Шууд Chart

Монголын эдийн засагт өндөр инфляц болон нам түвшний өсөлт 2022 онд хадгалагдахаар байна

2022-09-21 18:17:11

Азийн Хөгжлийн Банкнаас эрхлэн гаргасан эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляц болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой байна.

Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) 2022 шинэчилсэн тайланд тусгаснаар 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3 хувийг бууруулж 1.7 хувьд, ирэх оны төсөөлөл 5.6 хувийг мөн бууруулж 4.9 хувь болгосон байна. Энэ нь худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцын улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой байлаа.    

“Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч, ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “инфляц өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсч байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэж онцлон тэмдэглэв.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад хязгаарлалт илүү удаан хугацаанд үргэлжилснээс гадна ОХУ-Украйны дайны нөхцөл байдал ужгирч байгаа нь гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ, түүгээр дамжиж дотоодын үнийн түвшин эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болгож, аж үйлдвэрлэлийн салбар болон бизнесийн хүлээлтийг муутгасаар байна.

Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа өмнөх хүлээлтээс хойшлогдлоо. Гэхдээ цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалт, хатуу арга хэмжээг энэ оны 2 дугаар сараас эхлэн цуцалж эдийн засгийг нээсэн, төсөв, мөнгөний бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлсэн нь дотоод эрэлтийг дэмжсэн болно.   

Инфляц огцом өсч сүүлийн 16 сарын турш төв банкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна. Нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсны дотоодын үнийн түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүнс, түлш шатахуун, хэрэглээний барааны импортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалж инфляц өндөр түвшинд хэвээр байна. Импорт огцом өсөх, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах, экспортын түүхий эдийн үнэ буурах зэрэгтэй уялдан төлбөрийн урсгал дансны алдагдал 2022-2023 онд өнгөрсөн 4 дүгээр сарын төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад шинээр хязгаарлалт хийх, экспортын түүхий эдийн үнэ буурах, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах болон мөнгөний бодлого огцом чангарах, тэдгээрийн дотоодын эдийн засаг дахь сөрөг үр дагавар даамжрах, дотоодын санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах зэрэг нь дээрх төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ


Монголын эдийн засагт өндөр инфляц болон нам түвшний өсөлт 2022 онд хадгалагдахаар байна  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй