Шууд Chart

АНУ, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нар уулзлаа

2022-09-25 10:13:49

Өнгөрсөн сард АНУ-ын хууль тогтоогчид Тайваньд айлчилснаас үүдэж, Хятад, Америкийн хооронд хурцадмал байдал бий болоод байсан. Харин Америк, Хятадын гадаад хэргийн сайд нар харилцаа холбооны шугамаа нээлттэй хадгалахын тулд нүүр тулж уулзлаа.

Тодруулбал, НҮБ-ын чуулганы хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр, "Хятадын гадаад хэргийн сайд Хятад Америкийн харилцаа сүүлийн үед ихээхэн муудлаа. Америк өнгөрснөөс сургамж авах нь зүйтэй. Ер нь Хятад, Америк хоёр бол дэлхийн нийтэд, түүхэнд, хоёр ард түмний өмнө асар их үүрэг хариуцлага үүрдэг улсууд, иймээс харилцаагаа тогтвортой байлгах нь хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ, Тайвань бол Хятадын язгуур эрх ашгийн цөмд нь байдаг" гэдгийг тэмдэглэсэн байна.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятадын гадаад хэргийн сайдад Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь амин чухал гэдгийг онцолж, "Нэг Хятад бодлогод баримталдаг АНУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй, Тайваний тусгаар тогтнолыг дэмждэггүй, Америк шинэ хүйтэн дайн өдөөхийг зориогүй" гэж цагаан ордны байр суурийг дахин нотолжээ.

Одоогоор Хятад, Америкийн төрийн дээд түвшинд нүүр тулсан уулзалт хараахан болоогүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх 11 дүгээр сард Индонезид болох 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талт уулзалт хийж магадгүй гэсэн мэдээлэл байгаа.

Гэвч өнгөрсөн сард АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн. Хятадын эрх баригчид Америкийн дээд удирдлагын гурав дахь хүн Тайваньд хөл тавьсан нь Нэг Хятад зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Уг айлчлалын дараа Бээжин Тайваний ойролцоох далай тэнгис болон агаарын орон зайд цэргийн сургуулилт хийсэн. Үүнд АНУ шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нар уулзлаа   
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй