өмнө жил ЕАШТ-ий шигшээд тоглоход 3:2 харьцаатай хожиж байсан тэд энэ хугацаанд дахиад дараагийн түвшиндээ ахисан шүү гэдгээ ташрамд харуулаад амжсан юм. (Шөвгийн наймын тоглолтын талаар өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн тул орхив.)

“ТҮРҮҮЛЖ ГАРСАН ЧИХНЭЭС ТҮРЖ УРГАСАН ЭВЭР УРТ”

Шигшээ тоглолтод дэлхийд адил гурван удаа түрүүлсэн хоёр баг гарч ирлээ. Гэхдээ нэг ялгаа нь Польшид 2018 онд дэлхийн аварга болсон тоглогчид байгаа бол Италид байхгүй. Нөгөө талаас өнөө цагт ямар ч тэмцээн уралдаанд аваргаа хамгаалсан тохиолдол маш цөөн тохиолдож байгаа. Ковид-19-ийн дараагаас бүх л спортын тэмцээнүүдэд шинэ аварга төрж, олон жилээр ноёрхдог байсан багуудын амжилт буурч, амжилт нь унаад байсан багууд эргэн сэргэж, цаг үе нь яаж өөрчлөгдөж байгааг бид харсаар байгаа билээ.

Мөн нэг нь дээд цэгтээ тулаад буух шатандаа ороод явж байгаа баг бол нөгөө нь дээд цэг рүүгээ гарч яваа хоёр баг юм. Гэхдээ тоглолтын өмнө дэлхий нийтээр эзэн орон, тэмцээний аваргын цомыг хамгаалагч Польшийн багт хожих магадлал илүү өгч байв. Гэсэн ч Итали дөрвөн ээлжийн тоглолтод Польшийн багийг дуусгаж, 3:1 (22:25, 25:21, 25:18, 25:20) харьцаатай хожин аварга боллоо. Эхний ээлжид оноо илүү явж байгаад төгсгөлд баригдаж хожигдсон. Үгүй байсан бол 3:0-ээр дуусахыг ч үгүйсгэх газаргүй.

Польшийн баг өмнөх 2 тоглолтдоо таван ээлж гаргаад АНУ, Бразилын багуудыг хожсон. Ачаалалтай орж ирсэн гэх шалтаг харж болох ч тэдэнд бүх давуу тал бий. Өөрийн эх орондоо, талбайдаа хамгийн гол нь дэмжигчдийнхээ өмнө бүх тоглолтоо хийлээ. Польш шиг хүчтэй баг талбайдаа хоёр дараалж 5 гаргаад байна гэдэг өөрсдөд нь алдаа байгааг шууд илтгэнэ. Энгийн жишээ авахад тэд илүү явах үедээ тоглолтыг дуусгаж чадахгүй байсан. Уралдаж байна гэж үзэх юм бол салхинд нь явж чадахгүй байгааг харлаа. АНУ-ын багийг 2-0 харьцаатай хожиж байх үедээ араас нь 2 ээлж алдаад 5 гарсан. Бразилыг 2-1 харьцаатай хожиж явахдаа 4 дээр мөн хожигдоод 5 гарсан. Энэ алдаагаа засахгүй явсаар шигшээд 1-0 харьцаатай хожиж яваад дараалан 3 ээлж алдсан юм. Харин Вильфредо Леон байгаагүй нь шалтаг байж болно.

Тоглолтод Италийн багийн үүсгэсэн гол давуу тал нь хаалт байлаа. Хаалтын оноо 9:5 байснаас гадна хаалтаас буцсан, хаалтаас суларч орж ирсэн бөмбөг маш их байсан нь хэмнэлийг тэдний талд шилжүүлж, илүү олон боломж олгосон юм. Арын албаны баг, судалгаа шинжилгээний дүгнэлтүүд үүнд том нэмэр болж байгааг дурдъя. Мөн эмч массажист, сэтгэл зүйч зэрэг шинжлэх ухааны талуудаараа Итали үнэхээр өндөр түвшинд очсон билээ. 

Италичууд өрсөлдөгч Польшийн багаа маш сайн судалжээ. Польшийн ахлагч, гол тоглогч Бартош Курекийн тоглолтыг дөрвөн ээлжийн турш маш сайн хязгаарлалаа. Курек довтолж долоон оноо авсан нь энэ тэмцээнд гараанд тоглосон тоглолтуудаас нь хамгийн муу үзүүлэлт болов. Шөвгийн дөрөв болон наймын шатны тоглолтуудад тус бүр 20+ оноо авч байсан шилдэг довтлогчийг Италичууд энэ өдөр хөдөлгөсөнгүй. Шинэ үе гарч ирж байгааг харууллаа. Курек одоо 34 настай. Италийн гарааны гурван довтлогчоос дунджаар 12.3 насаар ах гэсэн үг. Өмнөх буюу 2018 оны ДАШТ-ий хамгийн үнэ цэнтэй тоглогчийг хязгаарлаж чадсан нь Италийн багт тун их ашигтай байлаа.

Италийн талаас тортой ойрхон орж ирсэн сул 1-р бөмбөгийг Курек шууд цохихдоо 2 удаа хаалтад орж оноо алдсаныг онцлох хэрэгтэй. Үүнд бол Курекийн чадвар дутаж, шийдвэр буруудсан зүйл үгүй. Энэ нь оноо авах 100 хувийн боломж учраас цохих нь л зөв. Үгүй бол хөлбөмбөгт хоосон хаалга руу бөмбөгөө өшиглөхгүй байгаатай л адил зүйл болно. Италийн хаалтууд зүгээр л дэндүү мэдэрч байлаа. Ялангуяа Алессандро Микиелеттогийн хаалтууд Курекийн эсрэг тун оновчтой болж байсан.

Италийн Лавиа, Романо нарын довтлогчид хангалттай өндөр биш ч хаах үедээ хурд, шилжилтээрээ дутуугаа нөхдөг. Курек шиг лагс биетэй довтлогчийн эсрэг тэдний энэ байдал маш тохирч, яасан ч хоцролгүйгээр хааж, хамгаалж байв. Үүнийгээ сайн ч бэлдсэн, өөрсдөдөө итгэлтэй байгаа нь ч харагдсан. Тэгтэл 205 см өндөртэй Микиелетто нуруу дутахгүй дээрээс нь хурдтай учраас бүр ганган тохирч хааж байсан юм. Польшийн дасгалжуулагч Курекийг эргэлзээгүйгээр шууд суулгаад байсны шалтгаан нь энэ. Гэхдээ бусад сэлгээнүүд дээр Польшийн баг алдсан тал бий. Хэтэрхий олон сэлгээ хийж багийнхаа зохион байгуулалт, эмх цэгц, тогтвортой байдал, хяналтыг алдсан. Сүүлд Монголын волейболын шигшээ баг “Challenge Cup-2022” тэмцээнд мөн ийм алдаа гаргаж байсан юм.

Польшийн талаас харвал Лукаш Кашмарек сэлгээнээс гарахдаа Курекийг хангалттай сайн орлож тоглосон. Зарим үед бүр илүү ч байлаа. Довтолгооны хувь өндөр, алдаа бага гээд тун чамбай байсан. Бразилын эсрэг ч үүнийгээ харуулсан. Үндсэн хоёр довтлогч болох Сливка, Семениюк хоёр мөн хаагчид нь ч тэр сайн тоглолоо. Үүргээ биелүүлж байсан уу гэвэл тийм. Гол ялгаа нь чөлөөт хамгаалагч, холбогч хоёр дээр л гарлаа. 

Гэхдээ багт ямар ч шилдэг тоглогчид байлаа гэсэн “Түрүүлж гарсан чихнээс түрж ургасан эвэр урт” гэдэг шиг тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж, тамирчдаа залуугаас нь зөв гаргаж ирвэл амжилт гэдэг заавал цаг хугацааны алсад ирдэг зүйл биш болохыг Италичуудаас харлаа. Эвэр нь чихнээсээ дээр, Итали нь Польшоосоо илүү гэсэн үг биш. Тэд суурь нь чанга, хөгжил нь тогтвортой байсан учраас шинэ багаа жилийн дотор дэлхийн аварга болгож чадлаа. Өөрсдийнхөө өчигдрийг давж 24 жил хүлээсэн түрүүгээ маш залуу багаар авлаа. Ер нь спортод амжилт гаргах нас маш залуужиж байгаа энэ үед бага балчир гэж басамжлах ямар ч боломжгүй болсон.

Тоглолтын турш багууд аль аль нь маш сайн хааж хамгаалж, хэн хэндээ оноо авахад төвөгтэй байдал үүсгэж байсан. Зарим үед эмэгтэйчүүдийн хурдлуулсан тоглолт үзэж байгаа юм шиг ч санагдах шиг. Иймээс “А” бөмбөгөө сайн дамжуулж, холбогчийн шийдвэр оновчтой байсан баг нь оноогоо авч байсан. Тиймдээ ч холбогч Жианнелли ДАШТ-ий хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон. Мөн чөлөөт хамгаалагч Фабио Баласо шилдэг хамгаалагчаар шалгарлаа. Өнгөрсөн онд ЕАШТ-д түрүүлэхдээ мөн тус шагналуудыг тэд хамтдаа хүртсэн юм. Товчхондоо жил хүрэхгүй хугацааны дотор тэд тивийн болон дэлхийн АШТ-ий MVP, шилдэг хамгаалагч хоёр болсон нь ихийг өгүүлж байна. 

ТАЛБАЙН <<ЖАНЖИН>> ЖИАННЕЛЛИ

Тоглогчдын хувьд гэвэл мэдээж Симоне Жианнелли супер нь байлаа. Түүнд сайн гэдэг үг багадна. Үнэхээр л сэтгэл зүй өндөртэй, бадрангуй холбогч юм. Хожигдлоо гээд гутарсангүй. Шууд 1:1 болгож тэнцүүлээд цааш нь 2:1 болголоо. Хожоод эхэллээ гээд хөөрсөнгүй. Мөн л тогтвортой байж, тоглолтоо хадгалж 3:1-ээр дуусгалаа. Багийн ахлагч хүн талбайд болон талбайн гадна өөрийн үг, үйлдэл гээд бүх зүйлээрээ багаа удирдан манлайлж чаддаг байх ямар чухал нөлөөтэй вэ гэдгийг яруу тодоор толилууллаа. Ахлагч нэмээд холбогч бол тоглолтын арга барилаараа багаа удирдан хянах боломж хэдэн хувьтай байдгийг, үүнийг яаж ашиглахыг ч бас үзүүллээ.

Түүний ачаар Италийн баг нэгэн зүгт харж, нэгэн цул болон тоглож чадаж байна. Нийт тамирчид тоглолтын турш алдаа бага байж, дураараа, яарсан шийдвэр огт гаргасангүй. Сэтгэл зүйн хувьд <<хүлээсгүй>> тоглож байсан Жианнелли зоригтой шийдэмгий довтолгоо, хууралтуудаар эсрэг багийн хаалт хамгаалалтыг эвдэж байсан. Зарим үед холбогч бил үү, довтлогч бил үү гэж бодмоор. Мөн алдаа багатай, чадварлаг давуулалтуудаар тоо дутуу үед тэнцүүлж, ойр үед салгаж байв. Холболтоороо бол тэр дэлхийн дээд түвшний тамирчин.

Довтолгоо нь багтаа допинг болно

Давуулалт нь дайсандаа дарамт болно

Хаалт нь ханаа гоё босгоно

Хууралт нь хувилбаруудыг нь эвдэнэ

Холболт нь хорыг найруулна

Тэр бол Симоне Жианнелли…

ШИНЭ ҮЕ БА ШИНЭЧЛЭЛ

Итали бол энэ удаагийн ДАШТ-д оролцсон хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Холбогч Симоне Жианнелли 26 настай бол Фабио Баласо (L) 27, Жианлука Галасси 25, Юүри Романо 25, Даниеле Лавиа 22, Алессандро Микиелетто 20 настай. Гарааны тоглогчдоос ганц Симоне Анзани л 30 настай гэхээр маш залуу баг дэлхийн аварга болсон нь онцлууштай.

2016 оны Риогийн олимпын наадамд мөнгөн медаль хүртсэн Италийн хүчтэй багаас ердөө нэг л тоглогч энэ удаагийн багт байсан. Тэр нь одоогийн шигшээ багийн ахлагч, тухайн үед 20 настай байсан Симоне Жианнелли юм. Иван Зайцев, Эмануэле Бирарелли, Османи гээд дэлхийн шилдэг тоглогчидтой, хүчтэй багийг зургаан жилийн дотор бүрэн шинэчилнэ гэдэг Италийн волейболын хөгжил, шинэчлэл, бодлого тун зөв, засаглал нь эрүүл, залуу байгаагийн шинж юм. Тиймдээ ч өнөө цагт Италийн лигийн тэмцээн нэр хүндээрээ дэлхийд тэргүүлж, клубүүдэд нь дэлхийн хамгийн шилдэг тамирчид тоглож байна.

Энэ багийг бүрдүүлж, сүлж найруулан бэлтгээд, гар хөлийг нь <<нийлүүлээд>>, туршлагажуулаад цааш амжилтад хүргэхэд том баг ажилласан. Гэхдээ голлох нөлөөтэй нэгэн эрхэм бол багийн ахлах дасгалжуулагч Фердинандо Де Жиоржи. Тэрээр 2021 оны олимпын дараа Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг авсан. Улмаар өөрийн бүрдүүлсэн шинэ залуу багаа жил хүрэхгүй хугацааны дотор тивийн болон дэлхийн аварга болгож чадлаа.

Фефе (хоч нэр нь) өөрөө тамирчин байх үедээ 1990, 1994, 1998 онуудад дараалан гурван удаа дэлхийн аварга болж байсан шилдэг холбогч. Улмаар дөрвөн удаа дэлхийн аварга болсон анхны Итали хүн болж байна. Мөн волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-д тамирчны болоод дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн анхны эрхэм болсон нь гайхалтай. Урьд өмнө ийм амжилт огтоос байсангүй. Олимпын гурван удаагийн аварга, АНУ-ын алдарт тамирчин Карч Кирали дасгалжуулагч болоод эмэгтэйчүүдийн багаа олимпод түрүүлгэсэн амжилт л нөгөө талд байна. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол гээд багийн спортын төрлүүдэд холбогч, найруулагчийн байрлалд тоглодог тамирчид хожим сайн дасгалжуулагч болдгийн өөр нэгэн тод жишээ.

Шигшээ баг гэдэг бол сайн тамирчдын цуглуулга биш байдаг. Эхлээд дасгалжуулагчаа сонгоод дараа нь өөрийн болон өрсөлдөгч талуудын судалгаа шинжилгээгээ хийж, багтаа тохирох хамгийн зөв тоглолтын арга барилыг олно. Ингээд дасгалжуулагчийн гаргасан тэрхүү загвар, тактикт тохирох хамгийн шилдэг тоглогчдыг дуудаж нэгтгэснийг шигшээ баг гэх юм. Тэрнээс оддын цуглуулгаа шигшээ баг гэж ойлговол насаараа хүлээгээд ч амжилт ирэхгүй болов уу.

Жишээ нь манайд энэ байдал таг эсрэгээрээ хэрэгждэг. Эхлээд сайн гэсэн тоглогчдоо шигшээдээ дуудаад цуглуулчихна. Дараа нь дасгалжуулагчаа томилж байх жишээтэй. Энэ бол том дутагдал бас хоцрогдол. Боловсон хүчин алга. Мэргэжлийн хандлага ч алга.

Дэлхийн хаана ч тамирчид бие биедээ ч тэр, дасгалжуулагчдаа ч тэр дуртай, дургүй байх нь олон янз. Фефе бол тамирчдынхаа гарал угсаа, харилцаа хандлага, боловсрол, сахилга бат, суурь хүмүүжил гээд бүгдийг харж багаа бүрдүүлсэн. Багтаа тохирох залуу тоглогчдоо нэг үгээр хэлбэл эвдрээгүй байхад нь нэгтгэж авч эртлэн хөдлөөд одоо үр дүн нь гарч байна. Багийн лидер хэн бэ, хэнийг сонсох вэ, хэн удирдах вэ, хэний тоглолт болохгүй үед хэн яах вэ, хэн нь илүү тоглож байх үед яах вэ гээд бүх зүйл нь тодорхой. Ямар ч нөхцөл байдалд бэлэн, айж сандрах зүйлгүй, хүлээцтэй тогтвортой. Тэгсэн хэр нь бүгд өөрсдийн гэсэн орон зайдаа эрх чөлөөтэй, хүлээсгүй тоглоно. Өөрөөр хэлбэл гэрийн даалгавраа 100 удаа хуулаад биччихсэн, <<ирлэсэн тонгорог>> шиг баг байлаа.

Ийнхүү ДАШТ Польшийн Катовиц, Гливиц, Словенийн Любляна хотуудад 17 өдрийн турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. 2022 оны, 20 дахь удаагийн ДАШТ-д 20 гаруй настай Итали залуус тод гялалзаж, том мэдэгдэл хийн түрүүллээ. Италичууд салхи эргүүллээ…

Тэмцээний шилдэг тоглогчид:

MVP - Симоне Жианнелли (Итали)

Шилдэг холбогч - Симоне Жианнелли (Итали)

Шилдэг довтлогч - Ёанди Леэл (Бразил), Камил Семениюк (Польш)

Шилдэг өндрийн довтлогч - Бартош Курек (Польш)

Шилдэг хаагч - Матеуш Биениек (Польш), Жианлука Галасси (Итали)

Шилдэг хамгаалагч - Фабио Баласо (Итали)

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Италичууд салхи эргүүллээ…  
Үзсэн: 3095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй